Categories
мэдээ цаг-үе

ХЭЛЭХ ЭРХИЙН ИНДЭР: “Нийтийн эрхийг хамгаалах холбоо”-нд эрх нь зөрчигдсөн иргэд хандаарай

СБД-ийн XI хорооны иргэн Ж.ТУУЛ

Өнөөдөр гэр хорооллыг дахин төлөвлөж байна л гэнэ. Зарим газар дахин төлөвлөлтийн ажил зогсонги байдалд орсон. Манай хороонд долдугаар хорооллын барилгыг “Бэрэн” компани барьж байгаа. Долдугаар хорооллын барилгын байр болгоноос нэгээс, хоёр метр квадрат дутуу байгаа тухай олон иргэн гомдол мэдүүлж байна. Агааржуулалт байхгүйгээс цонхнууд нь ууршиж цантсан байгаа. Уг нь дулаахан байр юм билээ. Ослын шатны стандарт налуу, хамгаалалттай байх ёстой ч эгц, хамгаалалтын хашлагагүй шаттай. Долдугаар хороололд орон сууцанд орсон иргэд эрх нь зөрчигдсөн гэж үзээд холбоо байгуулж, иргэдийн санал гомдлыг цуглуулж шийдвэрлүүлэх арга хэмжээ авч байгаа юм билээ. “Бэрэн” компани төсөл хэрэгжүүлэгч, төсөл гүйцэтгэгч нь Бээжин констракшн. Тэр нь Монгол Улсын Засгийн газартай орон сууцны метр квадратыг нь нэг сая 500 мянган төгрөг байхаар гэрээлсэн байдаг. Төсөл хэрэгжүүлэгч нь метр квадрат нь нэг сая 800 мянга болгож, мөнгө унагасан.

Нийслэлийн хэмжээнд дүүрэг дүүргээс хүмүүс оролцоод, “Нийтийн эрхийг хамгаалах холбоо” байгуулсан. Энд тэндгүй иргэдийн эрх ашиг хохирч байна. Иргэд эрхээ хамгаалаад явах гэхээр тэмдэгтийн хураамж төлөх, зардал чирэгдлээс болоод тууштай явж чадахгүй хохирсон дээрээ хохироод үлдэж байна. Асуудлаа шийдвэрлэх гарцаа ч тэр бүр мэддэггүй. Тийм учраас “Нийтийн эрхийг хамгаалах холбоо” байгуулсан. Энэ холбоо хуульч, өмгөөлөгчийн багтай ажиллаж байгаа.

Иргэдэд хандаж хэлэхэд аль ч салбарт эрх нь зөрчигдсөн байсан манай холбоонд хандаж болно. Гэр хорооллын дахин төлөвлөлтөд хамрагдсан иргэд, авто цогцолборт шилжсэнтэй холбоотой автомашины ченжүүд хүртэл асуудал үүссэн гээд явж байгаа. Олон хүн бидэнд хандаж байна. Эрх нь зөрчигдсөн хүмүүс Нийтийн эрхийг хамгаалах холбоонд хандаж болно. Тэднийг асуудлаа шийдэхэд гарц олж өгөхөөр манай холбоо байгуулагдсан юм шүү. Удахгүй бид Нийтийн эрхийг хамгаалах холбооны сайт нээх юм. Энд хандах боломжтой болно.

Хэлэх эрхийн индэрт оролцон үзэл бодлоо илэрхийлэхийг хүсвэл 95260351 дугаарын утсаар холбоо барина уу.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *