Categories
мэдээ нийгэм

Ховд аймгийн малчин угаартаж амиа алджээ

Ховд аймгийн хэмжээнд угаарын хийнд хордсон гэх дуудлага 2019 онд нэг бүртгэгдсэн. Харин 2020 онд бүртгэгдээгүй. Гэвч 2021 оны хоёрдугаар сарын 01-ний өдөр угаарын хийнд хордсон нэг тохиолдол бүртгэгдсэн гэж холбогдох мэргэжлийн байгууллагаас мэдээллээ.

Тодруулбал, Ховд аймгийн Үенч сумын Нарийн гол багийн малчин Н эхнэрийн хамт угаартсан байна. Тус малчин өрх сумынхаа төвөөс 10 орчим км зайд амьдардаг байв.

Ховд аймгийн Үенч сумын Эрүүл мэндийн төвийн анхан шатны тусламж үйлчилгээний баг 2021 оны хоёрдугаар сарын 01-ний өдөр 15:00 цаг орчимд дуудлага хүлээн авч, шуурхай ажиллажээ.

Тус багийнхан очиход тухайн малчин, эхнэрийн хамт гэртээ осгосон байдалтай, зуухны яндангийн сойлтыг шахсан байсан. Эмч нар газар дээр нь үзлэг хийснээр нөхөр нь нас барсныг тогтоожээ. Харин эхнэр нь ухаангүй байдалтай байсан аж. Улмаар түүнийг сумын төвийн эмнэлэгт хүргэж, шаардлагатай эмчилгээ хийжээ. Эхнэрийн биеийн байдал сайжирч байгаа гэв.

Албаны эх сурвалжийн мэдээлснээр зуухнаас нь хэд хэдэн чулуу гарч ирсэн. Тус сумын хэсгийн төлөөлөгчид үзлэг шалгалтын ажиллагааг үргэлжлүүлэн хийж байгаа гэнэ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *