Categories
мэдээ улс-төр

Хэрэгтнийг хил давуулсан шүүгч “Х” гэж хэн бэ? DNN.mn

Монголд хөрөнгө оруулахаар ирсэн гадаадын иргэдийг залилдаг, хөрөнгийг нь булааж аваад хилээр хөөгөөд гаргачихдаг тухай баримт мэдээллүүд нэлээд эртнээс яригдаж, бичигдэж ирсэн сэдэв. Бүр хууль хяналтын байгууллагын томчууд, хурандаа нар хамсан хөрөнгө оруулагчдыг хохироосон ноцтой баримтуудыг Хууль зүй, дотоод хэргийн сайд нь зарласан. Тэр дундаас нэлээд алдартай нь Их Британийн ерөнхий сайд асан Борис Жонсоны төрсөн дүү Макс Жонсонтой холбоотой хэрэг юм.

Товчхондоо бол энэ хэрэг ингэж өрнөсөн. Макс Жонсон 2016 онд Хонконгийн “GRF” хөрөнгө оруулалтын сангаар дамжуулан Дорноговь аймгийн “Засаг Чандмань Майнз” компанийн уул уурхайн төсөлд 19 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн гэдэг. Гэвч “Засаг Чандмань Майнз”-ын захирал Д.Буянтогтох бусадтай үгсэн хуйвалдаж 19 сая ам.долларыг нь хувьдаа завшсан. Макс Жонсон Монголын шүүх байгууллагуудад нэхэмжлэл гаргасан ч үр дүнд хүрээгүй. Хариуцагч Д.Буянтогтох нь хил даваад зугтаачихсан. Эцэст нь тэрээр Арбитрт хандсан. Эцсийн шийдвэр гараагүй байгаа.

Макс Жонсон байсхийгээд Монголд ирдэг. Шүүх байгууллагууд нэхэмжлэлийг нь хангаагүй учраас төр засгийн удирдлагуудад ханддаг, хохирлоо нөхөн төлүүлэхийг шаарддаг. Тэрээр хамгийн сүүлд Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатартай хэд, хэдэн удаа уулзжээ. Энэ уулзалтын талаар сайд Х.Нямбаатар өнгөрсөн долоо хоногт ноцтой баримт ярив.

Тэрээр “…Их Британийн ерөнхий сайд асан Борис Жонсоны төрсөн дүү Макс Жонсонтой би сарын дотор хоёр ч удаа уулзаж байна. Тэрбээр “Миний хохирсон асуудлыг шийдээд өгөөч ээ. Би цаашид Монгол Улсад шударгаар хөрөнгө оруулалт хийж Монголын эдийн засагт хувь нэмэр оруулмаар байна. Би 19 сая ам.доллар Д.Буянтогтох гэж хүнд бэлнээр өгсөн Дорнод аймгийн Дэлгэрэх сумын нутагт байдаг орд дээр хамтарч ажиллая гээд өгсөн мөнгө маань байхгүй болчихсон. Энэхүү хүнийг шалгуулж байсан шүүхийн шүүгч нь энэ хүний хэргийг тавиулаад АНУ руу гаргаад явуулчихсан” гэсэн.

Д.Буянтогтох нь ТЕГ-ын дарга асан Б.Хурцын үеэл гэдэг билүү, нагац гэдэг билүү ойрын хүн нь. “Х” гэх шүүгч Д.Буянтогтохын хилийн хоригийг авсны маргааш нь нөгөөх нь “Koreаn air”-ээр АНУ руу явчихсан. Нөгөөдөр нь буцаагаад хилийн хоригийг нь тавьчихаж байгаа юм. Нөгөө шүүгч нь одоо ажлаа хийж байгаа…” гэв.

Энэ мэдээлэлд олон ноцтой баримт дурдагдаж байгаа юм. Хариуцагч Д.Буянтогтох гэгч Тагнуулын ерөнхий газрын дарга асан Б.Хурцын ойрын хамаатан гэх. Бүр ноцтой нь шүүгч “Х” хэрэгтний хил давах эрхийг цуцлаад хилаар гарсны маргааш нь буцаад сэргээсэн тухай. Энэ үйл явдал 2020 онд болсон гэдэг. Тэгвэл тэр “Х” гэх шүүгч хэн бэ?

Аливаа хэргийн таслан сэргийлэх бүх төрлийн арга хэмжээг анхан шатны шүүхээр хэлэлцэж шийдвэрлэдэг. Өнөөдөр Улаанбаатар хотын хэмжээнд эрүү, иргэн, захиргааны хэргийн анхан шатны 17 шүүх ажилладаг. Тэгвэл дээрх 17 шүүхэд “Х” үсгээр эхэлсэн нэлээд олон шүүгч байна. Тухайлбал, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Хишигбат, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүгч Б.Хишигбаатар нар байгаа бол эрүүгийн хэргийн шүүхүүдээс Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүгч Г.Хатанцэцэг, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүгч Б.Халиун, Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүгч Д.Халиуна нар байгаа юм.

Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатарын ярьснаар бол “Х” гэх шүүгч өнөөдөр хүртэл ажилладаг гэж үзвэл дээрх шүүгчдээс л шүүрдэж харахаар болчихоод байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *