-ТӨР АЛБАН ХААГЧДАА НОХОЙ ШИГ ГУДМАНД ГАРГАЖ БАЙНА-
Н.Алтанхуягийг огцорсны дараа Ч.Сайханбилэг Ерөнхий сайдаар тодроход олон хүн “Арай ч дээ” хэмээн шогширч байсан. Гэхдээ дээрх асуудлыг “Шийддэг нам нь шийдсэн байхад түүнийг буруутгаад яах ч билээ” гээд өнгөрсөн гишүүд олон. Гэтэл сүүлийн үед МАН-ын гишүүдийн зайдагнасан яамдаас 50-60 хүн халагдаж байна гэх мэдээ тасралтгүй үргэлжилсээр. Өмнө нь БОНХАЖ-ын яамны 50 шахам хүн халагдсан. Харин өнгөрсөн баасан гаригт аймаг, нийслэл, дүүргийн Хөдөлмөрийн газрын дарга 31, улсын харьяаны 50 Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн 44, улсын харьяа коллежийн 10 хүн, нийтдээ 85 хүн ажлаа хүлээлгэн өгөх мэдэгдэл хүлээн авчээ. МСҮТ-ийн ажлаа алдаагүй зургаан азтай захирал бол С.Чинзоригийн өмнөх сайд Я.Санжмятавын ажил дээр нь үлдээсэн захирлууд. Халагдаж буй бүх албан тушаалтнууд Я.Санжмятав сайдын томилсон ажилтнууд. Шийдлийн Засгийн газраас тэдний ажлыг шалгах нь бүү хэл, яамны нэг ч ажилтан уулзаагүй аж. Өнөөдөр тэд ажлаа хүлээлгэн өгөх товтой. Намынхаа мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр зүтгэж явсан тэд нэг өдөр ажилгүй болох нь. Тэдэнд ямар нэгэн ажил амлаагүй, дээр нь “түр үүрэг гүйцэтгэгч” гэсэн тодотгол нь гэнэт халагдсаны хэдэн сарын мөнгө авах боломжийг ч хааж байна.
Чадлынхаа хэрээр төрдөө зүтгэчихээд шинэ сайддаа ажлаа үнэлүүлэх нь бүү хэл бараагаа ч харуулж амжилгүй нохой шиг гудманд хөөгдөж байгаа эдгээр албан хаагчид ямар буруутай вэ. Ном журмын дагуу бичиг баримтаа бүрдүүлж өгөөд, зохих сайд нь тушаал гаргаад тэд албандаа орсон. Аль нэгэн байгууллагад жижүүр хийх хүн хөдөлмөрийн гэрээ байгуулаад, ажилд орсон тушаалаа гардаад ажилдаа ордогтой яг адилхан үзэгдэл. Гэтэл тушаал гаргасан нарийн бичиг нэрийн ч юм уу, он сарын ч юм уу алдаа гаргачихаж. Шинэ ирсэн дарга түүнийг нь мэдээд ажлаас халж болох уу. Дээрх албан тушаалтнуудад ийм л юм тохиолдож байна. Тэднийг баталгаажуулах ёстой төрийн нарийн бичиг гэдэг хөөний гар хүнийг баталгаажуулах нь бүү хэл өөрөө ч баталгаажаагүй нөхөр байж. Энэ нь шинэ сайд “хууль биелүүлэх” нэрээр төрийн түшээдийг хоморголон халах шалтаг болсон гэнэ. Одоогийн мөрдөж байгаа хуулиар бол яамны Төрийн нарийн бичгээр ахлуулсан долоон хүн сонгон шалгаруулалт зохион байгуулна. Мэдэгдэл авсан албан хаагчдын үзэж буйгаар ялах этгээдүүд аль хэдийнэ тодорсон. Бүгд МАН-аас тавигдах нь тодорхой аж. Ажлаа алдаж байгаа зарим албан хаагчидтай уулзахад Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, ЗГХЭГ-ын дарга, сайд С.Баярцогттой уулзсан боловч шинэ сайдыг дэмжсэн хариу өгчээ. Тэдэнд сонгон шалгаруулалтад орох боломж бий. Гэхдээ дахин томилогдоно гэдэг итгэл бага. Шүүхээр заргалдах боломжтой ч, 21 хоногийн хугацаанд явагдах сонгон шалгаруулалтад заргалдагч этгээд оролцох боломжгүй аж. Өчигдөрхөн ламтай, намтай, Монгол дахь ажилгүйдлийг устгаж, хөдөлмөрийн зах зээлийг хөл дээр нь босгоно хэмээн зүтгэж явсан эдгээр түшмэд хүнийг бүү хэл өөрсдөө ажилгүй болчихоод сууж байна. Нөгөө сонгуулиар амиа тавьж ах, дүү нартайгаа муудалцан хэдэн төгрөгөө хандивлаж зүтгэсэн нам нь алга. Шударга ёсыг тогтоодог шүүхэд нь ч хандах боломжгүй. Намаа эмтлэн бутарган байж зүтгүүлж Ерөнхий сайд болгосон Ч.Сайханбилэг нь ч нэмэр алга. Дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу гэдэг л дээрх албан хаагчдад тохиож байна. Харамсалтай нь төрийнхөө, намынхаа өгсөн даалгаврыг биелүүлэх гэж хоёргүй сэтгэлээр зүтгэсэн тэдэнд ажил олгогч нь “Гудманд гар” гэдэг тушаал буулгаж байна. Өмнө нь намууд хоорондоо хэмлэлцэж л байсан. Гэхдээ энэ удаагийнх шиг ингэж хахир хатуу, хүйтэн цэвдэг хандаж байсан тохиолдол гарч байсангүй. Ерөнхий сайд Ч.Сайханбилэг МАН-ын сайд нарт яамдыг нь хувьчилж өгөөгүй бол ингэж дураараа дургих учиргүй. Засгийн газар хуулийг хэрэгжүүлэх нь зөв боловч, тэр өөр намын гишүүдийг хэлмэгдүүлэх эрхтэй гэсэн үг биш. Сайд С.Чинзориг өөрөө хууль зөрчсөн нь шүүхээр тогтоогдож байсан нь саяхан. Харин эдгээр албан хаагчид хууль зөрчсөн гэдгийг шүүх тогтоогоогүй байна.
Энэ үйл явдалтай зэрэгцээд “Зөөлөн эх”-ийн гэх тодотголтой хэргийг олон нийт сөхөх болов. 2004 оноос шуугиан тарьсан уг хэрэгт тухайн үеийн НХХ-ийн сайд Ши.Батбаяр болон одоогийн Хөдөлмөрийн сайд С.Чинзориг нарын нэр холбогдож байсныг хүмүүс санаж байгаа байх. Тэр үед С.Чинзориг дэд сайдаар ажиллаж байсан. Төрийн яамнаас Япон руу ажиллах хүч гаргах зөвшөөрөл авсан “Зөөлөн эх” ТББ-ын Б.Цэрэндэжид түүний талийгаач нөхөр хоёрт ажиллах хүч гаргах зөвшөөрөл олгосон атлаа дараа нь ямар ч шалтгаангүйгээр цуцалснаас үүдэн залилан болж хувирч, Б.Цэрэндэжид 8.6 жилийн хорих ял, нөхөр нь 10 жилийн хорих ял сонссон. Шоронд Б.Цэрэндэжидийн нөхөр нас барж гурван хүүхэд нь өнчирч үлдсэн харамсалтай хэргийг монголчууд одоо ч ярьцгаадаг. Гэтэл саяхнаас Хөдөлмөрийн яам Япон руу ажиллах хүч гаргах талаар ажил хэрэг санаачлаад гадагшаа дотогшоо холбоо харилцаа тогтоогоод эхэлсэн сурагтай. Үүнийг сонссон хүмүүс “Дахиад арваад жилийн өмнөх шиг юм болж ямар айл нь гал голомтоо самруулах бол доо” хэмээн болгоомжилж байна.
Хөдөлмөрийн яам гэдгийг энгийнээр ойлговол ард иргэдээ аль болох ажилтай байлгаж, цалин хөлсний захад хүргэхийг хичээдэг төрийн байгууллага гэж ойлгож болно. Гэтэл үзэл бодол, намын харьяаллаар нь хүмүүсийг бөөн бөөнөөр нь ажилгүй болгож байгаа нь Хөдөлмөрийн сайд С.Чинзориг үндэсний эв нэгдлийг хагалган бутаргах, цаашлаад Үндэсний аюулгүй байдлын тухай хуулийн зүйл заалтуудыг ноцтой зөрчиж байна гэж үзэгсэд олон байна. Хөдөлмөрийн сайд энэ үйлдлээрээ Хүний эрхийн түгээмэл тунхаглалыг ч зөрчөөд байгаа аж.
Х.БАТТӨГС
Д.САРУУЛ