Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Хаврын тариалалт жигдрээгүй байна

Төв аймгийн Баянцогт суманд тариалалт хараахан эхлээгүй байна. Тариалангийн талбайд трактор, техник үзэгдсэнгүй. Харин Хонгорын хөндийд тариалан эрхэлдэг “Жагро” компанийн ажилчид талбайн торон хашаагаа сэлбэж янзалж байгаатай таарлаа. Тус компани өнөө жил 2000 га талбайд улаанбуудай тариалах юм байна. Өнөөдрөөс тариалалтаа эхлүүлэхээр зэхэж байгаа ч тэнгэрийн байдлыг азнаж, бороо хур орохыг хүлээж байгаа хэмээгээд “Энд тариалалт эрхэлдэг компаниудын хувьд 14 хоногийн дараа тариалалт жигдрэх төлөвтэй байна. Ер нь тавдугаар сарын 1-5-ны өдрүүдэд тариалалтаа эхлүүлэхээр ярилцсан. Өнөөдрийн байдлаар үрийн буудайгаа зөөж авчирч байна. Үрээ дэлгэж бэлтгээд тэгээд суулгана даа” гэлээ. Тариалалт эхлэхэд цаг агаарын байдал, хөрсний чийг ихээхэн чухал. Харамсалтай нь дөрөвдүгээр сард тариалангийн бүс нутгуудаар хур тунадас ороогүй нь тариалалтыг 7-14 хоногоор хойшлуулж болзошгүй байдалд оруулаад байгаа гэнэ. Энэ өвөл Баянцогт сумын нутагт цас бага унаснаас хавар гандуу, халуун хуурай салхитай байгаа аж. Гуу, жалга, зуухаар л хэд гурван ногоон өвс харагдахаас бус нийтдээ цулгуй цагаан байлаа.

Баянцогт сумын төв орлоо. Цэрэг татлага эхэлж байгаа учир Засаг даргын Тамгын газрын байранд маск зүүсэн залуус ирж бүртгүүлж байв. Сумын хойд ууланд түймэр гарсан талаар нутгийн иргэд ярьж “Гэхдээ манайхан унтрааж чадсан юм билээ” гэв.

Баянцогт сумын Засаг дарга А.Даваадорж “Манайх 8900 га талбайд уринштай байна. 7700 га талбайд улаанбуудай, 800 га талбайд овъёос, ногоон тэжээл, 400 га талбайд тосны ургамал тарихаар бэлтгэл ажилдаа ороод байна. Бидний хувьд энэ бямба гаригт (маргааш) орох бороог хүлээгээд байна. Бороо орвол шууд л тариалалтдаа гарчихна даа. Бусдаар бол техник төхөөрөмжүүдээ бүгдийг нь бэлдчихсэн байгаа” гэлээ. Баянцогт сумаас зүүн тийшээ Гунын голыг дагаж, хөндийгөөр өгссөөр Цагаан давааг даваад Гунын бригадад хүрлээ. Тариалан эрхэлдэг аж ахуйн нэгжүүд буудайгаа хүлээн авч, тариалалтдаа бэлтгээд завгүй байв. Тус бригадын иргэн Д.Сумъяа “Тариалалт эхлэх гээд манай бригадын хүмүүс завгүй л байна. Үтрэм дээрээ шуугилдацгаагаад л буудайгаа тарихад бэлтгэж байна. Гунын гол энэ хавьдаа урсаж байгаа ч доороо тасарсан. Энэ гол бол энэ хавьдаа байдаг ганц задгай амны ус шүү дээ. Өнөө жил тасарч ч мэдэхээр байна. Их л гандуу салхитай хавар болж байна” хэмээлээ. Гунын бригадаас хойшоо гарсан замыг дагасаар төв зам руу орж ирэв. Баянчандмань сумын малчин Г.Батаа “Уг нь өдийд үрийн буудай ачсан том машин их өнгөрч, техник ачсан том тракторууд явж харагддаг. Гэтэл Дарханы зам засвартай байгаа болохоор жолооч нар аль болох зөөлөн зам сонгож, буудайгаа зөөж байгаа бололтой юм билээ. Энэ эвдэрхий зам ард иргэд гэлтгүй малчид бидний амьдрал саад болж байна. Цаашлаад газар тариалан эрхэлдэг компаниудад ч муугаар нөлөөлж байна” гэж ярив. Тэрээр нэг хэсэг тариалан эрхэлж байжээ.

Баянчандмань сумаас гараад Борнуур суманд очлоо. Зарим компани газраа хагалж, зарим нь тариалалтаа эхлүүлж, талбайгаа усалсан нь хойд уулан дээрээс тодхон харагдлаа. Тус сум өнгөрсөн жил 1200 га-д үр тариа, 830 га-д төмс, 350 га-д хүнсний ногоо, 600 га-д малын тэжээл хийсэн бол энэ жил 1200 га-д үр тариа, 850 га-д төмс, 465 га-д хүнсний ногоо, 600 га-д малын тэжээл, 550 га-д уринш боловсруулалт тус тус хийхээр төлөвлөсөн байна. Тариалалтын техник засварыг өчигдөр бүрэн хийж дуусаад байлаа. Борнуур сумын Газар тариалангийн мэргэжилтэн Д.Алтан-Онцтой уулзлаа. Тэрээр “Төв аймагт зохион байгуулагдсан хүлэмжийн ногоо тариалах, үрслэг бойжуулах хоёр удаагийн сургалтад таван иргэнийг хамрууллаа. Өнөөдрийн (өчигдрийн) байдлаар 15 га талбайд тариалалт хийгээд байна. Бид энэ жил хэд хэдэн зорилт тавьж ажиллаж байна. Хөрсний үржил шимийг дээшлүүлэх, техник тоног төхөөрөмжөө шинэчлэх, зоорь, хүлэмжийн аж ахуйг дээшлүүлэх, хүнсний ногоог дахин боловсруулах цех байгуулах зэрэг ажлуудыг хийхээр төлөвлөчихөөд байна” гэв.

Жаргалант сумын нутаг Тал булагт газар хагалж буй тракторчин М.Энхдагуултай уулзлаа. Тэрээр “Газар шим” компанийн ажилчин юм байна. “Газар чийггүй, хуурайшилт ихтэй байна. Энэ 120 га талбайд манай компани төмс тарих юм. Салхитай, хуурай ер нь чанга байна шүү” гэлээ.

Жаргалант сумын Засаг даргын тамгын газарт очлоо. Баянцогт, Жаргалант сумын заагт ой хээрийн түймэр гарсан учир Засаг даргаасаа эхлүүлээд бүх албан хаагч, иргэд, тариаланчид нь түймэрт яваад эзгүй байлаа.

Уулзсан тариаланчдын хувьд коронавирус, ноолуурын үнэ, цалин хөлс, амьдрал ахуй ярихаасаа илүүтэй бороо л ороосой гэдэг ганц үг хэлж байлаа. Дөрөвдүгээр сар хуурайшилт ихтэй, салхитай, хүйтэн байсан нь хөрсийг үржилгүй, чийггүй болгоход нөлөөлжээ. Хэрвээ тавдугаар сард мөн ийм байдалтай байвал үр тариа соёлж чадахгүй байх эрсдэлтэйг хэлж байлаа.

Гэрэл зургуудыг Б.АМАРТҮВШИН

Үргэлжлэл бий.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *