Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрын уран бүтээлчид шинэ улирлын нээлтээ өнөөдөр /2017.10.07/ дэлхийн дуурийн урлагийн гранд “Аида” дууриар нээх гэж байна. Энэхүү дуурийг Монголын тайзнаа анх найруулан тавьж байсан ОХУ-ын гавьяат жүжигчин А.П.Чепурной удирдан тоглуулах юм байна.
Дэлхийн дуурийн урлагийн ноён оргил “Аида” дуурийг Ж.Верди 1871 онд Египетийн хааны хүсэлтээр шинэхэн дуурийн театрын нээлтэд зориулан бичжээ. Верди Францын египет судлаач Огюст Мариеттад хандан түүхэн эх бичүүлж авсан бөгөөд Мариеттийн хэлснээр үйл явдлыг Фараоны үеийн бодит явдлаас сэдэвлэсэн гэх боловч он цагийг тодорхой хэлээгүй байдаг. Фараоны хаанчлал МЭӨ 5004 оноос МЭ 381 он хүртэл үргэлжилсэн байх тул үе үеийн үзэгчид цагийг эзэлсэн фараонууд, тэдний их эзэнт гүрний тухай том төсөөллийг энэ дууриас авдаг билээ.
Верди Мариеттаас авсан дөрвөн хуудас түүхээ франц найз Камилль Дю Локлийн хамт дөрвөн бүлэгт цомнол болгоод италийн яруу найрагч Гисланцонийн хамт итали хэлэнд хөрвүүлэн, үйл явдлыг дэлгэрүүлж, өрнүүлэн, өөрөө цөөнгүй тооны шүлгийг италиар бичиж өгсөн байдаг. Тэрээр зохиолчдодоо өндөр шан харамж төлж, өөрөө ч мөн цомнолыг төгс болгохын тулд ихээхэн хөдөлмөрлөсөн бөгөөд хөгжмийг бичихэд харин ердөө дөрвөн сарын хугацаа зарцуулжээ.
Ингээд 1871 оны зул сарын өмнөх өдөр Каирын театрт анх тавигдсан “Аида” толгой эргэм амжилт олж, тэр өдрөөс хойш дэлхий дахины сонгодог театр бүрийн урын санд заавал ордог гайхамшигт дуурь болсон байна.
Үйл явдлын цар хүрээ, далайц, том найрал дуу, том марш, хөгжмийн том бүрэлдэхүүн, агуулга гээд францын “их дуурийн” онцлог бүрийг асар хурц зөрчил, өрнөл, тэмцэл бүхий шүлэг, төгс төгөлдөр ари, дуэт, чуулга, найралтай хослуулан тавьснаараа хөгжмийн зохиолч энэхүү дуурийг дэлхий дахинаа хүлээн зөвшөөрөх өндөр түвшинд хүргэж чадсан юм. Сонирхолтой нь тэрээр хөлсөнд авсан мөнгөнийхөө ихээхэн хэсгийг Парисын бүслэлтэд байсан энгийн иргэдэд хандивласан байдаг. Энэ үйлдэл нь түүнийг шударга ёсны төлөө тууштай тэмцэгч гэдгийн бас нэгэн баталгаа бөгөөд “Хүн бүр аз жаргалтай байх эрхтэй” гэсэн суут Вердийн уриа “Аида” дуурьт ч мөн тод илэрдэг билээ.
Ийнхүү Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрын хамт олон 55 дахь тоглолтын улирлын нээлтээ 140 гаруй жилийн түүхтэй “Аида” дууриар нээж байна.