Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

ХЭЛЭХ ЭРХИЙН ИНДЭР: “Өгөх өдөр”-өөр хэн нэгэнд бодитой тусалцгаая

Доктор профессор, согог судлаач Я.Цэвээнлхазал

Маргааш “Өгөх өдөр” тохиох гэж байна. Үүнтэй холбоотойгоор “Өдрийн сонин”, тэр тусмаа тус сонины сэтгүүлч Э.Энэрэл үндэсний “Өгөх өдөр”-ийн талаар хүчтэй дуу хоолой илэрхийлж байгаа. Юуны өмнө уншигчдынхаа өмнөөс үүнд талархаж байна. “Нэг сэдвээр” гэх буланд хүнээс авахаас өгөхийг мэдэхгүй, хулгай хийж бусдыг холгохоос өөр зүйлийг мэдэхгүй өнөөгийн нийгэмд зөв сэдвийг хөндөн гаргаж ирсэнд баяртай байна. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн төлөө, ялангуяа Монголын өдөр тутмын хамгийн том төв хэвлэл дуугарч байгааг би олзуурхаж байгаа. Би 50 гаруй жил хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдтэй ажиллаж байна. Энэхүү ажлынхаа чиглэлээр ном хүртэл гаргасан нь эцэг, эхчүүдэд их хүрсэн. Энэ нэгэн хэлбэрийн буян юм. Миний нэг шавийн гэр бүлийн хүн хүнд өвчинд нэрвэгдэж тархины гэмтэл авсан. Түүнд зориулсан хандивын тоглолтыг Бөхийн өргөөнд хийх гэж байгаа. Энэ өгөх өдрөөр хүмүүс таван төгрөг ч гэлтгүй нэг нэгэндээ тусалж үгээр биш үйлдлээр хайраа илэрхийлээсэй гэж хүсч байна. Миний хувьд хүүхдүүдтэйгээ хамтраад өгөх өдрөөр саажилттай хүүхдүүдэд бие сэтгэлээ зориулж саажилттай хүүхдүүдийн аравдугаар цогцолбор, тусгай сургуульд сурч байгаа хүүхдүүдэд дасгал хөдөлгөөний аргаар зовлонг нь нимгэлэх ийм ажил хийж байгаа. Энэ нь томоохон сэтгэлийн өглөг болох болов уу гэж бодож байгаа.

Энэрэнгүй сэтгэлийг түгээж, нийгэмд буян түгээхийг манлайлж гаргаж ирнэ гэдэг сайхан зүйл. Далай лам “Шинжлэх ухааныг хэтэрхий их шүтсэнээс болоод хүмүүс их харгис болжээ. Дайн дажин салж өгөхгүй байгаагийн гол буруутан нь сэтгэлийн боловсрол дутаж байна” гэж хэлээд байгаа юм. “Өдрийн сонин”-ы Нэг сэдвээр гэсэн буланд гарсан энэ нийтлэлийг уншихаар өвөрмөц бичлэгийн арга хэрэглээд байгаа юм. Энийг уншсан хүн нээрээ л би чинь дэмий худлаа өрөвдөөд байгаа болохоос хүнд нэг удаа ч гэсэн тусалж чадахгүй байгаа юм байна шүү гэж бодох байх. Тиймээс нэг ч гэсэн хүнд сэтгэлийн өглөг барьж хэн нэгэнд урам хайрлая гэж уриалмаар байна.

Хэлэх эрхийн индэрт оролцон үзэл бодлоо илэрхийлэхийг хүсвэл 95260351 дугаарын утсаар холбоо барина уу.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *