Categories
мэдээ нийгэм

ХЭЛЭХ ЭРХИЙН ИНДЭР: Утааг бууруулахад хүн бүрийн идэвхтэй оролцоо чухал

Баянгол дүүргийн XIII хороо иргэн Б.Балдангомбо

Нийслэлчүүд хорт утаанаас болж эрүүл мэндээрээ хичнээн их хохирч байгааг бид бүхэн мэдэж байгаа хэрнээ оновчтой ажлыг зохиож, үр дүнд хүрч чадахгүй, өнөө л утаагүй зуух, утаагүй түлшнийхээ талаар ярьсаар өдийг хүрлээ. Утааны эсрэг хичнээн ч их хөрөнгө зарлагадав. Нийслэлийг утаагүй болгоход их хөрөнгө зараад, сүйд болоод байх хэрэггүй мэт санагдах юм. Хүний хүчин зүйл, ажлын зохион байгуулалт, сурталчилгааны техник хэрэгсэл, орчин гэсэн өөр хоорондоо харилцан уялдаа бүхий дөрвөн цогцолбор арга хэмжээг авч хэрэгжүүлж чадвал хот утаагүй болно. Иргэн бүр утаа гаргадаг эх үүсвэрүүдээс татгалзаж, нийслэлд амьдарч байгаа сая гаруй иргэдийхээ эрүүл мэнд, эрх ашгийг бодож, ухамсартай хандаж, утаагүй дулаан гаргадаг цахилгаан ба шатдаг хийгээр ажилладаг техник хэрэгслүүдийг өргөнөөр ашиглахыг уриалмаар байна. Энэ талаар улсаас тодорхой хөнгөлөлт үзүүлж байгаа. Шөнийн цагийн цахилгааны үнийг тэглэсэн ба цахилгаан халаагуурууд нь ч төрөл төрлөөрөө байх юм. Харин эдгээр халаагууруудыг худалдан авахад нь дэм болж хөнгөлөлттэй зээлд хамруулах ажлыг зохион байгуулмаар байна. Мөн машины утаа ч бас нөлөөлж байгааг үгүйсгэх аргагүй юм. Иймээс жолооч бүр хэт их утаа гаргаж байгаа машинаа засуулж, нийтийн үйлчилгээнд соёлтой оролцохыг хүсч байна. Зарим дизель хөдөлгүүртэй машин хар утаа суунаглуулан явж байхад түүнийг зохицуулах үүрэгтэй замын цагдаа нар харсан ч хараагүй юм шиг байж болох уу. Жил бүр бүх машинд техникийн үзлэг хийж байгаа биз дээ. Тийм доголдолтой машинуудыг шууд зогсоох хэрэгтэй. Утааны хор хохирлыг иргэддээ ой тойнд ортол нь сурталчлах хэрэгтэй юм шиг санагдана. Сиднейд цаг тутам, нисдэг тэрэг хотын дээгүүр нислэг хийж, хотын үйл ажиллагааг агаараас ажиглан, илэрсэн зөрчлийг дор нь зургийг авч баримтжуулан холбогдох газруудад шууд мэдээлж, шуурхай арга хэмжээ авдаг юм билээ. Хаана гал түймэр, утаа униар гарч байгааг газар авахуулахгүй шийдвэрлэж чаддагаар нь бахархмаар. Манайд ингэж чадахгүй юм гэхэд хотын захын хорооллуудад камерыг олшруулан, гарч байгаа зөрчлүүдийг баримтжуулахад бүрэн боломжтой мэт.

“Өдрийн сонин”-ы “Хэлэх эрхийн индэр”-т оролцон үзэл бодлоо илэрхийлэхийг хүсвэл 99650208 дугаарын утсаар холбоо барина уу.

Тэмдэглэл хөтөлсөн Э.МӨНХТҮВШИН

С.ЦОМОРЛИГ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *