Хүн төрөлхтнийг сүйрүүлж буй хамгийн аюултай, эмчлэгддэггүй өвчний нэгдүгээрт ДОХ (дархлааны олдмол хомсдол), хоёрдугаарт бүх төрлийн хорт хавдар орно. Хорт хавдар саяхныг болтол огт эмчлэгддэггүй өвчин байлаа. Хорт хавдрыг хар ухаанаар тайлбарлах гэж оролдвол, хүний биеийн дархлааны эс гаднаас орж ирж буй хорт хавдрын эсүүдийг таньдаггүй, өөрийн юм гэж хүлээж авснаар хүний биед шингэж эд эрхтнүүдэд тархан халдварлаж өвчлүүлдэг. Энэ хүчтэй эсийг устгах эм тариаг анагаах ухаан шийдэж амжаагүй байсан билээ. Харин CAR-Т эсийг анх Израилийн Реховот хотын Визманн Шинжлэх ухааны хүрээлэнгийн профессор доктор Зелиг Эшхар 1980-аад оны үед зохион бүтээснээр энэ аймшигт өвчинтэй тэмцэх эхлэлийг тавьж өгчээ. Энэ нь хүний дархлааны эс хорт хавдрын эсийг таньснаар түүнтэй тэмцэж устгах эмчилгээ юм. Зелиг Эшхарыг нээлт хийснээс хэдэн арван жилийн дараа АНУ-ын Хавдар судлалын үндэсний хүрээлэнд сургагдсан доктор Элад Жейкоби Израиль улсад CAR-T хөтөлбөрийг зохион байгуулж, 2016 оноос хойш Шеба эмнэлгийн Хүүхдийн гемато-онкологийн тасаг CAR-T эмчилгээний тусламжтайгаар хавдрын 12 тохиолдлыг амжилттай эмчлээд байгаа аж.
CAR-T буюу Chimeric Antigen Receptor-T cells нь цусны цагаан эсэд хорт хавдрын эсрэг программ суулгах эмчилгээ юм. Цусны цагаан эс нь дархлааны тогтолцооны чухал хэсэг. CAR-T эсийг хүний биед суулгах ажллагааг энгийнээр тайлбарлавал, эхлээд өвчтөний биеэс цус авна. Дараа нь дархлааны эсүүдийг бусад эсүүдээс салгаж авдаг аж. Салгаж авсан эсийг тусгай лаборатори руу илгээн генетикийн аргаар CAR эсүүдийг суулган CAR-T эс бүтээнэ. Хэрвээ хангалттай хэмжээний Т эс буюу дархлааны эс байхгүй бол лабораторид ургуулан олшруулна. Ийнхүү “тоноглогдсон” цусны CAR-T эсийг өвчтөний цус руу буцааж шахна. Ингэхээс өмнө өвчтөнд химийн эмчилгээ хийх шаардлагатай. CAR-T эс маш удаан хугацааны турш өвчтөний биед хадгалагдаж үлдээд хорт хавдрын эсүүдтэй тэмцсээр бүрэн устгадаг аж. Туршилтын хугацаанд хийсэн ажиглалтаас хорт хавдрын эс 2-3 сарын дараа устаж үгүй болж байжээ. Цусны хавдрын үед маш үр дүнтэй, харин хатуу хавдрын үед эмчилгээний явц харьцангуй удаашралтай байгаа гэнэ. Энэ эмчилгээг хийлгэсний дараа хүний дархлаа маш эрчимтэйгээр сэргэдэг аж.
Маш нарийн мэргэшсэн цөөн хэдэн эрдэмтэн судлаачдын баг бүрэлдэхүүн уг ажлыг хийдэг бөгөөд дэлхий даяар цөөхөн хэдхэн лабораторид судлагдаж байна. Гэхдээ туршилт маш амжилттай болж, хэд хэдэн хүнийг хорт хавдар өвчнөөс салгаж амжжээ. Хятадад л гэхэд Шанхайн эрдэмтэд хамгийн хурдан хугацаанд буюу ганцхан хоногийн дотор CAR-T эсийг бүтээж байгаа гэнэлээ. Тэд генийн инженерчлэлийн технологийг ашиглан ийнхүү процессыг хурдасгасан байгаа юм.
CAR-T эсийн эмчилгээг хийлгэх явцад болон хийлгэсний дараа тухайн өвчтөний биеийн онцлогоос шалтгаалан янз бүрийн хоруу чанар илэрдэг. Гэхдээ энэ нь шинэ эмчилгээ тул хүний биед нөлөөлөх тал дээр урт хугацааны туршилт хийгдээгүй байгаа хэмээн эмч, судлаачид онцолж байгаа аж. Ерөнхийдөө хүний биед сөрөг нөлөөтэй эмчилгээ бол биш, харин өвчтөний биеийн байдлаас л бүх зүйл шалтгаална хэмээн мэргэжилтнүүд тайлбарлаж байна.
CAR-T эмчилгээний тухай интернэтээс хайн судалж байхад үхлийн аюулт өвчнөөсөө салсан түүхүүд хэдэн арваараа гарч ирж байв. Тийм түүхүүдийн нэгээс сонирхуулахад, Майлени гэх 15 настай швейцарь охин 2016 оны нэгдүгээр сард цусны хавдартай хэмээн оношлогджээ. Швейцарьт бүтэн зургаан сарын турш эрчимт химийн эмчилгээ хийлгэсэн ч хавдар дахисан байна. Ингээд шинжилгээ хийтэл түүний хавдрын эс маш тэсвэртэй болох нь тогтоогджээ. Эмч нар Майленийг Цюрих дахь Их сургуулийн хүүхдийн эмнэлэгт хэвтүүлэн маш өндөр тунгаар химийн эмчилгээнд дахин оруулсан ч хавдар газар авсаар байж. Түүний эцсийн найдвар CAR-T эсийн эмчилгээ байсан ч Швейцарьт энэ эмчилгээг хараахан хийж эхлээгүй, АНУ-д эмчлүүлье гэхэд хагас сая долларын өртөгтэй байв.
Эцэст нь тэдний гэр бүл Израилийн Шеба эмнэлгийг сонгон 2017 оны тавдугаар сарын 31-нд нисцгээжээ. Эмчилгээ эхлэх гэтэл охины биед хангалттай хэмжээний Т эс байгаагүй болохоор Т эс ургуулж, цаг алдах нь эмчилгээний хамгийн хэцүү үе байсан гэнэ. Гэсэн хэдий ч эмч нар 35 сая CAR эсийг охины цагаан эсэд амжилттай суулгажээ. Сар гарангийн дараа охины хавдрын эсүүд устаж алга болсон байна. Одоо Майлени Цюрихийн эмнэлэгтээ хааяа очиж хяналтанд ордгоос биш бүрэн эрүүл хүн болжээ.
CAR-T эс гэх эмчилгээг нээгээгүй бол Майлени одоо гэр бүлийнхнийхээ дунд байхгүй байх байж. Ийм зүйл бодож олоод хөгжүүлсэн эрдэмтдэд, эмч нарт эмчлэгдсэн хэдэн арван хүүхдийн өмнөөс, томчуудын өмнөөс талархмаар. Энэ эмчилгээ нээгдсэнээр ганц Майлени ч биш, хорт хавдраар шаналж буй сая сая хүний зүрхэнд итгэл найдварын оч асааж буй биз. Ганц л асуудал байгаа нь мөнгө санхүү юм. АНУ-д хагас сая доллар буюу монгол мөнгөөр тэрбум гаруй төгрөг байдаг бол Хятадад хагас сая иен буюу 150 орчим сая төгрөгөөр энэ эмчилгээг хийлгэж болно. Манайтай хамгийн ойр, бас харьцангуй хямд учраас монголчууд Хятадыг зориход болмоор харагдаж байна. Тэгээд ч хятадууд хавдрын эсрэг энэ эмчилгээгээр дэлхийд тэргүүлж буй юм билээ. Хэдэн жилийн дараа энэ эмчилгээ улам ч боловсронгуй болж, өртөг нь ч хямдрах биз гэж найдна.
Хүн төрөлхтний хөгжил ийнхүү дэвшсээр бид хамгийн их айдаг өвчин зовлонгоосоо ч ангид байх цаг хаяанд иржээ. Бид биш юм аа гэхэд бидний үр хойч энэхүү гайхалтай цаг үед амьдрах нь гэж бодохоор сайхан биш гэж үү. Шинжлэх ухааныг, хүний ухааныг бишрээд баршгүй ажээ.
А.МӨНХЗУЛ
One reply on “Хорт хавдрыг ор мөргүй устгах CAR-T эс”
Худалдаанд гарсан юмуу