Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд 14 хоног тутамд иргэдтэй хийдэг уулзалтаа Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн “Драгон” салбарт хийлээ. Хотын даргатай уулзах хүсэлт, өргөдлөө ирүүлсэн иргэдийн төлөөлөл болон нийслэлийн Засаг даргын Тамгын газар, нийслэлийн харьяа агентлаг, газар, төрийн өмчит үйлдвэрийн удирдлагууд уулзалтад оролцсон юм.
Хотын даргатай уулзсан иргэд нийтийн эзэмшлийн зам талбай, ашиглалт, зөвшөөрөлгүй барилгын асуудал, нийслэлийн төрийн үйлчилгээний ажилд иргэд, аж ахуйн нэгжийн оролцоо, дулаан цахилгаан, өвөлжилтийн бэлтгэл, СӨХ-ны зэрэг асуудлыг хөндөж ярилцлаа. Тухайлбал, БГД-ийн 11-р хорооны иргэн Р.Бямбадулам “Би Баянгол дүүргийн 11-р хороонд амьдардаг. “Гэр хорооллыг орон сууцжуулах төсөл”-ийн анхны орон сууцны оршин суугч. Бид 2013 онд уг байранд орсон. Тухайн үедээ халуун хүйтэн ус, дэд бүтэц шийдэгдэнэ гэж байсан. Санаачлагч нь тухайн үеийн Засгийн газар. Гэтэл одоог хүртэл халуун усгүй, төвийн дулаанд холбогдоогүй, дэд бүтэцгүй, лифтгүй, зутруухан амьдарч байна. 2008 оноос хойш одоог хүртэл энэ асуудлыг шийдээгүй. Тиймээс хотын даргатай уулзаж, энэ асуудлаа тавьж байна” гэсэн юм.
Мөн “ТЭСО” корпорацийн дэд захирал Б.Алтангэрэл хотын даргатай уулзах үеэрээ “2 дугаар цахилгаан станцаас урагш 36 аж ахуйн нэгж байрладаг. Тухайн хэсгийн зам эвдрэл гэмтэл ихтэй. Зам засагдахыг хүлээвэл хугацаа их шаардахаар байгаа учраас компаниуд өөрсдөө нийлээд тавих хүсэлтэй байна. Харин үүнийг татварын хөнгөлөлтөөр, эсвэл ирэх оны төсөвт суулгаж, шийдвэрлэх боломж бий эсэхийг мэдэхээр хотын даргатай уулзаж байна” гэлээ.
Энэ мэтчилэн иргэд хотын даргад өөрсдийн тулгамдсан асуудлаа танилцуулж, шийдвэрлэж өгөхийг хүслээ. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд, Иргэдийн тулгамдсан асуудлуудад анхаарал хандуулж, шийдвэрлэж өгөхийг холбогдох газар, албадад үүрэг болголоо. Тухайлбал, телевиз орчмын орон сууцны айл өрхүүд дахин төлөвлөлтөөс үүдээд одоо хүртэл дулаанаа авч чадалгүй хохирч байгаа асуудалтай танилцаж, ажлын хэсэг байгуулж, шийдвэрлэхээр болов. Мөн СӨХ-ны асуудлыг шалгаж, шийдвэрлэхийн тулд ажиллах болно гэсэн юм.
Хотын дарга иргэдтэйгээ нүүр тулан уулзаж, тулгамдсан асуудлыг шийдэж, шийдэх гарц олохын төлөө ажиллаж байгаад иргэд талархаж байна. Нэг удаа уулзаад өнгөрөх биш асуудлыг хэрхэн шийдсэн мэдээллээ хотын даргад ирүүлэхийг холбогдох албаны дарга нарт үүрэг болголоо гэж .