Categories
гадаад мэдээ

Хэбрью хэлтнүүд Фэйсбүүк компанийн шинэ нэрийг элэглэн шоолцгоож байна

Жүүд хүмүүсийн эх хэл болох Хэбрью хэлэнд Фэйсбүүк компанийн шинэ нэр таагүй утга санааг илэрхийлж байгаа ажээ.

Энэ долоо хоногийн эхээр Фэйсбүүкийн гүйцэтгэх захирал Марк Закербэрг компанийнхаа нэрийг “Meta” болгон өөрчилж буйгаа зарласан билээ.

Тэгвэл Мета хэмээх энэ үг нь хэбрью хэлэнд “үхэл” гэсэн утгыг илэрхийлдэг юм байна.

Израйлийн сошиал сүлжээнд хүмүүс #FacebookDead гэсэн хаштагаар Фэйсбүүкийн шинэ нэрийг элэглэн шоолцгоож эхэлжээ.

“Хэбрью хэлэнд Мета нь “Үхсэн, нас барсан” гэх утгыг илэрхийлдэг. Жүүд хүмүүсийн хувьд энэ нэр нэг хэсэгтээ тоглоом шоглоом болох төлөвтэй” гэж “The Techlash and Tech Crisis Communication” номын зохиолч, доктор Нирит Уэлсс-Блатт твиттер хуудсандаа бичсэн байна.

2004 онд байгуулагдсан Фэйсбүүк компанийн хувьд энэ жил хамгийн гүн хямралын жил болж байгаа. Тус компанийн эрхлэн ажиллуулдаг сошиал платформ нь нийгмийг талцуулдаг, худал хуурмаг мэдээллийн гол дамжуулагч болдог хэмээн буруутгагдаж байна.

Саяхан “Facebook Papers” хэмээх компанийн дотоод бичиг баримтыг тус компанид ажиллаж байсан хүн нийтэд дэлгэсэн нь дуулиан дэгдээгээд байгаа. Уг бичиг баримтад Фэйсбүүк компани худал хуурмаг мэдээлэл, хүмүүсийн дайсагнал, талцлыг орлого олох хэрэгсэл болгон ашигладаг тухай өгүүлсэн байна.

Закербэрг уг хямралаас гарахын тулд компанийнхаа нэрийг өөрчилж, үйл ажиллагаа нь ердийн сошиал платформоор хязгаарлагдахгүй, “metaverse” хэмээх илүү дэвшилтэт салбарт ажиллах болсноо зарласан юм.

Метаверс нь виртуал орчинд хүмүүс ажиллаж амьдрах тухай ойлголт бөгөөд интернэтийн дараагийн үе шат гэгдэж байна.

Эх сурвалж: CNN

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *