Хэвлэл мэдээллийн зөвлөл байгуулагдаад жил гаруй хугацаа өнгөрчээ. Монголын хэвлэл мэдээллийн байгууллагуудын төлөөллийг багтаасан тус зөвлөлд өнгөрсөн хугацаанд үзэгч, уншигч, сонсогчдоос ёсзүйн холбогдолтой 20 гаруй гомдол ирсэн байна. Энэ гомдлын 70 хувь нь тогтвор суурьшилгүй, албан ёсны редакцгүй хэвлэл мэдээллийн байгууллагаас үүдэлтэйг өнөөдөр болсон “Ёсзүйтэй сэтгүүлзүйн төлөө” хэлэлцүүлгийн үеэр салбарынхан онцоллоо. Тогтвор суурьшилгүй ажилладаг редакц, албан ёсны сэтгүүлч, сурвалжлагчгүй, нэг хүний нэр дээр олон үйл ажиллагаа явуулдаг сайтуудтай холбоотой ёсзүйн зөрчил их боловч үүнийг хэрхэн зохицуулах асуудал тодорхойгүйг энэ үеэр салбарынхан дурьдаж байсан юм.
Мөн УИХ-ын гишүүн М.Оюунчимэг Монголын хэвлэл мэдээллийн салбарынхан өмнө нь өөрийн зохицуулалтгүйгээс алдаа гаргавал шүүх, цагдаад хүрдэг байсан явдал зөвлөлтэй болсноор ард хоцорсон гэдгийг онцоллоо.
Монголын хэвлэл мэдээллийн салбарынхан 20 гаруй жил ярьсан, Хэвлэл мэдээллийн зөвлөлөө өнгөрсөн жил байгуулсан билээ. Ингэснээр сэтгүүлчид хүний нэр төрд халдсан, гүтгэсэн гэж буруутгагдвал шүүхэд, хуулийн хатуу зүйл заалтаар зохицуулагддаг байдал өөрчлөгдөж, ёсзүйн асуудлыг салбарын байгууллагаараа шийдвэрлүүлэх болсон. Иргэдийн зүгээс ч сэтгүүлчийн үйл ажиллагаатай холбоотой асуудлаар зөвлөлд хандах нь нэмэгдэж байгааг Хэвлэл мэдээллийн зөвлөлийн УЗ-ийн гишүүн С.Шаравдорж онцоллоо.
Энэ хугацаанд 40 гаруй хэвлэл мэдээллийн байгууллагад холбогдох 20 гаруй гомдол зөвлөлд ирсний 80 гаруй хувь нь тухайн хэвлэл мэдээллийн байгууллага ёсзүйн алдаа гаргасан гэх дүгнэлтэд хүрчээ.
Хэвлэл мэдээллийн зөвлөлд ирсэн гомдлын дийлэнх нь мэдээллийн эх сурвалж баталгаа нотолгоогүй, хүний нэр хүндэд халдсан байдаг талаар Ёс зүйн хорооны гишүүн, “News” агентлагийн дэд захирал Д.Нарантуяа илтгэлийнхээ үеэр хэллээ. Сэтгүүлчдийн ёсзүйн зарчмын гол заалт болох “Олон түмэнд үнэнд нийцсэн мэдээлэл хүргэх, хүнлэг ёс, хүн чанарыг эрхэмлэх… Мэдээллийг нягтлах нь сэтгүүлзүйн нягт нямбай үйл ажиллагааны үндсэн зарчим”-ыг ихээр зөрчиж буйг тодотголоо. Мөн мэдээллийн эх сурвалж нь таамаг ярианд суурилсан, нийгэмд хэвшмэл бус ойлголтыг хэт дэвэргэсэн, бодит байдлыг сүр бадруулж томруулсан гомдлууд ч эзэлсэн байна.
Эцсийн дүндээ ёсзүйтэй ажиллах, алдаа гаргахгүй байх гол хөшүүрэг нь өдөр тутмын ажилдаа ёсзүйн зарчим, стандартаа баримтлах гэдгийг салбарынхан онцолсон юм. Мөн редакциуд мэдээллийнхээ чанар, агуулгаар өрсөлдөх нь чухал гэдгийг тодотгож байлаа. Цаашлаад Хэвлэл мэдээллийн зөвлөлийг олон нийтэд таниулж, идэвхтэй ажиллуулах нь сэтгүүлзүйн салбарынхнаас гадна олон нийт, нийгэмд эерэг нөлөө авчирна гэдгийг салбарынхан онцолж байсан юм.