Categories
мэдээ цаг-үе

Хэвшүүлж сайжруулахад маш их хүчин чармайлт хэрэгтэйг биеэрээ мэдэрсэн

Манай зарим томоохон эмнэлгүүдэд 1998 оноос Японы Засгийн газрын буцалтгүй тусламжаар тоног төхөөрөмжийн иж бүрэн шинэчлэлийн төслүүд хэрэгжиж эхэлсэн. Тухайн тоног төхөөрөмжийг ашиглах, ажиллуулах талаарх олон сургалт дадлагыг Япончууд өөрсдөө явуулж ирсэн юм. Түүнчлэн эмнэлгийн сувилахуйн ухаан, арга ажиллагаагаараа дэлхийд өндрөөр үнэлэгддэг Японы сувилагч нар Монголын хөдөө орон нутагт ажиллаж өөрсдийн туршлагаасаа хуваалцсан билээ. Тэдний нэг Миюүки Хоригүчи Жайка олон улсын Байгууллагын хүмүүнлэгийн хөтөлбөрийн хүрээнд Монголд ирсэн бөгөөд Эрдэнэт хотын нэгдсэн эмнэлэгт мэргэжлээрээ хоёр жил ажиллаж эрүүл мэндийн салбар тэр дундаа орон нутгийн эмнэлгийн сувилагчдад өөрийн туршлага мэдлэгээсээ харамгүй хуваалцсан нэгэн аж. Тэрээр энд ажилласныхаа дараа ч монгол сувилагчдыг Японд урт, богино хугаацаагаар ажиллуулан, мэргэжлээ дээшлүүлж туршлага хуримтлуулах боломжийг эрэлхийлэхийн сацуу олон зүйлийг санаачлан хэрэгжүүлж байгаа нэгэн. Өнгөрсөн арванхоёрдугаар сард түүнийг Улаанбаатар хотод ирэх үеэр нь уулзсан юм.

-Та өөрийгөө танилцуулахгүй юу?

-1986-1989 онд Японы сувилахуйн их сургуульд суралцаж дүүргэсний дараагаар Хоккайда мужийн Саппоро хотын эмнэлгийн түлэнхий болон нүдний хавсарсан гэмтлийн тасагт өнөөг хүртэл ажиллаж байна. Америкт хэсэг хугацаанд мэргэжил дээшлүүлсэн.

-“Жайка” олон улсын байгууллагын шугамаар та манайд ирж ажилласан гэсэн. Яагаад заавал Монголыг, бүр орон нутагт ажиллахаар сонгох болов?

-Жайка олон улсын байгууллагаас сувилагч нарыг Азийн хөгжиж байгаа улс орнууд руу томилолтоор ажиллуулдаг л даа. Мэдээж тодорхой шалгуурыг хангасан тохиолдолд шүү дээ. Хэрэв шалгууртаа тэнцвэл хаана ажиллахыг маань “Жайка”-гаас хэлж өгдөг. Харин намайг Монголд, тэр дундаа Эрдэнэт хотын нэгдсэн эмнэлэгт ажиллуулахаар хуваарилсан юм. Удаан хугацаанд ажилласан эмнэлэг, дассан орчноосоо шал өөр газарт ажиллах нь сувилагчийнмэргэжилд минь туршлага нэмэгдүүлэхэд нөлөөлсөн. Наад зах нь гэхэд Эрдэнэтийн эмнэлэгт Саппоро хотын эмнэлгийнх шиг орчин үеийн багаж, тоног төхөөрөмж хүрэлцээтэй биш л дээ. Ийм нөхцөлд өөрсдийн уламжлалт аргаар өвчтөнөө үзэж, оношоо тавьж, ажиллаж байсныг биеэрээ харсан. Харин монгол сувилгач нарт хэлж сануулж хурдан хэвшүүлэх зүйл байсныг нөхрийн ёсоор хэлэхийг оролдож байв.

-Тухайлбал?

-Цалин хангамж нь бусад салбартай нь харьцуулахад ч дэндүү бага. Монголд авч байгаа цалингаараа амьдрахад нэлээд бэрхшээлтэй санагдсан. Өвчтөнтэй сэтгэл зүрхээрээ ажиллахад хүн ар тал, цалин мөнгөндөө санаа зовохгүй байх хэрэгтэй л дээ. Тиймээс ажилдаа чин сэтгэлээсээ бус, оромдсон маягаар ажиллаж байсан сувилагч цөөнгүй байсан. Цалин бага учраас өвчтөний ар гэрийнхний гар цайлгаж өгсөн мөнгө, эд зүйлсийг авахгүй гээд яах билээ. Эмнэлэгт өвчтөнийг асруулах гэж сувилагч ажиллуулдаг. Гэтэл өвчтөнөө асрахгүй байж ажлынхаа хажуугаар элдэв бараа таваар ажилчдадаа зарж гүйгээд эсвэл оймс, элдэв зүйл нэхээд, хатгамал оёод суучихаж болохгүй биз дээ. Үнэнийг хэлэхэд ч заримдаа “энэ чинь эмнэлэг мөн үү” гэж бодогдох үе байсанл даа. Японд бол сувилагч хүн нэг хором ч зүгээр суудаггүй учраас ажилдаа хандах дээрх назгай үйлдлүүдэд нь анхнаасаа шүүмжлэлтэй хандсан. Монгол эмнэлгийн дарга, тасгийн эрхлэгчид нь надаас суралцахыг сувилагчдад үүрэг болгосон учраас миний хэлж зөвлөснийг их анхаардаг байсан. Наад зах нь ажлын цагаар бохь зажилж, босон суун үргэлж утсаараа яриад хэрэггүй, дэлхий дахинд тэгдэггүй юм гэдгийг ойлгуулсан. Хэлний бэрхшээл байсан ч хэдхэн сарын дараа хамт ажиллагсадтайгаа төвөггүй ойлголцдог болсон. Монгол хэл сурах надад амаргүй байсан ч би сурах гэж чармайсан. Миний ажилласан эмнэлэгт сувилагчийн тоо хүрэлцээтэй харин сувилагчдын ажиллах хөшүүрэг нь дутагдалтай байсан.

Монголчууд маш элэгсэг дотно, зочломтгой ард түмэн. Би тэдэнтэйгээ ойртож, зайлшгүй хэрэгтэй зүйлээ ойлгуулахын тулд ар гэрийнхэнтэй нь дотносож чармайлт гаргаснаар миний ойлгуулах гэж байгаа зүйлийг хүлээж авах, хандах нь хүртэл дээрддэг юм билээ.Харамсалтай нь эдгээрийг хэвшүүлэхэд маш их хүчин чармайлт хэрэгтэй байлаа. Эмнэлэг дээр өвчтөнийхөө гар хөлийг байнга угааж, эм тариаг нь хийхэд монгол сувилагч, өвчтөнүүд ихэд гайхаж байсан. Энэ бол сувилагч асрагч хүний заавал хийх ёстой л ажлуудын нэг. Японд ийм л байдаг. Монголд сувилагч нарын ажлын хуваарь хэт замбараагүй юм шиг санагдсан. Шалаа арчаад гүйж явснаа хоол зөөгөөд, тэгснээ тариагаа хийгээд явж байх жишээтэй. Сувилагч хүн өвчтөнөө л асраад, тариагаа л хийх ёстой.

-Эмнэлгийн орчин нөхцөлөөс гадна, монголчуудын соёл иргэншил, амьдралын хэв маягийн хувьд анзаарсан сонин содон зүйлс гэвэл?

-Японд эмнэлэгт үзүүлэхээр ганцаараа явдаг. Харин Монголд дандаа гэр бүлийнхээ нэг гишүүнийг албатай юм шиг дагуулж эмнэлэгт ирэх юм. Энэ нь эмнэлгийн ачааллыг нэмж үйлчилгээг хүндрүүлээд байгаа юм. Гэхдээ монголчууд гэр бүлийн халуун харилцаатайгаас гадна бие биенээ гэсэн чин сэтгэлтэй юм гэдэг нь эндээс харагдаж байсан л даа. Түүнээс гадна нэг зүйл хэлбэл, Монгол хүн аливаад зоривол маш бүтээлтэй ханддаг сайхан чанартайг ойлгосон. Энэ нь цаг уур, хоол хүнстэйгээ ч нэг талаар холбоотой байхыг үгүйсгэхгүй л дээ.

-Монголын эрүүл мэндийн салбарын үйлчилгээ танайх шиг төгс биш учраас дундаж наслалт богино гэх өнцгөөс харах хүмүүс цөөнгүй. “Тогоон” дотор нь орж ажилласан хүний хувьд энэ тал дээр юу гэмээр байна?

-Дундаж наслалтаараа Япон дэлхийд дээгүүрт ордог ч эрүүл хүмүүсийн дундаж наслалт гэвэл арай өөр статистик үзүүлэлт гарна. Өөрөөр хэлбэл эрүүл, өндөр настай хүн гэсэн үг. Өндөр настангуудын дийлэнх нь асрамжинд орж, зөвхөн эмчилгээгээр амь зогоодог. Угтаа бол биологийн эрүүл наслалтаар дундаж наслалтыг тогтоодог байвал зүгээр.

-Цагаан сар, наадам зэрэг үндэсний баяр, бууз, хуушуур, борцтой шөл зэрэг үндэсний хоол хүнс танд ямархуу санагдсан бэ?

-Монгол уламжлалт баяр наадам ёс заншлыг дээд зэргээр хүндэлдэг.Би үндсэндээ монгол хоолоор дагнадаг байсан шүү.

Тэр хэзээний танил дотно болсон Монголынхоо хүйтэн өвлөөр ирээд долоо хоноод буцлаа. Японоос зузаан нэхий куртка, малгай ороолтоо аваад гарчээ. Тэрээр Монголд ирэнгүүт 1-р эмнэлгийн нүдний кабинет болон тасгаар, Эрдэнэтийн эмнэлгээрээороод гарчээ.

Японы эмнэлгүүдэд сахарын өвчний улмаас хөл гараа тайруулсан өвчтөнүүд нэлээд бий. Тийм хүмүүст өдөр тутмын амьдралаа хэрхэн авч явах, ялангуяа хоолны дэглэмээ хэрхэн баримтлах талаар уйгагүй зааж сургах шаардлагатай байдаг. Хүмүүс ойлгоод гүйцэтгээд, хэвшээд ирэхээр л сувилагч бид их урамшиж баярладаг даа.Цаашлаад, хүмүүст хараагаа хамгаалж сайжруулахын тулд алс холын юм үргэлж харж байхыг хүртэл зөвлөх явдал байдаг шүү хэмээн тэр ярьж байсан юм.

Миюүкиг Эрдэнэтэд хоёр жил ажиллах хугацаанд Япон дахь гэр оронд нь гачигдал гарч, улмаар аав нь 70 гаруйхан насандаа бурханы оронд одож түүний хувьд хүнд цохилт болжээ. Гэр орныхон нь монгол руу буцаад яахав дээ, бидний ийм байдал чамайг улам ядраана гэж байж. Харин би Монголд нэгэнт эхэлсэн ажлаа заавал дуусгана гээд буцаад ирсэн гэж нулимс цэлэлзүүлэн ярьж суугаа япон бүсгүйн ярианаас зорилгоо эрхэмлэхяпон хүний эрхэм чанар нь харагдаж байлаа.

Япон эмнэлэг-сувилгааны албаны элч төлөөлөгч Миюүки нь хөгжилтэй орны сувилахуйн арга, эмчилгээний технологийг Монголд нэвтрүүлэхээр ажиллаад нутаг буцахдаа “Монгол сувилагчдын мэргэжлийг Японд хэрхэн дээшлүүлж болох бол” гэсэн чин санаа өвөрлөөд харьжээ. Филиппин, Вьетнам, Индонез, Малайз зэрэг орны сувилагчдыг Японд дагалдан ажиллуулж, мэргэжлийн үнэмлэх олгох сургалтанд хүртэл хамруулдаг юм байна. Зарим нь тэндээ Японы эмнэлэгт хэсэг хугацаагаар ажилладаг гэнэ. Дээрх ажиллагаа нь хоёр орны Засгийн газрын хэлэлцээрээр хэрэгжих ёстой юм билээ. Миюүки үүний төлөө ухаанаа уралдуулж, Монголд зориуд нэг ирж асуумж судалгаа цуглуулж материал бүрдүүлснийгээ өөрийн мэргэжил дээшлүүлэх сургалтын илтгэлд хөндөж, хэлэлцүүлсэн байгаа юм.

Миюүки Жайкагийн томилолтоо дуусгавар болгоод буцахынхаа өмнө эмнэлэгт зайлшгүй хэвших ёстой зүйлийн жагсаалт, цаашлаад орчин үед эмнэлэгт гаргаж болохгүй сувилагч нарын үйлдэл, зан харилцааны санамжийг ЭМЯ-ны Сувилахуйн албанд бичиж үлдээгээд түүнийгээ эмнэлгүүдэд түгээхийг өөриймсөгөөр хүсэмжлэн орхисон ажээ. Эгэл жирийн сувилагч энэ эмэгтэй манайд хоёрхон жил ажиллахдаа анагаахын салбарын гогцоо асуудлуудыг ийнхүү хөндөөд, ид хүйтнээр Хялгантад өвөлжиж буй монгол эмээ, өвөө хоёрыгоо эргэж амжсанаар халуун итгэл сэтгэл тээн нутаг буцсан билээ.

М.УУГАН-ЭРДЭНЭ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *