– ЭХ ОРОНДОО БИДНИЙ ОЧООГҮЙ СУМ, ТОГЛООГҮЙ ТОСГОН ГЭЖ БАЙХГҮЙ –
Гэрэл зургийг Ц.МЯГМАРСҮРЭН
Зуун дамжин түмэн олныхоо сонорыг мялааж, тэдэндээ хүндлэгдэж, хайрлагдана гэдэг уран бүтээлч хүний хувьд ховорхон хувь тохиол биз ээ. Энэ л хувь заяаг дааж яваа эрхэм уран бүтээлчдийг бид энэ удаад “Танайд өнжье” буландаа урилаа. Тэд бол хос ятгын эгшиг, дуу хуураар түмнээ уяраасаар яваа Монгол Улсын гавьяат жүжигчин С.Вандан, Д.Дуламсүрэн нар билээ.
Эхлээд бид тэдний ажилладаг Төв аймгийн “Монгол туургатан” театрт уулзахаар цаг тохирсон юм. Театр луу ороход нэг давхрын баруун талаас ятгын аялгуу эгшиглэсэн тул бид эргэлт буцалтгүй тийш зүглэв.
Төрийн хошой шагналт, Ардын жүжигчин Б.Дамдинсүрэнгийн нэрэмжит “Монгол туургатан”театр шинэ байртай болоод тун удаагүй байгаа аж. Гавьяатууд будаг нь ханхалсан шинэхэн театртаа төвхнөж л байна даа гэсэн юм. Тэдний өрөөнд хос ятга, тайзны хувцас, гутал, хэрэгслүүд гээд урлагийн хүнд хэрэгтэй бүгд байх аж. Мөн дээрээс нь хуучны маш олон захидал, тэмдэг, жуух бичгийг ширээн дээрээ эгнүүлэн өржээ. Нүүдэл суудал хийх үедээ тэдгээр тун нандин зүйлсээ олж ил гаргасан нь энэ юм байна. Тэднийг хүмүүс анх нэг гэр бүлийн хүмүүс гэж мэддэггүй байжээ. Тиймдээ ч ид мандаж яваа залуухан дуучдад өдөж сөдсөн хайрын захидал цөөнгүй ирдэг байсан гэнэ. Эхэндээ ч хайрын захиа ирэхэд эмзэглэж бие биенээсээ нууж байж. Харин сүүлдээ нийлж байгаад л уншчихдаг болжээ. Харин тэдний сэтгэлд тодхон үлдсэн нэгэн захианд “Нөхөр бид хоёр тоглолтыг чинь үзсэн юм. Тухайн үед бид хоёр ширүүхэн маргалдчихсан байлаа. Эхлээд бид хоёр үзэгчдийн суудлын хоёр талд сууж байв. Тоглолтын дундуур бие биерүүгээ нэг нэг суудлаар ахисаар л байсан. Харин тоглолт дуусахад яг зэрэгцээд суучихсан, алга ташаад сууж байсан шүү. Та хоёрын тэр сайхан дуунууд, ятгын аялгуу, бие биерүүгээ харж байгаа харц чинь бид хоёрыг бодлоо өөрчлөхөд хүргэсэн. Одоо бид хоёр хамтдаа, аз жаргалтай байгаа” гэж бичсэн байжээ. “Ер нь ятгын аялгуу хүний сэтгэлийг их зөөллөдөг юм шүү дээ. Энэ тухай өгүүлсэн домог, хууч яриа ч байдаг.
Бид хоёрыг ч энэ сайхан хөгжмийн ая эгшиг учруулж, 40 гаруй жил ханилжээ. Амьдрал сайхан шүү” хэмээн Д.Дуламсүрэн мишээл тодруулан суулаа. Ийнхүү бид тэдний урлагийн замд хэдийнээс орсон мөн амьдрал, урлагийн замд хэрхэн дөрөө харшуулах болсон талаар яриагаа өрнүүлсэн юм. С.Вандан “Би Төв аймгийн Угтаалцайдам сумын уугуул. Сумынхаа Ар асгат гэх газар төрсөн. Аав, ээж минь малчин удмын л хүмүүс. Өвөө минь Угтаалцайдам сумын нэгдлийн анхны дарга байлаа. Сумынхан минь андахгүй мэднэ. Гэхдээ миний бага нас Лүн суманд өнгөрсөн. Учир нь манайх намайг их багад Лүн сум руу нүүсэн юм. Харин миний урлагт холбогдсон түүх минь Ардын армийн 123 дугаар ангийн клубээс эхтэй. Урлагт орох замыг минь эхлүүлсэн уг клубтээ очиж дуу хуураа өргөх тун дуртай байдаг юм. Цэрэгт татагдсан жилээ буюу 1973 оны намар ангийнхаа урлагийн үзлэгээр “Алдрайхан чи минь” хэмээх дууг ардын хөгжмийн цөөхүүл дээр дуулж байлаа. Манай цэргийн анги урлаг, спортын тэргүүний анги байсан. Бид хот, хөдөөгийн анги салбаруудад очиж тоглолт хийнэ. Энэ үеэс л би урлагт шимтэн орсон. Намайг 1976 онд цэргээс халагдахад Төв аймгийн Соёлын ордонд дуучнаар ажиллах томилолт өгсөн. Тэр үеэс эргэлт буцалтгүй урлагийн замд орсон доо. Миний төрсөн эцэг Шагдарсүрэн гэж хүн байсан. Мэдэх хүмүүс нь шахмал хоолой Шагдарсүрэн л гэцгээдэг. Маш бүдүүн хоолойтой учир тэгж нэрийдсэн хэрэг. Хөөмийлдөг, сайхан дуулдаг хүн байж. Дуулсан дуунууд нь радиогийн алтан фондод хадгалаастай байдаг юм. Дуулаад зогсохгүй Ажилчдын клуб зэрэгт эрхлэгчээр ажиллаж байсан юм билээ. Ж.Бадраа, С.Цоодол тэргүүтэй урлагийн луухгаруудтай нөхөрлөдөг хүн байсан гэдэг. Миний урлагийн хүн болсон нь аавын минь дундаршгүй энэ авьяас билигээс эхтэй гэж боддог доо” гэв.
Д.Дуламсүрэн гавьяатын хувьд мөн багын л дуулж, бүжиглэх авьяастай сэргэлэн цовоо охин байж. Түүгээр ч зогсохгүй мандалин, шанз хөгжмийг сонсголоороо сурчээ. Энэ нь ч түүнийг аймгийнхаа Соёлын ордны өндөр босгыг алхах боломжийг нээж өгчээ. “Би багаасаа л дуучин болох юмсан гэж мөрөөддөг байлаа. Миний хувьд Төв аймгийн Бүрэн сумын хүн. Би эхээсээ 11-үүлээ. Миний ээжээс 10 хүү, ганц охин төрсөн юм. Би Бүрэн сумынхаа дөрвөн жилийн сургуулийг төгсөөд, одоогийн Баян-Өнжүүл суманд долдугаар анги хүртлээ сурсан. Тухайн үед манай ангийнхан бүгдээрээ илгээлт авч мал дээр гарсан юм. Яг тэр үед миний ах МУИС-ийг төгчихөөд Лүн суманд багшаар очсон. Би ч хөдөө гаралгүй ахдаа туслахаар Лүн сум руу явлаа. Ахынхаа хоол ундыг бэлдэж өгөхийн сацуу Худалдаа бэлтгэлийн ангийн цайны газарт кассчин хийдэг байсан юм. Улмаар 1974 оны тавдугаар сард Лүн сумаас Бүх ард түмний урлагийн үзлэгт шалгарч, аймгийнхаа Соёлын ордонд хөгжимчнөөр орсон түүхтэй” хэмээн тэрээр өгүүлсэн.
С.Вандан 1976 онд Төв аймгийн Соёлын ордонд томилолт өвөртлөн ирсэн тэр үеэсээ хойш том алаг нүд, урт хархан гэзэгтэй Д.Дуламсүрэнд татагдаж эхэлжээ. Энэ нь ч Д.Дуламсүрэнд “Чи ганцхан хөгжимчин хийгээд зогсохгүй дуулж ч чадна” гэж итгэл өгөх нэг шалтгаан нь болсон хэрэг. Улмаар Д.Дуламсүрэн С.Ванданд ятга зааж өгч, мөн түүний дуулах арга туршлагаас хуваалцаж эхэлсэн байна. Ийнхүү тэд 1977 онд гэр бүл болж улмаар хамтран ятгатай дуулах болсон аж.
Д.Дуламсүрэн “Хамгийн анх С.Вандан маань ганцаараа ятгатай дуулдаг байсан юм. “Отрын адуучин” дууг ятгатай дуулсан нь ард түмэнд их сайхан хүрсэн. Д.Дуламсүрэн гэх хүнийг олонд таниулсан уран бүтээл нь “Вансэмбэрүү цэцэг” дуу минь гэж боддог. Харин бид хоёр Д.Содномдоржийн үг, Ц.Чинзоригийн аялгуу “Учран золгохын ерөөл” хэмээх дууг дуулж хамтдаа тайзнаа гарч байлаа.Үүний дараа бид хоёрын нэрийн хуудас болж ард түмэнд таниулсан сайхан уран бүтээл бол “Ханьсах заяа” дуу минь юм.“Гайхмаараа” дууны аялгууг зохиосон Урлагийн гавьяат зүтгэлтэн З.Батсүх ая данг нь тааруулж, Ц.Даваадорж шүлгийг нь тэрлэсэн” гэлээ. “Би МУГЖ Д.Банзрагчийн анхны шавь. Багш маань надад “Чи намайг дуурайж дуулаад хэрэггүй. Амьд хүнийг дуурайж дуулаад амжилтад хүрдэггүй. Чи өөр хэв маягаар дуул. П.Адарсүрэн, Г.Түмэндэмбэрэл нарын завсраас нэг өнгө гарга. Би чамд зохих хэмжээний дасгал сургуулилтыг нь хийлгэе” гэж хэлж байсан. Би өглөө болгон Ардын дуу бүжгийн чуулгад очиж дасгал хийнэ. Одоо бодоход хүсэл сонирхлынхоо төлөө их л тэмүүлдэг байж дээ. Багш маань ч намайг ятга хөгжим сурах хэрэгтэй гэж зөвлөдөг байв. “Одоо үед эрэгтэй хүн ятгатай дуулж байгааг би л лав хараагүй” гэж хэлж байсан. Хамгийн анх Хөвсгөл аймгийн Соёлын ордныхонтой хамтран хийсэн тоглолтод ятгатай дуулах боломж олдож билээ. Нутгийнхан минь ч их сайхан хүлээж авсан. Бэлдсэн ганц дуугаа гурван удаа дуулсан даа. Дараа нь “Отрын адуучин” дуугаа Монголын радиод бичүүлсэн юм. Багш минь л намайг урамшуулж, радиод бичүүлэхэд хүртэл тус дэм болсон хэрэг. Тухайн үед радиод дуу бичүүлэх боломж олдоно гэдэг тэнгэрээс од шүүрсэнтэй л дүйцэхүйц байв. Ингээд радиод долоо хоногийн турш дөрвөн дуу бичүүлж байлаа” хэмээсэн юм.
Тэд “Ханьсах заяа” дуугаа дуулсныхаа дараа тоглолт хийхээр шийджээ. Тухайн үеийн Соёлын ордны уран бүтээлчид яамны гаргасан маршрутын дагуу нүсэр бүрэлдэхүүнтэйгээр аялан тоглолт хийдэг, энэ ч бүр жишиг болон тогтчихсон байж. Тиймдээ ч хоёр хүний тоглолт хийнэ гэх санаа нь төдийлөн дэмжигдэхгүй, үзэгчид ч ойшоохгүй байсан аж. Гэсэн ч хоёулаа хамтдаа тоглолтоо хийнэ гэх хүсэл зориг нь тэднийг хоргоосон хэвээр. Ийнхүү тэд 1979 онд “Ардын ая дуу” тоглолтоо хийж чаджээ. Энэ талаар Д.Дуламсүрэн “Анх хүмүүс “Хоёр хүний тоглолт гэж юу байдаг юм” гээд үздэггүй байлаа. Бид хоёр 19:00, 21:00 цагт тоглоно гээд л зарлал гаргачихна. Эхэндээ 19:00 цагийн тоглолтод тун цөөхөн хүн ирдэг байсан. Харин 21:00 цагийнхад нь дүүрэн үзэгчидтэй болчихдог сон. Сүүлдээ аймгуудын Соёлын ордон, театруудаар тоглолт хийе гэхэд “Та хоёрын тоглолтыг хийлгэчихвэл үзэх хүн нь ихдээд хаалга үүд эвдчих байх” гээд хүлээж авдаггүй тохиолдол ч байсан. Нэгэн бодлын ард түмэндээ үнэлэгдэж, хүрээлэгдэж явж дээ. Ингэж л Төв аймгийн минь Соёлын ордноос бид хоёрын ажил амьдралын гараа сайхнаар эхэлж байлаа. Хүүхдүүд маань ч Соёлын ордонд өсч, өдий зэрэгтэй яваа. Энэ бүхнийг би урлагийн буян гэж бодож Янжинлхам бурхандаа мөргөж, залбирч явдаг юм даа” гэв.
Тэд “Ардын ая дуу” тоглолтоосоо хойш 40-өөд бие даасан тоглолт хийжээ. Мөн энэ хугацаанд нэг ч аймаг, сум үлдээлгүй очиж ая дуугаа хүргэжээ. С.Вандан “Бид хоёроос залуу дуучид, үзэгчид “Та хоёрт очиж үзээгүй, тоглоогүй сум бий юү” гэж асуудаг. Бид хоёр өргөн уудам эх орныхоо сум болгонд очиж тоглолтоо хийсэн дээ. Харин сумдад давхардсан тоогоор янз бүр очжээ. Саяхан Батсүмбэр суманд 40 дэх удаагаа очлоо. Хамгийн бага очсон нь Дорнод аймгийн Халхгол, Баян-Өлгий аймгийн Цэнгэл сум юм байна. Халхгол суманд гурав, Цэнгэл суманд дөрвөн удаа л очсон байдаг юм. Бусад сумдад бол арваас дээш удаа очжээ. Энэ бол урлагт өдийг хүртэл зүтгэсэн бид хоёрын нэг амжилт юм. Дээрээс нь бид хоёр аймаг, сумдад тоглолт хийхдээ заавал хүүхдэд зориулж тоглолт хийдэг байсан. Ингэснээр бид хоёр 21 дүгээр зууны үзэгч, сонсогчоо бэлдчихсэн байгаа юм. Энэ нь бид хоёрын нэг давуу тал болсон” гэж байлаа. Харин түүний гэргий “Бид хоёрт бүх аймаг, сумдын хүндэт тэмдэгүүд хосоороо бий. Баярын бичиг ч мөн ялгаагүй олон бий. Санал хүсэлтийн дэвтэр ч арав гаруй байгаа. Тухайн үед аялан тоглолтод явахад байгууллагаас тамга, тэмдэг дараад санал хүсэлтийн дэвтэр өгөөд явуулдаг байлаа. Үзэгчдийн янз бүрийн л сэтгэгдлүүд тэр дэвтэрт хадгалагдан үлджээ” гэсэн юм. Бид ийн хуучилсаар шинэхэн театрын тайзнаа очлоо. Ирсэн зочиддоо зориулж гавьяатууд “Ханьсах заяа” дуугаараа ая барьсан юм. Олон жилийн өмнө ирсэн дээрх захиан дээр өгүүлсэн шиг нээрээ л тэд бие биенээ харцаараа хайрлаж байгаа нь мэдрэгдсэн.
С.Вандан, Д.Дуламсүрэн нар 1996 онд нэг өдөр, нэг зарлигаар Монгол Улсын гавьяат жүжигчин гэх эрхэм хүндтэй цол хүртэж байжээ. Ханьтайгаа хамтдаа нэг цаг мөчид төрдөө үнсүүлэх хувьтай байна гэдэг юутай сайхан. Магад олон хүнд ийм аз завшаан тохиох нь юу л бол. Хоёр гавьяат ч энэ үйл явдалд маш их баярлаж, бахархаж явдаг гэдгээ хэлж байлаа. Д.Дуламсүрэн “Бид хоёрын тэмдэг, үнэмлэх тус тусдаа байдаг. Гэхдээ үнэмлэхний дугаар бол яг адилхан байдаг юм. Тэгэхээр нэг хүн мэт бодож л бид хоёрт энэ шагналыг өгчээ. 22 жилийн өмнө гавьяатын шагналаа маш өндөр шалгуураар авч байлаа. Намын төв хорооноос хүмүүс ирж долоо хоногийн турш бид хоёрын хийсэн бүтээсэн зүйлийг шалгасан юмдаг. Бид хоёр хамгийн анхны тоглолтоосоо эхлээд л тэмдэглэл хөтлөх болсон. Хаана хэзээ, хэдэн хүн тоглолт хийсэн, түүнээсээ хэдэн төгрөгийн ашиг олсон гээд л бүх зүйл тэр дэвтэр байдаг. Шалгалтаар ирсэн хүмүүс тэмдэглэл дээрх баримтуудыг тооцож нэгдсэн дүн гаргасан байдаг юм. Мөнгөний ханш чанга байх үед тоглолтын билет 14 төгрөг л байлаа. Яг тийм үед бид хоёр улсад 70 сая төгрөгийн орлого оруулжээ. Мөн орон нутгуудаар явсан нийт километрээ нэмээд үзэхээр дэлхийг зургаан удаа тойрсонтой тэнцэхээр байгаа юм. Энэ хөдөлмөрийг минь үнэлж МУГЖ цолоор мялаасан юм. Олон жилийг хамтдаа туулан амьдрал дээр, урлагт нэгэн бие болсны минь гавьяа гэж санадаг даа. Тэр сайхан цолоор энгэрээ мялаачихаад Төрийн ордноосоо гарч ирэхэд бидэнд баяр хүргэхээр маш олон хүн ирчихсэн байлаа. Аймаг руугаа орж ирэхэд нутгийн зон олон минь баяр хөөр болчихсон аймгийн төвийн наана байх Одонт хөтлөөс эхлээд Соёлын ордон хүртэл битүү цуварчихсан байж билээ. Тухайн үед хүмүүс цаасан цэцэг их барьдаг байж. Бүгд л шахуу цаасан цэцэг барьчихсан зогсож байлаа. Соёлын ордныхоо өмнө ирэхэд хоёр ээж минь баярын нулимстай, хадаг сүү барьсаар угтсан даа. Бид хоёр ч Одонт хөтлөөс эхлээд л уйлчихсан юмдаг. Мөн 2007 онд бид хоёр “Зууны манлай хос дуучид” болсон. Урлагийнхаа буянд тийм их хайр хүндэтгэлийг хүлээж дээ” хэмээн нүдэндээ нулимс цийлэгнүүлэн дурссан юм. Тэд нэрд гарч олны танил болсон ч урлагт орох гүүр нь болсон аймгийнхаа Соёлын төвөөсөө огтхон ч нүүрээ буруулаагүй. Харин ч хэцүү хүнд цаг үед нь хамтдаа байж, дэмнэж тэтгэсээр өнөөдөртэй золгосон юм. “Бид хоёрыг аймаг, сумдаас их урьдаг байлаа. Жишээ нь, Ховд аймгийн Алтай сумаас Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргаанд “Төв аймгийн Соёлын ордны залуу дуучин С.Вандан, Д.Дуламсүрэн нарын тоглолтыг манайх сумандаа тоглуулах хүсэлтэй байна” гээд л бичиг ирдэг. Бид ч үнэ хөлс гэхгүй дуу хуураа өргөнө. Харин олсон орлого маань манай Соёлын ордонд л хөрөнгө оруулалт болдог байсан хэрэг. Заримдаа олсон орлогыг маань бид хоёрт бэлнээр өгчихнө. Түүнээс нь нэг ч төгрөг дутаахгүйгээр л Соёлын ордондоо тушаана. Манай Соёлын ордны дарга Түвэд гэж хүн байлаа. “За та хоёр минь яваарай. Цалин байхгүй шүү. Цалин тавиарай” л гэдэгсэн. Бид хоёр өөрсдөө 250 төгрөгийн цалинтай байжээ” хэмээн С.Вандан хуучиллаа. Энэ хугацаанд тэд гурван ч удаа ятгаа сольжээ. Тэдний 2015 онд хийсэн “Мартагдахгүй юмсан” тоглолтын үеэр МУГЖ С.Жавхлан хамгийн анхных нь ятгыг олж, сэргээн засварлуулж бэлэглэсэнд их баярласан тухайгаа ярьж байлаа. Харин тэрхүү хос ятгаа Соёлын ордны музейд хадгалжээ.
Ингээд бид тэдний гэрт очихоор театраас хөдөллөө. Хоёр гавьяатын машинуудын дугаар ч хос байсан шүү. Тэднийх аймгийнхаа төв хэсэгт байрлах орон сууцанд хоёр өрөө байранд амьдардаг юм байна. Анхлан Соёлын ордны ажилчдын байранд өрх тусгаарлаж, гал голомтоо бадрааж байжээ. Дараа нь улсаас нэг өрөө байраар шагнаж байсан аж. Харин одоогийн байгаа байрандаа С.Вандангийнх 2014 онд орж ирсэн байна. Энэ хугацаанд гурав, дөрвөн удаа бууриа сэлгэжээ хэмээн гэрийн эзэн өгүүлсэн. Эднийх хоёр хүү, таван ачтай аж. Том хүү В.Базаррагчаа нь тун удахгүй уран бүтээлээрээ үзэгчидтэйгээ уулзана гэсэн. Харин бага хүү В.Баттулга нь “Эр хүн гэдэг чинь эмзэгхэн ч юм уу даа”, “Говийн хүүхнүүд”, “Дурлаа юу даа” зэрэг дуугаараа ард түмэнд танигдаад байгаа билээ.
Д.Дуламсүрэн “Том хүү маань миний “Вансэмбэрүү цэцэг” дууг шинэчлэн дуулж байгаа. Хүүдээ өвлүүлж байгаа хэрэг. Би энэ дууг 1980аад оны үед дуулж байлаа. Аяыг миний хамгийн бага дүү Д.Даваасүрэн зохиосон. Үг нь Б.Явуухулан гуайн шүлэг юм. Хүү минь энэ сайхан дууг дуулж тун удахгүй түмэн олонд минь хүргэх болно. Бага хүүг минь ард түмэн их сайхан хүлээж авсан шүү. Эхийн хэвлийд байх үеэсээ л дуу хууран дунд өсчихсөн болохоор хүүхдүүд маань яалт ч үгүй урлагт ойр байх юм. Гадаад дотоодоор явлаа, өөр чиглэлээр ажиллаж ч үзлээ. Эцсийн дүндээ өөрийнхөө дуртай, сонирхолтой зүйлийг л хийхээр хүүхдүүд минь сэтгэл шулуудсан бололтой” гэсэн юм. Хоёр гавьяаттай хамгийн том ач Б.Анужин нь хамт байдаг аж. Тэрээр энэ жил арванхоёрдугаар ангид сурдаг юм байна. “Манайд хүний хөл тасрана гэж үгүй. Би гэрт байвал өдөрт гурав, дөрвөн удаа цай чанадаг юм” гэсээр гэрийн эзэгтэй цай, хоол барилаа. Эднийх бурхан тахил төдийгүй, ээжийнхээ авдрыг ихэд нандигнан хадгалдаг юм байна. Урлагийн гэр бүл болоод ч тэр үү, сонгодог загварын гэмээр баримал, бэлэг дурсгалын зүйлс гэрт нь олонтаа харагдсан. Хоёр гавьяатын хувьд саяхан “Насны урсгал” хэмээх шинэ уран бүтээл гаргасан талаараа ярилаа. “Залуу байхад ч хайр сэтгэл их дуулдаг байлаа. Одоо ч хорвоогийн жамыг ухаарч ойлгож, энэ талаар дуулдаг болж дээ” хэмээн тэд инээд хөөр болцгоосон юм. Гавьяатууд дахиад ч шинэ уран бүтээл хийж байгаа гэсэн. Мөн тэд 2019 онд үзэгч, ард түмэнтэйгээ шинэхэн тоглолтоороо уулзахаар төлөвлөснөө ч хэлсэн шүү. Хамтдаа нэг чигт тэмүүлсэн тэдний энэ хүсэл, зоригийг нэр алдар, хөрөнгө мөнгө, атаа жөтөө гээд ямар ч саад, тотгор зогсоож чадалгүй 40 жилийг туулсан нь гайхалтай. Цаг наргүй хөдөлмөрлөсөөр л ирсэн нь тэдний хэцүү бүхнийг ажралгүй туулсан нууц байх. Тэд ч “Хөдөлмөрлөсний үр шим хэзээ нэгэн өдөр заавал гардаг” хэмээн ам бардам хэлж байсан юм. 60 нас хэлбийсэн ч урлагтаа үнэнч зүтгэсээр шинээр бүтээн туурвих дундаршгүй их хүсэл тэмүүлэл нь урлаг гэдэг ямар гайхалтай, түүнд дурлаж зүрх сэтгэлээ өгч авьяас онгодоо хөглөж чадвал ёстой л хэдэн зуун, жаран дамжин мөнхөд дурсагдахын үлгэр дуурайллыг энэ хос хоёр уран бүтээлч дархалсаар явна. Урлагийн Янжинлхам бурхан та бүхнийг өнө мөнхөд ивээг.
Гэрэл зургуудыг Ц.МЯГМАРСҮРЭН