Өчигдөр болсон “Мөнгөн шөнө” шинэ жилийн баярын арга хэмжээний үеэр иргэдийн аюулгүй байдлыг хангахаар цагдаа, түргэнийхэн ажилласан. Баярын арга хэмжээ ямар нэгэн зөрчилгүй болсон ба нийслэлчүүд өмнөх жилүүдийг бодвол харьцангуй тайвнаар шинэ оноо угтсан байна. Нийслэлд аваар осол, зөрчил дутагдал бага тайван байсныг хотын шуурхай удирдлага, зохицуулалтын төвөөс мэдээлэв. Урьд шөнө бага зэргийн цас орсон ч хотын төвийн зам болон хот орчмын даваа гүвээг ТҮК-ийн ажилчид цаг тухайд нь цэвэрлэж, давс, цас хайлуулагч бодис цацсан байна. Харин нийслэлийн дагуул хот Налайхад шинэ оны баяраа тэмдэглэж архидан согтуурсны улмаас хоёр иргэн нэг дор нас барсан хэрэг гарсан байна. Хэргийг цагдаагийн байгууллага шалгаж эхэлжээ.