Америкийн иргэний хөдөлгөөний нэрт зүтгэлтэн Малкольм Икс (Malcolm X) 1965 онд бусдын гарт алагдахад шийтгүүлсэн хоёр хүнийг олон жилийн дараа шүүх гэм буруугүй гэж үзэн цагаатгажээ. Цагаатгагдсан Мухаммад Азиз, Халил Ислам нарын хохирлыг барагдуулахад Нью-Йорк хот, Нью-Йорк мужийн захиргаа нийтдээ $36 саяыг төлөхөөр болсныг шүүх зарласан байна. Хоёр хохирогчийн нэг 84 настай Азиз 20 орчим жил шоронд хоригдоод 1980-аад оны дундуур суллагдсан ч өнгөрсөн оны арваннэгдүгээр сард л цагаатгагдсан аж. Нөгөө нэг хохирогч болох Ислам нь бас 20 орчим жил хоригдон, 2009 онд 74 насандаа таалал төгсчээ. Азиз болон Исламын үр хүүхдүүд арьс өнгөөр ялгаварлах үзэл шүүхийн системд нөлөөлсний улмаас хилс хэрэгт шийтгүүлсэн гэх үндэслэлээр тус тусын хохирол болох $40 саяыг шүүхээс нэхэмжилсэн байна. Нью-Йорк хотын захиргаа Азиз, Ислам нарын хохиролд нийтэд нь $26 саяыг, Нью-Йорк мужийн захиргаа хохирогч тус бүрд $5 сая, нийт $10 саяыг төлөх шийдвэр гаргажээ.
Малкольм Икс 39 настайдаа 1965 онд нэгэн арга хэмжээнд үг хэлэхээр ирэх үедээ Нью-Йоркийн Харлем дүүрэгт буудуулж нас барсан юм. Түүний аллагад исламын шашны “Nation of Islam” гэх африк гаралтай иргэдийн экстремист байгууллагын гурван гишүүн сэжиглэгдэн баривчлагдаж, шүүхээр шийтгэгджээ. Эдгээр гурвын хоёр ньцагаатгагдсан Азиз, Ислам нарюм. Гурав дахь сэжигтэн Абдул Халим 2010 онд шоронгоос суллагдсан бөгөөд одоо 81 настай тэрбээр аллага үйлдсэнээ хүлээж, нөгөө хоёрыгоо гэм буруугүй гэж мэдүүлсэн юм байна.
Г.АМАРСАНАА