Categories
мэдээ улс-төр

Хэлмэгдэгчдийн гэр бүлд тэтгэмж олгох төсөл мэдүүлэв

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөн олговор олгох зорилгоор УИХ-ын дарга З.Энхболд, УИХ-ын дэд дарга Л.Цог, УИХ-ын гишүүн, УИХ-ын Өргөдлийн байнгын хорооны дарга О.Баасанхүү, УИХ-ын гишүүн Д.Арвин нар Засгийн газарт чиглэл өгөх тухай УИХ-ын тогтоолын төслийг санаачлан боловсруулжээ. Энэхүү тогтоолын төслийг УИХ-ын даргад өнөөдөр өргөн мэдүүлсэн байна.

Төсөлд улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэн, буудан алах ялаар шийтгүүлсэн хэлмэгдэгчдийн эхнэр, нөхөр, хүүхэд буюу “Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөн олговор олгох тухай” хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.1, 10.1.2, 10.1.3-т заасан иргэдэд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 60 хувьтай тэнцэх мөнгөн тэтгэмжийг төрөөс сар бүр олгох талаар тусгасан байна. Тодруулбал, тэтгэмжийн хэмжээ 100 мянган төгрөгтэй тэнцэх аж. Үүнтэй холбоотойгоор холбогдох судалгааг хийж, хуулийн төслийг боловсруулан УИХ-ын 2015 оны намрын ээлжит чуулганы хугацаанд өргөн мэдүүлэхийг Засгийн газарт даалган чиглэл болгожээ.

Онцлоход, төсөл санаачлагчдын хийсэн судалгаагаар улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэн буудан алах ялаар шийтгүүлсэн хэлмэгдэгчийн ар гэрийнхнээс 400 орчим иргэн амьдарч байгаа аж. Тэд 76-92 насныхан юм байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *