Categories
мэдээ нийгэм

ХЭЛЭХ ЭРХИЙН ИНДЭР: Ерөнхийлөгч Х.Баттулгадаа л найдаж байна даа…

Баянгол дүүргийн иргэн, Монгол Улсын зөвлөх инженер Д.Батаа

Монголчуудын хувь заяа Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр бараг л зөв тал руугаа шийдэгдсэн гэж дүгнэхэд болох байх. Миний бодлоор МАН-ын УИХ дахь 65 гишүүд хэсэг бүлгээр хуйвалдаж, Монгол Улсыг ч худалдахад бэлэн байх шиг байна. Түрүүчийн АН-ын засаглалын үед ч ийм байдалтай байсан. МАНАН цааш явах шинж алга. Тиймээс Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж УИХ-ыг тараах хэрэгтэй. Тэр дундаа луйврын аргаар гарч ирсэн МАН-ын 65 гишүүнийг улс төрийн тавцангаас буулгах хэрэгтэй. Ард түмний итгэл найдвараар тоглож гүйцэж байгаа нөхдүүдийг үүнээс өөр яах билээ. Одоо хангалттай. Харин ард түмэн Ерөнхийлөгч таны талд шүү. Бид дэмжин зогсох, жагсахад бэлэн. Зууны мэдээ сонины 2017 оны наймдугаар сарын 16-ны дугаарт УИХ-ын гишүүн асан Ш.Сайхансамбуу өгсөн ярилцлагадаа “Монголоо эв нэгдэлтэй болгоё гэвэл намуудыг татан буулгаж, намын гишүүнчлэлгүй болгох хэрэгтэй” гэсэн байна билээ. Тэгэхээр Ерөнхийлөгч та үүнийг хийж чадна. Бид танд найдаж байна.

Оюу толгойн хөрөнгө оруулагч тал 51 хувь, МУ-ын Засгийн газар 34 хувь, гэрээнээс ор тас алга болсон 15 хувийн ашгийг эрх мэдэлтнүүд оффшор дансандаа аваад суудаг юм бишүү. Сентерра Гоулд компанийн нууц ноёнтон Ерөнхий сайд асан Сү.Батболдын 100 орчим тонн алттай холбоотой асуудал тухайн он жилүүдэд Монгол Улсын прокурор, Цагдаагийн газрын дарга нараар ажиллаж байсан эрхэм ноёдын оффшорт байгаа мөнгийг хураан авах цаг хэдийнэ болсон. Ерөнхийлөгч та үүнийг асууж тогтоож ард түмнээсээ хулгайлсан, нуусан мөнгийг оруулж ирэх хэрэгтэй. Харин түүнийг ард түмэндээ зохих журмын дагуу “Хишиг” хүртээх болов уу гэж горьдож байна.

Монголчуудын эртний түүхийг уншиж үзэж судалж байхад халх ястнууд төр авч барьж явах чадвар сул байдаг. Хээл хахуульд идэгдэж, урваж шарвах, бие биенээ хэнд ч (манж) хамаагүй барьж өгдөг зан чанар халх ноёдын яс маханд шингээстэй байдаг. Энэ нь ч өнөөгийн Монгол Улсын хөгжилд асар муугаар нөлөөлж байгаа. Би үүнийг халх, дөрвөд буриадаар нь талцуулах гэж бичсэнгүй. Харин түүхийг уншиж судалдаг хэн бүхэн оюун ухаандаа тунгааж үзээсэй гэж хүссэндээ бичиж байгаа юм.

“Өдрийн сонин”-ы “Хэлэх эрхийн индэр”-т оролцон үзэл бодлоо илэрхийлэхийг хүсвэл 99650208 дугаарын утсаар холбоо барина уу.

Тэмдэглэл хөтөлсөн Э.МӨНХТҮВШИН

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *