Categories
мэдээ нийгэм

Хаяалан оршиж харилцан тустай аж төрдгийг шувуудын зам харуулна DNN.mn

Иргэний зориг, ногоон нам парламентад дөрвөн суудал аван ажллаж байгаа билээ. Дөрвөн суудал аван ажиллаж байгаагийн хэрээр гишүүд, дэмжигчид, бодлого, үйл ажиллагаанд нь талархалтай хандах нийгмийн түрлэг нэмэгдэж байгаа нь бэлхнээ анзаарагдана. Дэлхий ертөнц ногоон хөгжил, ногоо эдийн засгийг илүүтэй их ярьж, илүү бодлогожин урагшилж буй. Нөгөөтэйгүүр хүний эрх, эрх чөлөөнд суурилж, эрүүл зөв, чанартай амьдралд улс төрийн намууд хэрхэн хөл нийлүүлэх ёстойд ч эл нам шинэ өрөг, шинэ тэмүүлэл, хандлагаар дэвжиж байгаа нь чухаг. Монгол Улсын мөнхийн хоёр хөрш манай эдийн засаг, улс төр, иргэний амьдралд эгнэшгүй ач холбогдолтой.

Иргэний зориг, ногоон намын дээд удирдлага, бодлоготнууд тун саяхан БНХАУ-ын Коммунист намын урилгаар Бээжин, Наньчан хотуудад ажлын айчлал хийсэн юм. Эл айлчлал хамтын харилцааны нэн шинэ, өөдрөг, ажил хэрэгч агуулгаар баяжсан үйл явдал болсныг тэмдэглэлтэй. БНХАУ өнөөдөр дэлхийн эдийн засаг, улс төр, геополитикийн үнэмлэхүй гол тоглогч. Тэд бол дэлхий ертөнц, олон улсад хөгжлийн загварчлал, төрт уламжлалын хамгийн бодит дэвшлүүдийг үзүүлж, үүнийгээ ч олон улсад үлгэрлэн харуулж байгаад энэ улстай нам, улс төр, эдийн засаг , худалдаа, техник технологийн гээд олон талаар хамтран урагшилж байгаа жишгүүдээс түвэггүй харж болох юм. Иргэний зориг, ногоон намын дарга Б.Батбаатар тэргүүтэй төлөөлөгчдийг ХКН-ын Төв хорооны Олон улсын харилцааны яамны туслах сайд Жао Шитун хүлээн авч уулзаж ярилцахдаа дээрх сэдвүүдээр олон талаас нь дэлгэрэнгүй ярилцсан билээ. Иргэний зориг, ногоон намын гадаад харилцаа, олон улсад, дэлхийн намуудын өрөг дээр үзүүлж байгаа байр суурь, бодит үйл ажиллагааны хандлага, шийдлүүд нь хоёр улсын эл хоёр намын үзэл баримтлал, цаашдын харилцааны өргөжилд чухал ач холбогдолтой, сайшаалтай нийцлүүд үүсгэж байгааг талууд онцолсон. Харилцааны, харилцан ойлголцлын энэ таатай үндэслэлд хамжин, бодлогын, үүнээс хамааран улсын ногоон эдийн засаг, байгаль орчин, иргэний амьдралд дөт ойр, хүрэлцээт төсөл хөтөлбөрийг ажил хэрэг болгоход дэмжлэг үзүүлэх талаар ярилцацгаасан юм. Хятадын коммунист нам, түүний дарга Ши Жинь Пиний өнгөн дээрх тус улсын эдийн засаг, хөгжлийн олон загварчлалыг салбар бүрээс үзэж болно.

Ногоон эдийн засаг, хариуцлагатай иргэн, дэлхийн хүний стандарт амьдралын жишгийн төлөөх зориг эрмэлзэл бол өнөөгийн бодит эрэлт болж буйд эргэлзэх явдалгүй билээ. Иргэний зориг, ногоон намын төлөөлөгчдийг хөтөлбөр ёсоор айлчлуулж байгаад үзүүлэн таниулсан төслүүд, үйлдвэрлэлийн ололтууд чухамхүү энэ агуулга, үзэл санаанд тулгуурласан бүтээн байгуулалтууд байлаа. Хятад улс өнөөдөр нүүрстөрөгчийг багасгахын төлөө дэлхийд тэргүүлэх манлайллыг үзүүлж байгааг бүгд мэднэ. Энэ учраар Хятадын даргын баримтлал тунхаг дэлхийд ойлгогдоод цаг хугацааны эргүүлгүүд ахисаар байгаа. Нүүрстөрөгчийг багасгах зорилтын хүрээнд эрчим хүч, аж үйлдвэрийн шилжилтийг урагшлуулах ахиц, ажлын график, үр дүнгүүдийн талаар Хятадын Нийгмийн Шинжлэх хүрээлэнгийн мэргэжилтнүүд мэдээлэл өгөв. Ингэхдээ шилжилт, хүрэх үр дүнг базаан төлөвлөсөн байдал үнэхээр бахархал төрүүлэм байв. Төлөвлөлт гэдэг ямархан өндөр ач холбогдолтойг эндээс харж болох. Улмаар үр дүн хэрэгжин биежиж, улсын иргэний амьдрал, тэмүүлэлд урам шагнасаар байдаг нь хөгжлийн үндсэн мэдээлэл болж байна. Б.Батбаатар дарга тэргүүтэй төлөөлөгчдийг Хятадын Коммунист намын дэргэдэх Олон улсын харилцааны яамны Эдийн засгийн харилцааны төвийн дэд эрхлэгч Лю Жинхуа хүлээн авч уулзан, мөн Бээжин Андингийн дугуй эдийн засгийн харилцааны эдийн засгийн паркийг үзүүлж сонирхуулсан чухал ач холбогдолтой байлаа. Хятадын эдийн засаг өдгөө дэлхийн эдийн засаг болсон.

Хариуцлагатай, төлөвлөлтөй, инноваци, өндөр технологийн ололтуудыг анхлан хэрэгжүүлж, эдийн засаг, бусад олон талт нийгмийн харилцааны дэвшлүүд гарцаагүй Хятадын эдийн засгийн тэргүүлэх бяр тэнхээнд хамаарч байгаа. Энэ учир л энэ айлын эдийн засаг, иргэний амьдрал жигдрэн, дэлхийд тэргүүлэгч гүрэн болсон нь дархлааг нь тэтгэсээр. Ой мод, хөрс ус, газар тариалан эрхлэх соёлыг тэтгэн дархлаажуулах, үүнийгээ өргөжүүлэн тэлж байгаа дэлхсэн үйл ажиллагааг , арга технологи нь үнэхээр төгсрөн, ердийн зөв үйл ажиллагааны хэв хэмнэл болж төлөвшсөн нь Поян нуурын намгархаг газар, Жианши хөрс ус хамгаалах, экологийн шинжлэх ухаан технологийн парк, Ижиахэ тосгоны жүрж тарих туршлага зэргээс тодорхой харж, энэ нь нэн ойлгогдож байлаа. Ажил, амьдралын тогтсон дархлаатай айлын өнгө төрх, хэв байдал үүднээсээ өнгөтэй байдгийн үлгэрийг ингэж биежүүлдгээс дэлхий сурч, үлгэрлэн дуурайж байгаа нь аргагүй юм даа гэдэг бодол хэнд ч төрөхөөр. Иргэний зориг ногоон намын төлөөлөгчид Жюжаны Чайсан дүүргийн Ченмэншань зэсийн уурхайтай танилцахад, тэнд хөдөлмөрийн зохион байгуулалт, нөхөн сэргээлт, аюулгүй ажиллагааны горим гайхам. Ил уурхайд ажиллаж байгаа хүнд текникийн бүх жолоодлогыг өрөөнөөс удирдаж байна.

Өрөм, ачилтын машин, экскаватор чухам бүгдийг тусгай өрөөнөөс жолоодон, ажлын бүтээмжийг шижигнүүлэх. Аюулгүй байдлын зуун хувийн эрсдэлгүй. Хүний ажиллах орчин, уул уурхайн хариуцлага ингэж шийдэгдэж. Хог боловсруулан эрчим хүч гаргаж байгаа өндөр технологийг “Zhong­mei Enjineering Ghoup”-ийн үйлдвэрлэл үлгэрлэн үзүүллээ. Үнэхээр хөгжлийн суурь өмнөд хөршийнхний дэлхий дэх бодит гэрэл, тусгал болсонд эргэлзээ алга. Нөгөөтэйгүүр иргэнийхээ оюун санааны тэжээл, тэмүүллийн уургийг соёлын ололтууд, бэхжил, дархлаагаар ханган, улсын журамт иргэн, хариуцлагатай эд эс байх тэмүүлэлд тус улс онцгой анхааран шамддагийг Наньчан дахь Хан гүрний хаадын балгас музей, Хөх мөрний соёлын цэцэрлэгт хүрээлэн, Тэнван цамхаг зэрэг бүтээн байгуулалтаас тодорхой үзэж мэдлээ.

Иргэн нь ингэж оюун санааны хувьд бэхжин тэлдэг нь тус улсын эдийн засгийн чадавх, хөгжлийн боломж дээр суурилж байгаа нь хэн хүнд ойлгомжтой. Поян нууранд олон төрөл зүйлийн шувууд нүүдэллэн, байршин байдаг нь өндөр хамгаалалттайнх. Тэрхүү нуурт мөн манай Монголоос ч шувууд зэллэн ирж очдог байна. Дэлхийн бусад улсаас ч ирж очдог нь харлаг тогоруунаас эхлээд зөнд зөндөө. Дэлхийн агаар зай нэгийг илтгэн, хаяалан оршиж харилцан тустай аж төрдгийг шувуудын зам харуулна. Иргэний зориг, ногоон намын Б.Батбаатар тэргүүтэй төлөөлөгчдийн БНХАУ-ын КН-ын урилгаар айлчилсан айлчлалын эргэн тойронд зурвасхан тэмдэглэхэд эдгээр зүйлс бийр гүйлгэв.

З.БАЯР

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *