Өмнөд Солонгосын тал 16 хүний аминд хүрсэн гэх хэрэгт сэжиглэгдээд буй Умард Солонгосын хоёр иргэнийг албадан гаргасан талаар тус улсын Нэгтгэлийн яамны мэдээлснийг Ёнхап агентлаг өчигдөр уламжилжээ. “Гэмт этгээдүүд онц ноцтой хэрэг үйлдсэнийг бид тогтоосон. Загасчдын хөлөг онгоц дээр ажилладаг байсан тэд өнгөрсөн бямба гаригт зүүн тэнгисийн хилээр Өмнөд Солонгост нэвтэрсэн.
Тэд хил давсныхаа дараа манай хилийн харуул хамгаалалтын албаныхнаас зугтах гэж оролдсон” хэмээн тус яамны төлөөлөгч онцолжээ. Тэрээр цааш нь “Хоёр этгээд нь иргэдэд аюул учруулж болзошгүй, нөгөө талаас олон улсын эрх зүйгээр бол гэмт хэрэг үйлдэгсэд дүрвэх эрх үгүй тул тэднийг ийн хүлээлгэж өгсөн. Мөн загасчдын хөлгийг ч Умардад хүлээлгэн өгөх юм” гэсэн байна.
Хоёр сэжигтнийг хилийн Панмунжом тосгоноор дамжуулан нутагт нь хүлээлгэн өгсөн байна. Өмнөд Солонгосын тал Умард Солонгост гэмт хэрэгтнүүдийг шилжүүлэн өгсөн анхны тохиолдол энэ юм. Гэмт этгээдүүд нь 20 гаруй насных агаад хөлөг онгоц дээр маргаан гарсны дараа багийн гишүүдийн амийг хөнөөж, усанд хаясан байж. Тэднийг арваннэгдүгээр сарын 2-нд саатуулсан юм байна.