М-Си-Эс Кока-Кола ХХК-ийн Спрайт брэндийн хамтран ажилладаг Монголын Үндэсний Супер лигийн энэ улирлын финалын тоглолтууд ширүүхэн өрсөлдөөн дунд үргэлжилж байна. Финалын шатанд Цогийн Чинбат эзэнтэй, Үнэнбатын Давхарбаяр дасгалжуулагчтай Танан Гарьд болон Б.Баясгалан, Б.Мөнхболор эзэнтэй лигийн дөрвөн удаагийн аварга Харцага багуудын цувралын дөрөв дэхь тоглолт даваа гаригт Спортын төв ордонд боллоо. Хоёр багийн тоглолтын харьцаанаас хамаарч хүрэл медалийн төлөө шалгаран үлдсэн Хасын Хүлэгүүд болон Эрдэнэдрийлинг Ригс багуудын тоглолт үргэлжилэх юм. Аваргын төлөө шалгарсан багуудаас түрүүлж дөрөв хожсон нь Үндэсний аварга цол хүртэх бол хүрэл медалийн төлөө Хүлэгүүд болон Ригсийнхэн шийдвэрлэх ганцхан тоглолт хийх учиртай.
Монголын спорт, тэр дундаа сагсан бөмбөгийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж буй Спрайт брэндийн хувьд залуучуудын эрүүл, идэвхтэй амьдралын хэв маягийг дэмжихэд ихээхэн анхаарч байгаа билээ. Супер лигийн хөгжлийн түүхийг эргэн сөхвөл “Эрч хүчний тэсрэлт” уриатай Спрайт брэнд нь “Спрайт Cup” өсвөрийн Улсын аварга шалгаруулах тэмцээн, “Спрайт 3 эсрэг 3” гудамжны сагсан бөмбөгийн халз тулаан, Спрайт хөгжлийн лиг, Спрайт супер лиг, Үндэсний Супер лиг зэрэг сагсан бөмбөгийн хамгийн ач холбогдолтой, сонирхолтой лиг болон арга хэмжээнүүдийг жил бүр ивээн тэтгэн системтэйгээр зохион байгуулж ирсэн юм. “Спрайт Cup” тэмцээн өсвөрийн авьяаслаг тамирчдыг нээн хөгжүүлдэг бол, “Спрайт 3 эсрэг 3” гудамжны сагсан бөмбөгийн халз тулаанаас өдгөө Хөгжлийн лиг болон Спрайт дээд лигийн тамирчид төрөн гарсан байдаг.
Аваргын төлөө тоглож буй Харцага, Танан Гарьд багуудын тоглолтын эхний оноог Танангаас М.Дорждагва авсан бол төд удалгүй Харцага багийн ахлагч Б.Одбаяр алсын зайн шидэлтээ амжилттай болгосноор тоглолтыг тэргүүлж эхэллээ. Домогт Майкл Жорданы баз гэгддэг Танангийн легионер Антонио Жонс холын зайн шидэлтээрээ Харцагад хариуг нь барилаа. Энэ тоглолтын эхний гайхалтай слэм данкийг Танангийн Мичель Андерсон үзүүлснээр фанатуудаа суудлаас нь босгож чадлаа.
Тоглолтын эхлэлийг хоёр баг тэнцүүхэн хийснээр оноо ойролцоо явсаар байв. Харцагаас Б.Одбаяр, Стив П леджер нарын довтолгоонууд оновчтой болж оноо тасраад эхлэх үед Гарьдууд тэр дор нь хариуг нь барьж, оноог ойртуулсаар байсан юм. Сэлгээнээс орж ирсэн олон улсын хэмжээний мастер Г.Ихбаяр хоёр оноо авснаар багаа сэргээж чадсан. Энэ удаагийн тоглолтод Танан Гарьд багаас багийн ахлагч Батаагийн Мөнхболд үзэгчдийн суудлаас тоглолтыг үзсэн тул түүний орон зай илтэд үгүйлэгдэж байв. Учир нь хоёр багийн цувралын гурав дахь тоглолтод тэрбээр хоёр удаа санаатай алдаа хийж талбайгаас хөөгдсөн тул нэг тоглолт өнжих шийтгэл аваад байсан юм.
Хоёр багийн эхний үе 21:19 харьцаатай Харцагын давуу байдлаар өндөрлөсөн.
Улмаар хоёрдугаар үеийн эхлэлийг Харцага сайн хийж, энэ үеийн анхны оноог Харцагын шилдэг залуу тоглогч Энхцогтын Дөлгөөн авч чадлаа. Стив Пледжер алсын зайн шидэлтээ оновчтой болгосноор долоо дахь оноогоо авч Харцагын давуу байдал үргэлжилсэн. Харцагуудын дундын зайн шидэлтүүд оновчтой болж байсан ч Танан Гарьдаас Цэрэндагвын Азбаярын алсын зайн шидэлтүүд цагирагтаа тусч хариуг нь барьж байсан юм. Харцага 11 онооны зөрүүг үүсгэж чадсан ч эхний хагасын төгсгөлийг Гарьдууд сайн хийж чадсан. Тэр дундаа Мичель Андерсон довтолгоонд идэвхтэй байснаар эхний хагас 39:39 харьцаатай тэнцээгээр өндөрлөсөн. Хоёр багийн цувралын гурав дахь тоглолт 51:51-ийн харьцаатай өндөрлөж байсан билээ. Энэ өдрийн тоглолтыг үзэхээр Улсын арслан Д.Ганхуяг, аймгийн хурц арслан Б.Одгэрэл, аймгийн арслан Ш.Шинэбаяр тэргүүтэй бөхчүүд их ирсэн байлаа. Харин хоёр багийн фанатууд мэдээж талбайн баруун зүүн хэсэгт хоёр хуваагдан багаа дэмжиж байв. Мэдээж фанатуудын сэтгэлзүй 100 хувь дээд цэгтээ хүрсэн байгааг Супер лигийн финалын тоглолтоос харж болно.
Тоглолтын гуравдугаар үед багууд тэнцүүхэн тоглолт үзүүлж байсан ч Харцагаас Доманик Рэнбогийн дундын болон алсын зайн шидэлтүүд амжилттай болсноор онооны давуу байдлыг бий болгож чадлаа. Энэ тооны зөрүүг Гарьдууд барьж чадалгүй, будагтай талбайн шидэлт, хамгаалалт тааруу байж оноо ахиулах боломжуудаа алдсаар байлаа. Энэ үед самбар дор ширүүн тэмцэл өрнөж байсан ч Харцагын ихэр цамхаг хэмээн нэрлэгддэг Б.Одбаяр, П.Болортулга нар тун сайн байсныг дурдах хэрэгтэй. Мөн хамгаалагч О.Золзаяа хамгаалалт, довтолгоонд тун сайн оролцож, өөрийн шилдэг тоглолтоо үзүүлж чадсан. Энэ үеийг 57:61-ийн харьцаатай Харцагууд тэргүүлсэн юм.
Хоёр багийн өмнөх тоглолтууд дөрөвдүгээр үеийн төгсгөлд шийдэгдэж байсан бол энэ тоглолт ч мөн тэгж шийдэгдэхээр байлаа. Харцага багаас өмнөх хоёр тоглолтод Нэмэхбаяр, Э.Дөлгөөн нар хариуцлагагүй байж багаа ялагдалд хөтөлсөн бол энэ удаа Харцагынхан алдах эрхгүй хариуцлагатай тулаанд ийнхүү нисээд байсан юм.
Танан гарьд багийн дасгалжуулагч Ү.Давхарбаяр тамирчнаа өмөөрөн шүүгчтэй маргасан тул шүүгчдийн зүгээс сануулга өгч харагдсан. Хоёр багийн шийдвэрлэх сүүлийн үед хоёр баг тэнцүүхэн тоглолтыг үзүүлж Харцага баг долоон онооны давуу байдалтай үргэлжилсээр байсан юм. Шийдвэрлэх мөчид хожигдож буй багийн монгол тамирчид уураа барьж чаддаггүйн улмаас алдаа гаргадаг Танан Гарьд, Харцага багуудын дөрөвдүгээр үеийн төгсгөлд Стив Пледжерийн хоёр ч дараалсан алсын зайн шидэлт цагирагтаа тусч 49.7 секунд дутуу байхад Харцага 68:80-ийн харьцаатай тэргүүллийг авснаар ялагч бараг тодорхой болсон. Үлдсэн минут хүрэхгүй хугацаанд Танан гарьд хоёр оноо авсан бол Харцагаа мөн л Стивын дундын зайн шидэлт байндаа тусч 70:82-ын харьцаатай Харцагуудын ялалтаар өндөрлөсөн. Гарьдууд дөрөвдүгээр үед олон торгуулийн шидэлт алдсан нь хожигдлын шалтгаан болсон гэхэд болно. Хамгийн найдвартай шидэгч гэгддэг Жонс гэхэд таван шидэлтээ алдсан. Хоёр багийн цувралд Харцага хожсоноор цувралыг 2:2 болгон тэнцүүллээ. Уг тоглолтод Стив Пледжер багаа тэргүүлэн 26 оноо, 13 самбар авсан бол Доманик Рэнбо 18 оноо, найман оновчтой дамжуулалт дамжуулалт, Б.Одбаяр 11 оноо, 17 самбар, П.Болортулга 11 оноо, 16 самбар авч, жигд тоглолт үзүүллээ. Харин Гарьдуудаас Мичель Андерсон 23 оноо, 16 самбар, А.Jones 18 оноо авч багаа тэргүүлсэн.
Нэг зүйлийг нэмж хэлэхэд энэ улиралд Спрайт Хөгжлийн лигийн тэргүүн баг Үндэсний Супер лигт дэвшин тоглох юм. Хөгжлийн лигийн хувьд сагсан бөмбөг тоглох дуртай ч ажилтай завгүй залууст зориулан амралтын өдрүүдээр хагас жилийн турш үргэлжлэн явагддаг, нийт 64 багийн 1500 гаруй тамирчин, дасгалжуулагч, багийн эзэд, менежерүүдийг хамардаг Монголын хамгийн том сагсан бөмбөгийн лиг болтлоо өргөжиж чадсан билээ. Спрайт Супер лиг ес дэх жилдээ болж байгаа бөгөөд, жил бүрийн хавар болдог Спрайт Супер лигийн бүх оддын тоглолт нь өдгөө сагсан бөмбөг сонирхогч хүүхэд залуусын хамгийн их хүсэн хүлээдэг арга хэмжээ болж чадсан юм. Хаврын энэ өдрүүдэд спортын төв ордон сагсан бөмбөгөөр амьсгалж байна. Даваа, лхагва, баасан гаригуудад Үндэсний Супер лигийн финалын тоглолтууд болж буй бол, амралтын өдрүүдээр Спрайт Супер лигийн плей оффын гал гарсан ширүүн тоглолтууд үргэлжилсээр байгаа юм.
Э.ЭНХБОЛД