Categories
гадаад мэдээ

Хиллари Клинтон: Такер Карлсон бол Оросын хувьд “ашигтай мулгуу” DNN.mn

Өнгөрсөн онд Дональд Трамп “Би дахин ерөнхийлөгч болвол Такер Карлсоныг дэд ерөнхийлөгч болгоно” гэж мэдэгдэж байсан. Тэгвэл Америкийн сэтгүүлч Такер Карлсоны Москвад очиж Владимир Путинтэй хийсэн хоёр цаг долоон минутын ярилцлага дэлхий нийтэд шуугиан тарив. Карлсоны бүрэн ярилцлагыг тавьсан “X” хуудас хамгийн олон буюу 100 сая хүн үзсэн бичлэг болов. “Financial Times” сонин “Путинд Догшин Иван, Петр I, Их Екатерина хатан гэсэн гурван зөвлөх бий” гэж бичиж байсан явдал дахин давтагдаж Путин өөрийгөө Петр хааны дүрээр түүхэнд үлдэнэ гэдэгтээ итгэсээр л байгаа юм байна гэж бичив.

“CNN” агентлагийн шинжээч Оливер Дарси “Карлсон Орос дахь авторитар дэглэм, Украинд дайн дэгдээснээс үүдсэн гэм зэмгүй олон хүмүүсийн үхэл, эвдрэл сүйрэл, орос цэргүүдийн өдөөсөн дайны гэмт хэргүүд, ядаж Алексей Навальныйг яагаад шоронд хорих болсон тухай гэх мэт америкчуудын сонирхлыг татах асуултуудаас зайлсхийсэн нь Владимир Путин яагаад Такер Карлсонд ярилцлага өгсөнийг тодорхой болгов” гэж онцолжээ. CNN-ийн шинжээч нийтлэлийнхээ төгсгөлд “Энэ зүйлийг ярилцлага гэж нэрлэх аргагүй. Карлсон дарангуйлагч удирдагчид өөрийн үзэл бодлыг олон нийтэд хүргэх бүрэн эрх чөлөө олгосон явдал болов” гэж дүгнэв.

Independent сонин, Путин “тагнуул” болон “нууцлагдсан мэдээлэл” гэсэн үгсийг хэд хэдэн удаа хэлсэн бөгөөд Такер Карлсон Оросын шоронд хоригдож байгаа нутаг, мэргэжил нэгтнүүддээ туслах ямар нэг оролдлого хийсэнгүй. Путин нэрийг нь дурдаагүй ч 2019 онд Берлинд гэгээн цагаан өдөр Чечений Зелимхан (Торнике) Хангошвилигийг хөнөөсөн Оросын Вадим Красиковын тухай ярьж байгаа нь ойлгомжтой болов. Путин сэтгүүлч, алуурчин хоёр адилхан учир тэднийг солих хүсэлтэй байна гэдгээ Карлсоноор дамжуулан бидэнд илэрхийлж чадав” гэжээ.

Politico “Өөрийгөө Кремльд тасралтгүй сууж байх хугацаандаа Америкийн өмнөх ерөнхийлөгч нартай Москва яагаад барууныхантай сөргөлдөөнгүй болж чадаагүй тухай Путин ганц ч үг хэлсэнгүй. Оронд нь тэрээр АНУ-ын улс төрийн системийг бүхэлд нь намаг балчиг, Америкийн ардчиллыг хуурмаг хоосон зүйл гэж нэрлэн Карлсоноор дамжуулан Америкийн иргэдэд АНУ-ын өнөөгийн нийгмийн тогтолцоог ард түмнээс сонгогдсон хүмүүс удирддаггүй гэсэн мессеж хүргэлээ” гэж онцолжээ.

Украины тал энэхүү ярицлагыг “Хоёр цагийн худал хуурмаг суртал ухуулга” гэсэн бол Еврокомиссын албан ёсны төлөөлөгч Набила Массрали “Олон хүнд аль хэдийнэ үхэл хагацал, эвдрэл сүйрэл гэх мэт олон хохирол, хөнөөл учруулаад буй Путины хортой, хөнөөлтэй худал хуурмаг, суртал ухуулгыг дахин тараах боломж олгосон явдалд харамсаж байна” гэж мэдэгдэв.

Германы канцлер Олаф Шольц ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путины мэдэгдлийг эрс шүүмжилж “Энэ ярилцлага нь Украинд Оросын хийсэн бодит үйлдлийг доог тохуу болгох гэсэн оролдлого. Путин болж буй дайны шалтгааны талаар туйлын утгагүй түүх зохион ярьсан байна. Түүнд дайн эхлүүлсэн тодорхой шалтгаан үнэхээр бий. Энэ нь Оросын ерөнхийлөгчийн Украины газар нутгийн зарим хэсгийг өөртөө нэгтгэх хүсэл. Путины ярьсан болгон нь түүний империалист хүсэл эрмэлзлийн зорилгооос юу ч өөрчлөгдөөгүй гэдгийг дахин нотлов. Украины дайн хэзээ нэгэн цагт дуусна. Гэхдээ Оросын ерөнхийлөгчийн төсөөлж байгаагаар Украин бууж өгснөөр бус, харин дайныг зогсоох нөхцөл бүрдүүлсэний үр дүн байх болно” гэж мэдэгдэв.

Хиллари Клинтон “Такер Карлсон бол Оросын хувьд “ашигтай мулгуу” гэдэг улс төрийн хэллэгт багтах нэгэн” гэжээ.

А.Гитлер “Польш улс гэж байгаагүй” хэмээн дэлхийн II дайн эхлүүлсэн. Харин В.Путин “Украин гэж улс байгаагүй” гэж зарлан дэлхийн III дайны галыг өрдсөн. Энэ удаа В.Путин Карлсоноор дамжуулан “Польшууд тохиролцох саналд нь хариу өгөөгүй учраас А.Гитлер дайн хийхээс өөр арга байгаагүй” гэж мэдэгдэв. Энэ нь Германы фашистуудын удирдагчийг гэхээсээ өөрийгөө хамгаалах гэсэн оролдлого. Гэхдээ тэрээр өөрийгөө Германы фашистуудын удирдагчтай адил гэж хэлж буйгаа анзаарсангүй.

 

Г.АМАРСАНАА

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *