Categories
мэдээ нийгэм

Хил давуулан хулгайлсан малыг буцаах асуудлыг хариуцсан ажлын хэсэг байгуулна

Монгол Улсын Хууль зүй, Дотоод хэргийн яам болон Оросын Холбооны Улсын Дотоод хэргийн яамны Хилийн бүсийн хамтын ажиллагааны асуудлаар хамтарсан ажлын хэсгийн хуралдаан боллоо.

Энэхүү хуралдаанд Хуул зүй, Дотоод хэргийн дэд сайд Б.Энхбаяр, Оросын Холбооны улсын Дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга, орлогч сайд И.Н. Зубов тэргүүтэй төлөөлөгчид, ЦЕГ-ын зөвлөлийн гишүүдийн төлөөлөл, ХХЕГ болон Монгол Улс, ОХУ-ын хил орчмын бүс нутгийн цагдаагийн байгууллагуудын удирдах албан тушаалтнууд оролцов.

Хуралдааныг ХЗДХ-ийн дэд сайд Б.Энхбаяр нээж үг хэлэн Монгол Орос хоёр орны олон жилийн уламжлалт найрсаг, халуун дотно хамтын ажиллагаа хууль зүйн салбарт ч хадгалагдаж ирсэн болохыг онцлон тэмдэглэв.

Мөн 2001 онд Монгол Улсын Хууль зүй, Дотоод хэргийн яам, Оросын Холбооны Улсын Дотоод хэргийн яамны хамтын ажиллагааны хэлэлцээр, хамтран ажиллах тухай протокол байгуулсан нь хамтын ажиллагааны үндсэн баримт бичиг болсон юм.

Хоёр улс гэмт хэрэгтэй тэмцэх, алба хаагчдыг сургаж бэлтгэх, хамтарсан дадлага, сургалт зохион байгуулах, харилцан туршлага солилцох зэрэг олон чиглэлээр хамтран ажиллаж байгааг тодотголоо.

Мөн өнөөдрийн арга хэмжээ гурван мянга гаруй км урт газар нутгаар хиллэдэг хоёр орны хувьд ихээхэн үр дүнтэй байх учиртайг онцлоод хоёр орны хил орчмын иргэд өдөр тутам хууль эрх зүйн тун ярвигтай орчинд амьдарч байгаа тухай дурьдсан юм. Тиймээс “Бид хийж чадах боловч хийхгүй байгаа тэр асуудлыг юун түрүүнд эцэслэх ёстой” гээд анд нөхдийн хувьд нүүр нүүрээ харж байгаад тулгамдсан асуудлаа ярилцаж шийдэх ёстойг онцлов.

Ажлын хэсгийн хурлаар хил орчмын бүс нутгийн гэмт хэргийн нөхцөл байдлын талаар харилцан мэдээлэл сонсч, хар тамхи, галт зэвсэг, тэсрэх бодисын хууль бус наймаатай тэмцэх, хар тамхи, сэтгэцэд нөлөөлөх бодис, тэдгээрийн түүхий эдийн хууль бус наймаанд сэжиглэгдэж буй этгээдийн талаар шуурхай мэдээлэл солилцох асуудлыг хөндлөө.

Мөн хил орчмын бүс нутаг дахь малын хулгай, авто тээврийн хэрэгслийн хулгайн гэмт хэргийг илрүүлэх, оргон зутсан гэмт этгээд, сураггүй алга болсон хүнийг эрэн сурвалжлах асуудлаар ярилцсан юм.

Түүнчлэн улсын хил давуулан хулгайлсан малыг эргүүлэн өгөх болон хохирол барагдуулах асуудлыг хариуцсан ажлын хэсэг байгуулах тал дээр санал нэгдлээ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *