Ховд аймгийн онцгой комиссоос өнөөдөр /2021.03.31/ цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
Энэ үеэр Онцгой байдлын газрын дэд дарга, дэд хурандаа Г.Нэргүй “Гуравдугаар сарын 30-нд 94 хүний сорьцонд PCR шинжилгээ хийхэд, долоон хүнээс халдвар илэрч, аймгийн хэмжээнд нийт батлагдсан тохиолдлын тоо 12 боллоо.
Голомтын бүс болох 72, 62, 52 дугаар айлын орон сууцны оршин суугчдыг шинжилгээнд хамруулахаар явуулын хоёр цэгийг байгуулсан.
Үүний хүрээнд 431 иргэнээс түргэвчилсэн оношлуураар шинжилгээ авахад гурван иргэний хариу эерэг гарсан. Эдгээр иргэний эцсийн хариуг PCR шинжилгээгээр баталгаажуулахаар ажиллаж байна. Аймгийн хэмжээнд ойрын хавьтал 281 хүн, тусгаарлах байранд 61, гэрийн ажиглалтад 435 иргэн байна.
Ховд аймгийн Жаргалант сумын хэмжээнд тээврийн хэрэгсэл болон иргэдийн хөдөлгөөнд бүрэн хязгаарласан байгаа. Мөн тус сумын Засаг даргын захирамжаар халдвар илэрсэн орон сууц орчмын хөдөлгөөнийг түр хязгаарласан” гэв.
Аймгийн хэмжээнд дөрөвдүгээр сарын дундуур вакцинжуулалт эхлэх урьдчилсан мэдээлэл байна. Эхний ээлжинд эрсдэлтэй бүлгийн иргэдээ вакцинжуулна.