Categories
амьдралын-өнгө мэдээ нийгэм

Хэнтий аймаг 90-ээс дээш настай ахмадууддаа 30 мянган төгрөг олгоно

Хэнтий аймгийн Засаг даргын дэргэдэх Удирдлагын зөвлөлийн өнөөдрийн хуралдаанаар сар шинийг угтан 90-ээс дээш настай 90 ахмадад тус бүр 30 мянган төгрөгийн дэмжлэг үзүүлэхээр болжээ.

Ахмад настны тухай хуулиар билгийн тооллын хаврын тэргүүн сарын шинийн нэгнийг тохиолдуулан тухайн нутаг дэвсгэрийн хамгийн өндөр настан болон 90, түүнээс дээш настай ахмад настанд аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хорооны Засаг даргын мэндчилгээ, гарын бэлэг гардуулахыг хуульчилсан.

Хэдийгээр энэ жил цар тахлаас шалтгаалан цагаан сарыг тэмдэглэн өнгөрөөхгүй ч, зөвлөлийн хурлаар ахмадуудад дэмжлэг үзүүлэх нь зүйтэй гэж үзсэн байна.

Мөн хурлаар 2020 оны бүтээн байгуулалт, уул уурхайн компаниудын удирдлагуудтай уулзалт зохион байгуулах, сумдын төсөвт байгууллагуудын халаалт, урсгал зардалтай холбоотой аймгийн Засаг даргын орлогч Ц.Чогсомжаваар ахлуулсан ажлын тайлан, Агентлагуудын ажил, цаг үеийн асуудлаар хэлэлцсэн байна.

Дулаанаар хангагч ААН-үүдийн Сумдын төсөвт байгууллагуудад халаалт өгч байгаа талбайн хэмжээг Ц.Чогсомжаваар ахлуулсан дөрвөн ажлын хэсэг өнгөрсөн долоо хоногт газар дээр нь хүрч хэмжилт хийлгэхэд төсвийн хэмнэлт хийх боломж бүрдсэнийг зөвлөлийн хурлаар танилцуулсан бөгөөд энэ долоо хоногт бодит тооцоог гаргаж, цаашид дулаанаар хангагч байгууллагуудтай хэмжилт хийсэн талбайн хүрээнд дулааныг тооцож, төсвөөс санхүүжүүлэх, гэрээ хийх зарчмыг баримтлах аж. Хэнтий аймгийн төв Чингис хотод мөн төсвийн байгууллагын талбайг хэмжих ажил удахгүй эхэлнэ гэж Хэнтий аймгийн Засаг даргын Тамгын газраас мэдээллээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *