Мандах бүртгэл дээд сургуулийн татварын нягтлан бодогч, эдийн засагч мэргэжлээр төгссөн анхны төгсөгчдийг энэ удаагийн “Нэг анги” буландаа урилаа. Эдний ангийнхан сургуулиа төгсөөд хэдийнэ 20 жил өнгөрчээ. Монгол Улсад 1994 онд байгуулагдсан Татварын ерөнхий газар нь тухайн үед мэргэжлийн боловсон хүчин дутагдалтай байсан учир эхний үед янз бүрийн дээд мэргэжилтэй хүмүүсийг татварын байцаагчаар ажиллуулж байжээ. Иймд тус байгууллагын өмнө мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх шаардлага гарч Мандах бүртгэл дээд сургуультай гэрээ байгуулан хот, хөдөөгийн татварын албанд ажиллаж байсан мэргэжлийн бус хүмүүсээ тус сургуульд суралцуулахаар элсүүлжээ.
Мандах бүртгэл дээд сургууль нь 1992 онд байгуулагдсан шинэхэн сургууль боловч их дээд сургуульд олон жил багшилсан туршлагатай эрдэмтэн профессор, багш нартай байсан тул Татварын ерөнхий газар ийнхүү итгэл үзүүлж, боловсон хүчин бэлтгүүлэхээр гэрээ хийжээ. Тус сургуулийн босгыг алхан орж татварын нягтлан бодогч, эдийн засагч мэргэжил эзэмшихээр эх орны өнцөг булан бүрээс татварын 22 улсын байцаагч тус сургуулийн анхны эчнээ ангийг бүрдүүлж, хос мэргэжлийн эзэд гэгдэх болжээ.
Залуу багш нараас ахимаг насны боловч сурах эрмэлзлээр дүүрэн, хичээл чармайлттай оюутнууд байжээ. Эдний ангийнхан шалгалт ойртсон үед өөрсдөө санаачлан багш нартайгаа тохиролцож давтлага авдаг идэвхтэй оюутнууд байж. Энэ ажлыг ангийн дарга С.Цэрэндаш хүлээнэ. Учир нь тэдний дундаас арай ахимаг настай бөгөөд үндсэндээ энэ ангийнхны өмнөөс бүхнийг хийдэг аав шиг хүн болж хүндлэгджээ. Ангийн дарга хэнд ямар асуудал тулгараад байгааг мэдэж тус дэм болдог байсан талаар ангийнхан ам уралдан ярьсан юм.
Харин ангийн багшаар Я.Мишиглүндэн дарга сонгогдсон байв. Дарга гэсний учир нь мэргэшүүлсэн сургалт эхлэх үед Я.Мишиглүндэн багш Үндэсний татварын ерөнхий газарт Тамгын газрын даргаар ажиллаж, хүний нөөцийнхөө бодлогыг хариуцдаг байжээ. Ангийн багш Я.Мишиглүндэн Би Мандах бүртгэл дээд сургуулийн татварын анхны эчнээ ангийнхнаар бахархдаг. Тухайн үед суралцаж байхад нь би тогтвор суурьшилтай ажиллаад өгөөрэй гэж хэлдэг байсан юм. Амжилттай суралцаж төгсөөд одоо ч мэргэжлээрээ татварын албандаа зүтгэж яваа шавь нараараа би багшийн хувьд бахархдаг” гэж оюутнууддаа хандан хэлсэн юм.
Багшийнхаа үгийг сонссон ангийн дарга С.Цэрэндаш “Суралцаж байх хугацаанд маань нягтлан бодох бүртгэлийн үндсээс эхлээд дээд шатны бүртгэл хүртэл профессор Г.Нанжид, доктор профессор С.Өлзийбат, гавьяат эдийн засагч Р.Батжаргал, Б.Нацагдорж, Ц.Ядамсүрэн, н.Энхтуяа, Б.Амарбаясгалан гээд олон эрдэмтэн мэргэн багш нар маань хичээл зааж биднийг сайн нягтлан бодогч, сайн санхүүч болгохын төлөө бүхий л эрдэм мэдлэг, сэтгэл оюун, сайн сайхан бүхнээ зориулсан. Ангийн багш болоод багш нартаа баярлалаа гэж хэлмээр байна” хэмээн нэмж хэллээ.
Мандах бүртгэл дээд сургуулийн багш нар эдний ангийнхныг дандаа магтан, дурсаж ярьдаг ажээ. Мандах бүртгэл дээд сургуулийн гүйцэтгэх захирал, доктор (Ph), профессор С.Өлзийбат дурсамжиндаа “Тэр үед компьютер тоног төхөөрөмж, ном сурах бичиг ховор байсан болохоор эчнээ ангийнхан маань 23:00 цаг хүртэл сургууль дээрээ давтлага хийж, багшийн заасан лекцийг ярилцаж, бодлогоо бодож суудаг байсан. Энэ нь манай сургуулийн өдрийн ангийн оюутнуудын сургалтад ч сайнаар нөлөөлсөн байдаг юм шүү. Тэднийг 1996 онд сургуулиа төгссөнөөс хойш Мандах бүртгэл дээд сургууль нягтлан бодох бүртгэл-аудит, нягтлан бодох бүртгэл-татварын ангийн элсэлтийн эхлэлийг тавьж, шинэ хөтөлбөрөөр тэр үеэс элсэлт авч эхэлсэн” гэж дурссан бол Монгол Улсын гавъяат эдийн засагч, доктор, профессор Р.Батжаргал “Одоогийн байдлаар 10 хүн мэргэшсэн нягтлан бодогчийн тусгай зөвшөөрлийн шалгуурыг хангасан байна. Аль ч сургуулийн тухайн ангийн төгсөгчдөөс 50 орчим хувь мэргэшсэн нягтлан бодогчийн эрх авсан тухай мэдээлэл байгааг би сонсож байгаагүй. Энэ амжилт бол анги хамт олны нэгэн бахархал гэж хэлж болно” хэмээн ярьж байна.
Эдний ангийнхан хоёрхон жил хамтдаа суралцсан ч “Нийт нь нэгийн төлөө, Нэг нь нийтийн төлөө” гэсэн сэтгэлтэй болжээ. Тэд одоо ч хэн нэгэндээ тохиолдсон баяр жаргал, зовлон гунигийг орхилгүй хамт туулдаг гэнэ. Үүнийг тайлбарлахаар И.Мөнхцэцэг (Үндэсний татварын ерөнхий газарт ажиллаж байгаа) “Биднийг төгсөх хавар Т.Нэргүй (Налайх дүүргийн татварын албаны хэлтсийн дарга) төгсөлтийн шалгалтын үеэр нялх хүүхэдтэй байсан учраас жилийн чөлөө авах тухайгаа хэлсэн юм. Манай ангийнхан ярилцаж байгаад шалгалтын үеэр хүүхэд чинь хоёр сартай байна. Чи хүүхдээ аваад ир. Бид чамд тусална гэсээр байгаад Говь-Алтай аймгаас нялх хүүхэдтэй нь ирүүлж билээ. Хичээл, шалгалтын үеэр хүүхдийг нь ээлжилж харах хуваарь гаргачихна. Тэгсээр байгаад л бид Т.Нэргүйтэйгээ сургуулиа хамтдаа төгссөндөө баяртай байдаг. Т.Нэргүйн охин манай ангийн 23 дахь оюутан болж төгссөн гэхэд болно. Сүүлд төгсөлтийн баяр болоход бидний хэнээс нь ч бишүүрхэхгүй тэврүүлдэг болчихсон байж билээ. Ангийнхан маань одоо ч байнга холбоотой байдаг учраас жилдээ нэг удаа ангиараа уулзалт зохион байгуулж, бие биенийхээ талаар мэдээлэл авч, хууч хөөрдөг уламжлалтай” гэв.
Түүний яриаг үргэлжлүүлэн Х.Ундраа (Сангийн яамны мэргэжилтэн) “Манай ангийн анхны танилцах үдэшлэгийг Д.Дамирансүрэн ах Хөдөө аж ахуйн дээд сургууль дээр зохиож байсан юм. Тухайн үед хөгжим байхгүй өөрсдөө дуулж, аянд нь бүжиглэж, хөгжилдсөөр нэг нэгэнтэйгээ танилцаж байлаа. Бас анхны хичээл ороод эхний завсарлагаанаар ангийн сахилгагүй оюутан Хөвсгөлийн Ё.Пүрэвсүрэнтэй анх танилцаж байлаа. Гэтэл хожуу хойно шооч зангаараа “Их л атаман байдалтай, эрүүгээрээ зааж ирээд л надаас асуулт асууж байсан шүү чи” гэж ангиар маань инээлгэдэг байж билээ хэмээгээд инээд алдлаа.
Инээж зогссон Т.Энхтайван (Татварын ерөнхий газрын ажилтан) нэг зүйл санасан бололтой “Манай ангийнхан нэг шинэ жилээ ангидаа тэмдэглэж байлаа. Пүүжээ цэргийн халуун тогоо авчирч, ангийн хүргэчүүд ирж өргөн хүрээг хамарсан сүр дуулиантай баяр хийсэн юм. Идэж ууж, бүжиглэж, тоглож наадан шөнөжин сайхан баярласан. Үүрээр ангиараа Ганбаа ах, Пүүжээ хоёрыг гаргаж өгөөд, нөгөө хоёр маань өвлийн хүйтэнд “Зил-130” машины тэвшин дээр суугаад Хөвсгөл нутаг руугаа явж байсансан. “Зил-130”-тай дурсамж манай ангийнханд цөөнгүй бий. Сургуулиа төгсөөд төгсөлтийн баяраараа “Шонхор” зусланд амарсан юм. Галт тэрэг, “Зил-130” машинаар очиж, хорхог хийж идчихээд л усаар байлдаж, сагсны тэмцээн, үдэшлэг хүртэл зохион байгуулж байсан. Залуу насаа дурсах сайхан шүү” гэж сонирхолтой яриа өрнүүлэв.
Ангийнхныхаа яриаг анхааралтай чагнаж суусан Д.Дамирансүрэн (“Хайрхан бор” ХХК-д барилгын инженер) “Тэр үед бүгд л хөдөө орон нутгаас ирж суралцаж байсан болохоор гэр орон, үр хүүхдээ санана, хоолны мөнгөгүй болно, шантрах үе мөн ч олон гардаг байсан. Тэр бүгдэд бие биедээ дэм болж, хоолоо хувааж идэн, хичээлээ хамт давтаж, өвдсөн нэгийгээ эргэж тойрдог байлаа. Ангиараа жаргал, зовлонгоо хуваалцаж сургуулиа төгссөн. Ц.Пүрэвсүрэн эгч маань хойгуураа гарсныг хооллосон, урдуураа гарсныг ундалсан буянтай эгч байсан юм. Бид гэрт нь очоод хоол хийж, гэртээ байгаа юм шиг л дураараа байна. Манай ангийнхны байнга очиж
хичээлээ давтдаг, бужигнадаг газар тэднийх байсан. Пүүжээ эгч маань залуугаараа биднийг орхин одсон юм даа. Өнөөдөр бидний дунд Ч.Энхтөр маань бас алга. Баруун аялгаар ярьж биднийгээ үргэлж хөгжөөж байдаг найзынхаа гэгээн дурсгалыг хүндэтгэж байна. Анги хамт олныхоо дунд хүндтэй байр суурь эзэлдэг ч биднийгээ орхин бурхны оронд заларсан нөхдөө бид уулзах бүрдээ дурсан санадаг” гэж ярихад бүгд чимээгүй болон хэсэг суулаа.
Тэд 1994 онд Мандах бүртгэл дээд сургуульд элсэн орж 1996 оны хавар 22 оюутан татварын нягтлан бодогч, эдийн засагч мэргэжлээр бакалаврын зэрэг хамгаалж төгсчээ. Бүгд л эх орныхоо хэрэгцээт газар төрийн болон хувийн салбарт амжилттай ажиллаж байгаа. Эдний ангийнхнаас ес нь эзэмшсэн мэргэжлээрээ буюу хөдөө орон нутаг болон нийслэл, дүүргийн татварын хэлтэст ажилладаг гэнэ. Өдгөө Хөвсгөл аймагт Г.Ганбаатар, Сэлэнгэ аймагт Ц.Энхцэцэг, Дорноговь аймагт Н.Чандаганцагаан, Үндэсний татварын ерөнхий газар Ц.Алтанцэцэг, И.Мөнхцэцэг, Д.Энхтуяа, Т.Энхтайван, Б.Халиунаа, Налайх дүүрэгт Т.Нэргүй нар татварын улсын байцаагч, ахлах байцаагч зэрэг албан тушаалд ажиллаж байгаа юм байна. Мөн Ё.Пүрэвсүрэн татварын албанаасаа гараад Хөвсгөл аймгийн Онцгой байдлын хэлтсийн орлогч дарга, Х.Энхбулаг Чингэлтэй дүүргийн статистикийн хэлтэст, Б.Энхсүрэн аудитын компанид, Саранцэцэг Шунхлай ХХК-ийн дотоод аудитын хэлтсийн даргаар, Балбармаа БТЕГ ХХК-д эдийн засагч, Ж.Эрдэнэбилэг Эрдэнэт УҮГ-т санхүүгийн албаны даргаар тус тус ажиллаж байгаа гэнэ. Харин ангийн дарга С.Цэрэндаш, Л.Цэцэг-Эрдэнэ нар улсдаа хийж бүтээхээ хийгээд өдгөө гавьяаныхаа амралтаа эдэлж байгаа ажээ.
Одоо эдний ангийнхнаас зургаа нь магистр цол хамгаалж, ажил хөдөлмөрөө үнэлүүлэн хоёр “Алтан гадас одон”, дөрвөн “Хөдөлмөрийн хүндэт медаль”, 16 “Санхүү банкны тэргүүний ажилтан”, дөрвөн “Эдийн засгийн тэргүүний ажилтан”, нэг “Нягтлан бодох бүртгэлийн тэргүүний ажилтан”, нэг “Бүртгэл, статистикийн тэргүүний ажилтан”, нэг “Үйлдвэр худалдааны тэргүүний ажилтан”, дөрвөн “Нийслэлийн болон ТЕГ-ын шилдэг байцаагч”-аар тус тус шагнуулсан амжилттай байгаа гэнэ.
Мандах бүртгэл дээд сургуулийн анхны эчнээ ангийн төгсөгчид 20 жилийнхээ ойгоор уулзалдаж ангийн дурсамжаа бичсэн номоо өлгийдөн аваад байгаа юм байна. Тэд ирэх оны тавдугаар сард Мандах бүртгэл дээд сургуулийн 25 жилийн ойг тохиолдуулж анги хамт олноороо уулзалт зохион байгуулахаар тов тараагаад байгаа ажээ.