ХӨСҮТ-өөс томуу ба томуу төст өвчний нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө.
ХӨСҮТ-ийн Томуугийн үндэсний нэгжийн халдвар судлаач эмч Ч.Уртнасан “Улсын хэмжээнд томуу, томуу төст өвчины тархалт дэгдэлтийн буюу улаан түвшинд байна. Амбулаторийн нийт үзлэгийн 14 орчим хувийг томуу, томуу төст өвчин эзэлж байна. Нийт эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа хүмүүсийн 38 орчим хувь нь амьсгалын замын цочмог хүнд халдварын шалтгаантай байна. Энэ дээрээс өвчлөлийн нөхцөл байдлыг харахад өмнөх долоо хоног болон өнгөрсөн оны мөн үеэс өвчлөл нэмэгдсэн үзүүлэлт ажиглагдаж буй. Мөн энэ жилийн тухайд өвчлөлийн хувьд хүндрэл ихтэй, орны ачаалал 2-3 дахин нэмэгдсэн. Насны хувьд авч үзвэл нийт томуу томуу төст өвчний 75 орчим хувь нь 15 хүртэлх насны хүүхдүүд байна. Энэ дотроо тав хүртэлх насны хүүхдүүд 40 орчим хувийг эзэлж байна. Түүнчлэн амьсгалын замын цочмог хүнд халдвартай гэх оношоор хэвтэн эмчлүүлж байгаа хүмүүсийн 80 орчим хувь нь 15 хүртэлх насны хүүхдүүд эзэлж байна. Нийслэлийн хэмжээнд 2300 орыг дэлгэн ажиллуулж байна. Мөн Эрүүл мэндийн яамны харьяа эмнэлгүүдэд нэмэлтээр ор дэлгэн ажиллаж байна” гэлээ.