Нийслэлийн Хан-Уул дүүргийн 114 дүгээр сургуулийн захирал Д.Ган-Уяатай ярилцсанаа хүргэе.
-Монголын боловсролын байгууллагад таныг хорь гаруй жил ажилласан гэж сонссон. Ажлын гараагаа хаанаас эхэлсэн бэ?
-Тийм ээ, боловсролын байгууллагад 25 жил, сургуулийн захирлаар 15 жил ажиллаж байна. Хүүхдийн байгууллагаас анх ажлын гараагаа эхэлсэн юм. 1989 онд Багшийн дээдийн төв пионерын удирдагчийн анги төгсөөд 18 дугаар сургуульд гурван жил пионерын удирдагчаар, дараа нь түүх, газар зүйн багшаар долоон жил, үндсэндээ 10 жил ажилласан гэсэн үг. Ингээд Удирдлагын академид суралцаж төрийн удирдлагын менежерийн анги, мөн магистрын ангийг төгссөн. Үүний дараа Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газарт боловсрол хариуцсан түшмэлээр нэг жил ажилласан юм. 2001 оноос Хан-Уул дүүргийн П.Энхболдын нэрэмжит 32 дугаар сургуульд захирлын албыг хашиж, өнөөг хүртэл Хан-Уул дүүргийн гурав дахь сургуульд захирлаар ажиллаж байна. Нисэхийн гэх тодотголтой 114 дүгээр сургуульд 2010 оноос захирлын албыг хашиж байна. Манай сургууль гурван ээлжээр хичээллэдэг. Анги танхим хүрэлцээ муутай, гэр хороололд байрладаг. Зориулалтын хурлын заал, биеийн тамирын заал, урлаг заал болон цайны газар, номын сан байхгүй. 720 хүүхдийн хүчин чадалтай сургуульд 1420 хүүхэд хичээллэж байна. Боловсролын шинэчлэлийн үед ачаалал ихтэй сургуулийг авч явна гэдэг тийм амар юм биш ээ, ер нь хүнд ажил шүү.
-Боловсролын салбарт хийгдэж байгаа өөрчлөлт, шинэчлэлийн талаар таны бодол?
-Боловсролын байгууллагад 15 жил ажиллах хугацаанд төр засгийн удирдлагууд солигдоод, боловсролын бодлого чиглэлд өөрчлөлт гарч буйг хэн хүнгүй мэдэж байгаа. Миний захирлаар ажиллах хугацаанд төдийгүй ер нь боловсролын системд ажилласан 25 жилийн хугацаанд Монголын боловсрол багагүй өөрчлөгдсөн. Ялангуяа тогтолцооны шинэчлэл, стандарт агуулгын шинэчлэл хийсэн, одоо чанарын шинэчлэл хийгдэж байна. Маш тогтвортой, хамгийн сайн мэргэшсэн боловсон хүчинтэй, мэргэжлийн тогтвор суурьшилтай удирдах ажилтантай байж боловсролын шинэчлэл амжилттай хэрэгждэг. Үр дүн нь тогтвортой гардаг. Тиймээс боловсролын шинэчлэлтэд нилээн нухацтай, ухаалаг хандах нь зүйтэй болов уу.
-Бусад салбараас илүү боловсролын салбарт хүүхэдтэй ажиллах ямар байдаг вэ?
-Багш нар маань хүүхэдтэй ажиллаж байна. Сургуулийн удирдах ажилтан бол хүүхэдтэй, эцэг эхтэй, багш нартай, мөн олон нийттэй, бусад хүрээний төрийн болон төрийн бус байгууллагуудтай гээд нийгмийн өргөн хүрээнд харилцаж байна.Тиймийн учир оюунлаг, харилцааны чадвар эзэмшсэн, менежмент сайтай, бусадтай хамтарч ажиллаж чаддаг байх чадваруудыг чухалчилж үздэг. Энэ тал манай сургуульд хийгдэж байгаа ажлууд багагүй байгаа. Хан-Уул дүүрэг 16 сургуультай. Тэднээсдүүргийн Засаг даргын санаачилгаар, иргэдийн төлөөлөгчдийн хурлын тогтоолоор “Хүүхдэд ээлтэй Хан-Уул” гэсэн хөтөлбөр хэрэгжиж байна. Энэ хөтөлбөрийн хэрэгжүүлэх түшиц сургуулиар манай сургууль энэ хичээлийн жилээс сонгогдчихсон ажиллаж байна. Хүүхдийг өөрчилж, шинэчлэлтэд хөтлөхөд багш нар ямар үүрэг гүйцэтгэх вэ, багшийг шинэчлэл рүү хөтлөхөд багшийн тархи толгойг цэнэглэх, тэднийг харилцааны соёлтой болгох, хүүхэдтэй ойлголцоход хамгийн оновчтой аргаар яаж удирдаж зохион байгуулах вэ, ямар сургалтанд хамруулах вэ гэх шат дараалсан ажлууд уг хөтөлбөрийн хамгийн гол зорилго юм.
-Та боловсролын салбарт өөр ямар өөрчлөлт, шинэчлэл хийгдээсэй гэж хүсч байна вэ?
-Гол нь боловсролын бодлого тогтвортой байгаасай гэж боддог. Маш оновчтой, хүүхдэд өөрт нь их хэрэгтэй, хүмүүст хэрэгтэй байгаасай. Мөн 12 дугаар анги төгсч гараад их, дээд сургуульд орсон ч байсан, ороогүй ч байсан өөрийгөө нийгэмд аваад явчихдаг, өөрийгөө илэрхийлчихдэг, бусадтай сайхан харилцчихдаг, цаашид өсөн дэвжих сууриа тавьчихсан ямар ч чиглэлээр өөрийгөө хөгжүүлэхчадварыг эзэмшсэн байх нь туйлаас чухал. Тийм л хүүхдийг бүх сургуулиуд бэлтгэж байвал Монголын ирээдүй амжилт олно.
-Боловсролын байгууллагад олон жил ажилласан, ерөнхий боловсролын сургууль удирдаж яваа хүний хувьд асуухад гадны чадварлаг сургуулиудаас авч ашиглаж байгаа туршлага хэр үр дүнтэй байна?
-Боловсролд тэр чигтэй туршилт хийж байна. Кембриж гээд баахан туршсан. Япон, солонгос, австрали төслүүд гээд бид гадны улс орнуудаар их явж, үзэж харж туршаад л байгаа шүү дээ. Гэхдээ Монголынхоо хөрс суурин дээр гадны юм шууд авчирч турших, монгол хүний онцлогт тохирсон, бид ямар онцлогтой юм гэдгийг гаргаж ирэх бол хоёр өөр ойлголт. Монгол хүнийхээ суурь, нутаг орныхоо нөхцөл онцлогт тохирсон боловсролын бодлого, чиглэлийг л гаргавал илүү наалдацтай болно байх. Өнөөдөр зургаан настай хүүхэд сургуульд орж байна. Улаанбаатар хотод зургаан настай хүүхэд сургуульд ороход бол боломжийн байгаа юм. Харин хөдөө орон нутгийн малчин айлын хүүхдийг сумын төв дээр байлгаад сургуульд сургахад эцэг эх нь сумын төв дээр гэр бариад зургаан настай хүүхдээ авчраад амьдардаг юм байна лээ. Дийлэнх нь тийм. Орон нутгийнхан “Энэ их хүндрэлтэй байна, хэцүү байна, цааш нь мэдэгдэж өгөөрэй, хөдөө зургаан настай хүүхэд сургуульд сурах их хүндрэлтэй байна, манай Монголын нөхцөлд их хүнд” гэх саналыг их хэлдэг.
Би яагаад дахин дахин манай сургууль гурван ээлжтэй гээд хэлээд байна вэ гэхээр гуравдугаар ээлжийн хүүхдүүд үдээс хойш 16.00 цагаас хичээллэдэг. Бүхэл бүтэн найман анги дүүрэн 1-5 ангийн хүүхдүүд хичээл хийнэ гэдэг маш хүнд биз дээ. Тэнд 1-5 ангийн хүүхдийн нас бие сэтгэхүйн онцлог ямар билээ, ачааллаа дийлэхгүй. Үүнд зургаан настай хүүхэд бас байгаа. Зургаан настай хүүхэд үдээс хойш дөрвөн цагт хичээллэхэд ямар байх вэ. Гэтэл хотын төвийн сургуульд сурч байгаа хүүхэд, миний яриад байгаа хүндрэлтэй сургуульд сурч байгаа хүүхэд бол шал өөр. Амьдрал нь өөр, идэж ууж байгаа юм нь өөр, орчин нөхцөл нь өөр. Ийм учраас бид гадны өндөр хөгжилтэй улс орноос авах зүйлээ аваад, улс орныхоо нөхцөл онцлогт тохирсон бодлогыг хэрэгжүүлбэл илүү үр дүнтэй, үлдэцтэй. Ахлах ангийн боловсролын шинэчлэлийн хүрээнд 11,12 дугаар ангид нь жинхэнэ мэргэжил олгох, амьдрах чадварыг илүү гүнзгийрүүлж заах тийм нөхцөл бололцоог бүрдүүлж тэр чиглэлээр мэргэшүүлэх ёстой байхгүй юу. Тэгтэл манайд тэр орчин нөхцөл нь бүрдээгүй байна. ЕБС-ийн шинэчлэл хийхэд оюуны талаас буюу боловсон хүчний талаас хийгдэж болж байна. Хамгийн гол нь материаллаг орчныг оновчтой болгох, сайжруулах талаар төр засаг нилээд юмыг хийж байж л энэ ажил илүү үр дүнтэй болно.
-Сүүлийн үед багш сурган хүмүүжүүлэгчдийн чадвар их муу байна, ЕБС төгсөгчид сууж ч сураагүй төгсөж байна гэх асуудлуудих яригдаж байна. Энэ тал дээр таны бодол?
-Нэг хэсэг нэгдүгээр ангиас уйгаржин монгол бичиг заасан. Өнөө л боловсролын шинэчлэл гээд. Тэр хүүхдүүд чинь одоо 22, 23-тай болж байгаа. Одоо яг тэр хүүхдүүд их, дээд сургууль төгсөөд багш болъё гээд ирж байна. Өргөдөл бичихээр гурван өгүүлбэр дотор бол элбэг таван үг алдаатай бичдэг. Энэ бодлогын алдаа гээд хэлчихвэл буруу л болох байх даа. Системийн бодлогыг зөв хэрэгжүүлэхгүй болохоор ийм алдаа гараад байна. Боловсрол чинь өөрөө маш тогтвортой, шинжлэх ухааны үндэслэлтэй, чадварлаг боловсон хүчнүүдтэй байх хэрэгтэй. Тэдгээр боловсон хүчний авдаг цалин хүртэл сайн байх хэрэгтэй. Тийм байж илүү үр дүнтэй болно. Би бол дөнгөж төгсөж ирээд 1989 онд 600 төгрөгийн цалин авдаг байсан. Тэр үедээ хамгийн өндөр цалин. Тэр үед хүмүүс багш болон, багш болчихсон байхад бүх юмандаа хүрдэг гэж боддог байсан.
ЕБС төгсөөд хамгийн өндөр оноо авсан, хамгийн сайн хүүхэд багшийн сургуульд ордог байсан. Яагаад гэвэл багш нарын цалин сайн байсан учраас, багш нарын амьдрал баталгаатай байсан учраас. Одоо багшийн цалин бага. Дунджаар 520 мянган төгрөг л байна. Инженерээр төгсөөд нэг барилгын салбарт ажиллаад хоёр, гурван саяын цалин авч байгаа. Таван толгойн уурхайд очоод хэдэн сая төгрөгийн цалин авч байна. Өнөөдөр үнэндээ багшийн хөдөлмөр эрхлэх үү, уурхайд ажиллах уу гэвэл уурхай руу л явна. Уурхайн нөөц барагдана, шавхагдана. Багш гэдэг хүн чинь мөнхийн оюун ухаанд хөрөнгө оруулалт хийж байна. Хүнийг мөнхөд хөгжүүлж, хүн болох суурийг тавьж өгдөг. Хамгийн шавхагдашгүй нөөц бол хүний нөөц. Монгол Улсаа хөгжүүлье гэвэл оюунлаг иргэдийг бэлтгэдэг багшийнхаа асуудлыг өндөрт тавьж байж шинэчлэл эхэлнэ. Ер нь боловсролын шинэчлэл гэдэг багшаас эхэлнэ. Багш өөрөө оюунлаг, амьдрал нь баталгаатай байхад боловсрол аяндаа хөгжинө.
Б.МАРАЛМАА