Categories
мэдээ нийгэм

ХЭЛЭХ ЭРХИЙН ИНДЭР: Хоёр хүүхдэд маань тэжээгчээ алдсаны тэтгэмж авахад туслаач

СХД-ийн VIII хорооны иргэн Д.БАЙГАЛМАА

Би 2000 онд ОХУ-ын иргэн Александр Петровичтой танилцаад, хамтран амьдарч дундаасаа хоёр хүүхэд гарсан юм. Хамт байхдаа сайхан л амьдарч байлаа. 2008 онд манай хүнийг “Визийн хугацаа хэтэрсэн” гэдэг шалтгаанаар Монгол Улсад эргэж орж ирэх нөхцөлгүйгээр албадан гаргасан юм. Гадаадын иргэн харьяатын асуудал эрхэлсэн газрын Албадан гаргах хэлтсийн дарга Х.Бэхбат гэдэг хүний албан ёсны тодорхойлолт ч надад байна. Хүүхдийн эцэгтэй 2008 ондоо утсаар холбоотой байгаад, сүүлдээ холбоо тасраад долоо, найман жил боллоо.

Хөлөө хүрэх бүх газар явлаа. Хамгийн гол нь Александр Петровичийг албадан гаргаад, Монгол Улсад дахин ирэх нөхцөлгүй болгосон. Хоёр улсын харилцан туслалцах гэрээ гэж бий. Тэр гэрээнд заавал Орос руу явж тэр хүнийг хайх алба байхгүй. Нэгэнт хоёр жил болсон бол Монгол Улсын хуулиар шийдэгдэнэ гэсэн байдаг.

Монгол Улсад оршин сууж байсан нь үнэн бол энэ улсын хуулиар шийдэгдэнэ гэсэн хуулийн заалт ч байгаа. Хуулийн ийм заалт байхад Гадаадын иргэн харьяат учраас Монгол Улсын хуульд хамаагүй гэсэн шүүхийн шийдвэр гаргасан Баянгол, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Нямбазарт гомдож байна. Эгч нь өрх толгойлсон, таван хүүхэдтэй хүн. Энэ хоёр орос хүүхдийн дээд талд гурван хүүхэд бий. Өмнө нь амьдралаа болгох гэж хичээгээд явсан. Одоо эдийн засаг хямраад таван хүүхдийн хувцас хунар, хоол ундыг дийлэхэд хэцүү боллоо. Гэр хороололд айлын гэр түрээсэлж амьдардаг. Заримдаа түрээсийнхээ мөнгийг ч төлж чадахгүй байна. СХД-ийн наймдугаар хорооны Засаг дарга их тус болж, халамжаас их харж үзсэн, хөөрхий. “Хүүхдийн тэтгэмж тогтоолгохын тулд шүүхэд ханд, хуулийн байгууллагийнхан танд хариу өгнө” гэсэн. Гадаадын иргэн харьяатын хүүхэд гээд миний хоёр хүүхдийн тэтгэмж авах эрх зөрчигдөж байна. Арваннэг, арванхоёр настай хоёр жаахан хүүхэд тэтгэмж авахад улс хотойх юу байх вэ дээ. Монгол Улсад төрсөн, энэ улсад бүртгэлтэй, монгол эхээс төрсөн хоёр хүүхдийг тэтгэмжид хамруулах болохоороо гадаадын иргэний хүүхэд болгочихож таарахгүй шүү дээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *