Баянгол дүүргийн VII хорооны иргэн Г.ДОРЖ
Хүүхдийн анхны байгууллагын ойг тэмдэглэх тухай чухал асуудал сонин хэвлэлд нийтлэгдэж байна. Манай улсад 1924 оны тавдугаар сарын 25-нд 200 сурагч нэгтгэсэн, 14 салаа дөрвөн бүлэгтэй Монголын пионерийн байгууллага үүсэн байгуулагдаж, тэр жилдээ Монголын пионерийн анхдугаар чуулга хуралдаж, пионерийн зуслан байгуулагдсан түүхэн баримтууд нь Улсын төв архивт байдаг. Гэтэл зарим сонин хэвлэлд бичсэн нь зөрөөд байгааг нягтлан зөв тогтоох нь бэрх маргаантай асуудал биш байх.
Харин энэ ойн ажлын агуулга ач холбогдол нь энэ байгууллагыг сэргээн зохион байгуулахад л байх болов уу. Энэ бол нийгмийн хэрэгцээ шаардлага юм. Хүүхдийн олон байгууллагын хүч бололцоог нэгтгэн зохион байгуулж, Монгол Улсын хүүхдийн (пионерийн) нэгдсэн байгууллага бий болгож, орон даяар өргөн хүрээнд далайцтай ажил хиймээр байна. Монгол Улсын хүүхдийн байгууллагыг нэг нарийн бичгийн даргадаа хариуцуулан удирдаж байсан түүхэн уламжлал туршлага Монголын залуучуудын байгууллагад бий. МЗХ энэ ажлыг хариуцан удирдмаар байна. Энэ байгууллагад хүч бололцоо байгаагаас гадна ажлын хүрээ агуулгад ч хамаарагдана гэж өвгөн багш би бусдын адил найдаж итгэж байна. Нийгмийн байгууллаас үл хамааран тийм байгууллага байх зайлшгүй шаардлагатайг дэлхийн олон улсын түүх нотолдог. Хүүхдийн байгууллага 1925 онд Америкт “Ирээдүйн гэр бүлийн эзэд, 1945 онд Францад Пионерүүдийн холбоо, ХБНГУ-д “Хараацайнууд”, Англид “Ойн иргэд” нэртэй байгуулагдаж өнөөг хүртэл ажиллан олон улсын хурал зөвлөгөөн, олон ажил зохион байгуулж байдаг.
Хүүхдийн байгууллагын ажил олон төрөл хэлбэр агуулгатай байдаг ч хүүхэд залуучуудын хүмүүжлийн асуудал нэн тэргүүнд тавигдаж, бусад ажлын түших багана, суурь нь болж амьдралын бүхий л асуудал үүнээс хамааралтай байдаг. Сурах ажиллах ёс зүйтэй, зөв амьдарч иргэнших нөхцөл боломжийг гагцхүү зөв хүмүүжил олгоно. Чингис хааны “Хэн ч хөвгүүд дүү нараа сурган цээрлүүлэхдээ улс үндэснийхээ уг ёсыг бүү март… Үндэс язгуураа бүү марттугай хэмээн үр хүүхдээ сургатугай. Манай үйлсийн шургуу замыг мартуулж үл болмуй” гэсэн сургаал байдаг. Зөв хүмүүжилд уламжлал, ахмадын үг, сургамж чухал. Эрт дээр үеэс манай ахмад үеийнхэн үе залгамжлан ахмадын сургаал, өв уламжлалаа эрхэмлэн даган мөрдөж, баяжуулан үр хүүхдээ хүмүүжүүлж ирсэн нь үндэсний бахархал соёл оюун ухааны өв ариун арвин сан хөмрөг бөгөөд түүний ундарга дундарч ширгэшгүй. “Түүх уламжлалыг хүндэтгэж чадахгүй бол шинэ юм орчлонд үгүй, бидэнд өөрийн гэсэн бодомж уламжлал өгөгдсөн нөхцөл бусдаас дутуугүй заяагдсан билээ” гэж Б.Лхагвасүрэн найрагч хэлсэн байдаг. Энэ бүхэн хүүхдийн байгууллагын үйл ажиллагааны агуулга, чиглэл байх ёстой болов уу.
Хэлэх эрхийн индэрт оролцон үзэл бодлоо илэрхийлэхийг хүсвэл 95260351 дугаарын утсаар холбоо барина уу.