Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Хар тамхичдыг ингэж сурталчлаад байх зөв үү?

Эх орны төлөө хэний зүрх цохилдог вэ. Мэдээж эх орныхоо төлөө гэсэн сэтгэлтэй хүний зүрх мөнхөд цохилдог. “Зүрх зогсохгүй” уран сайхны кино саяхан нээлтээ хийж, кино театрт гарч байна. Үзэгчид ч нэлээд үзэж байна.

Танхай, зодоонч, хулгайч гээд үнэндээ эвдэрч гүйцсэн дөрвөн залууг хүмүүжүүлэхээр цэрэгт татан ачааны машинаар авч яваагаар кино эхэлнэ. Энэ залуус бол багаасаа хар бор амьдралд нухлуулж, зовж зүдэрсээр өдийг хүргэсэн хүмүүс. Тэднийг нийгэм нь, амьдрал нь ийн буруу замаар явахад хүргэжээ. Хойд эцгийн хүйтэн харьцаа, багаасаа өнчин өссөн нь гэмт хэрэгтнүүд болгох нөхцөл нь болсон байна. Үнэндээ тэднийг сайн залуус болно гэдэгт хэн ч итгэхгүй. Хүнтэй харьцаж мэдэхгүй, биеэ авч явах соёлын талаар ямар ч мэдлэггүй, хэлдэг үгс нь хараал, хийдэг хөдөлгөөн нь гар далайх болсон тийм л “хүнд гарууд”. Тэд цэргийн албанд ирэнгүүтээ л дэглэм, сахилга баттай эвлэрч чадах­гүй, дарга нарынхаа өөдөөс эсэргүүцнэ. Ингээд 45 хоногийн дараа тэднийг хойд хил дээр аваачна. Анх ирж байсан байдлаасаа тэс өөр болжээ. Цэргийн сахилга бат гэж юу байдаг, эх орныхоо эр цэрэг ямар байх ёстой вэ тэр бүгдийг биедээ цогцлоосон жинхэнэ цэргүүд болсон нь илт. Балмад этгээдүүд байсан залуусыг эх орон нь, хилийн манаа нь ийн хүмүүжүүлнэ. Тэднийг урьд нь гэмт этгээдүүд байсан гэвэл бүгд гайхахаар өөрчлөгджээ.

Хилийн заставын амьдрал ажин түжин ч байнгын соргог байхыг хилчдэд сануулна. Хулгайн ан хийдэг, хууль бус, гэмт хэргийн бүлэглэл үүсгэсэн нөхөд тайгад бүгнэ. Тэд хулгайн ангаар амьдралаа залгуулдаг. Гэтэл нэгэн этгээд тэдэнд хилээр бурхдын алтан цутгамал гаргаад хүн тус бүрт 50 сая, нийт 200 сая төгрөг өгөхөөр тохиролцоно. Хулгайн анчид шинэ цэргүүд ирснийг дуулсан учир тэднийг манаатай үед хил давна хэмээн төлөвлөгөө зохионо. Санал тавьсан этгээдүүд тохиролцсон ёсоор алтан бурхад, урьдчилгаа мөнгөө авч ирэх ч хулгайн анчдын гарт амиа алдана. Гэмт этгээдүүдийн буун дуунаар манай хилчид буюу нөгөө засарсан залуус чимээ авч бэлэн байдалд ажиллана. Киноны энэ хэсэг бол оргил нь. Энэ хэсгийг үзсэн ямар ч хүнд “Бид ийм чадварлаг, зоригтой эр цэргүүдээр хилээ мануулж байгаа юм чинь мянга, мянган жил тайван амьдарч болох юм байна шүү” гэсэн бодол төрүүлнэ. Эх орноо хамгаална гэдэг ямар хэцүү бас ямар бахар­халтай байдгийг өгүүлнэ. Гэмт этгээдүүдийн гарт ахмад Болд амиа алдах нь үнэхээр харам­сал төрүүлнэ. Эх орныхоо амар амгалангийн төлөө ямар сайхан эрс энх цагт амиа алддаг юм бэ. Энэ бүх үйл явдал өнөө дөрвөн залууст хүндээр тусах ч тэдэнд эх орноо хайрлах сэтгэлийг улам хүчтэй төрүүлнэ. Эх орон нь хөвгүүдээ өөрөө сургаж, өөртөө хэрэгтэй иргэн болгон авч байгаа нь энэ киноны хэлэх гэсэн гол үг. “Зүрх зогсохгүй” киноноос төрсөн нутаг гэж ямар эрхэм, ямар аугаа зүйл байдгийг мэдэрнэ. Киноны зохиолын хувьд хэлэх гэсэн санаа нь ерөнхийдөө зөв. Харин дүр сонголт дээр алдаа харагдаад байна.

Энэ киноны гол дүрүүдийн нэгэнд “Ice top” хамтлагийн нэгэн залуу тогложээ. Дүрийг нь хараад хүүхэд залуус таних болов уу. “Ice top” гэх хамтлаг удаа дараа мансууруулах бодис хэрэглэсэн гэх хэрэгт холбогдож, шүүх, цагдаагийн хаалга татаад байгааг хүмүүс мэдэх байх. Нэгэн үе хүүхэд, залуусын сонсч, даган дуурайх дуртай байсан залуус мансууруулах бодистой холбоотой хэрэгт холбогдсон нь магадгүй тэднийг урлагаас хөндийрөхөд хүргэсэн байж болох юм. Саяхан тус хамтлагийнхныг мансуурчихсан байхад нь бараг л тайзан дээрээс нь баривчилсан гэж дуулдсан. Энэ хамтлагийнхныг залуус дууг нь дуулж, сонсч хүндэлсэн. Тэднийг шүтээн хамтлагаа болгож, гаргасан цомог, дуу бүрийг нь шимтэн сонсдог бүхэл бүтэн залуусын арми бий болсон. Уг хамтлагийн тоглолтыг үзэх гэж “Улаанбаатар палас”-ыг залуус дүүргэдэг. Үзэгчид, сонсогчид нь ийм их хайр хүндлэл үзүүлж байхад тэд хариуд нь юу харуулав. Хүүхэд залууст үлгэр дуурайлал болох хүмүүс шүү дээ, уг нь. Хар тамхи хэрэглэх, худалдах, хадгалах нь өөрөө хүнд гэмт хэрэг. Дэлхий нийтээрээ энэ гэмт хэргийг дэвэргэхгүй гэж маш хатуу хуулиар хориглодог.

Яагаад гэвэл хар тамхи хэрэглэхийг эх орноосоо урвасан дайтай үздэг. Гэтэл эх орноосоо урвасан хип хоп хамтлагийн дуучин ийн эх нутгаа хайрлаж хамгаалахын төлөө жүжиглэж байгаа нь харш үйлдэл болж байна. Үнэхээр энэ хамтлагийнхан эх орноо хайрладаг байсан бол яагаад ийм төрлийн гэмт хэрэгт холбогдов. Тэд кинонд эх орондоо хайртай гэж жүжиглэхийнхээ оронд хар тамхитай холбоотой асуудалд толгой холбогдохгүй өнгөрчихөж чадсан бол Монгол сайхан орныхоо жинхэнэ хүү нь байх байсан биш билүү. Урлагийн хүн гэдэг бол олон нийтийн өмнө дэлгээтэй ном шиг л байдаг. Тэдний алхам бүр бүхний нүдэнд ил байж, охид, хөвгүүд минь дуурайдаг бус уу. Ингэхээр хүүхдүүд маань одоо энэ хамтлагийн юуг нь дуурайх болж байна вэ. Хүүхэд гэдэг юмыг шууд л тусгаж авдаг улс. Ер нь тэгээд хар тамхитай холбогдогсдыгингэж кино, жүжиг тоглуулж сурталчлаад байх зөв үү.

Эх орны төлөө хэний зүрх цохилдог вэ. Эх орондоо хайр­тай хүний зүрх хүчтэй цохилдог. Одоо цагт өөртөө хайртай, амьдралд хайртай, ухаалаг байдаг залуусыг эх орондоо хайртай гэж үздэг болсон. Эх орноосоо урваагүй хүний зүрх зогсдоггүй, мөнхөд цохилдог.

Д.ТӨМӨРӨӨ

МӨС ЦӨМРӨХ АЮУЛТАЙ БАЙГАА УЧИР ГҮҮР, ГАРМААР ГАРАХЫГ АНХААРУУЛЖЭЭ

Монгол орны ихэнх гол, мөрөнд битүү мөсөн бүрхүүл тогтож жижиг гол мөрөн ёроолдоо хүртэл хөлдөөд байна. Гэсэн ч зарим томоохон гол мөрөнд мөсөн зах өргөсөн зузаарч, шингэн болон өтгөн зайр, нимгэн мөсөн бүрхүүл үүсэх зэрэг үзэгдэл зонхилон ажиглагдаж байгаа аж. Мөсний зузаан голын нийт уртын дагууд харилцан адилгүй байгаа болохоор мөсний даац хүн, мал, машин тэрэг явахад аюулгүй хэмжээнд хүрч бэхжээгүй байгаа юм байна. Иймээс ард иргэдийг мөс цөмрөх аюулаас урьдчилан сэргийлж, цаг хожих, зам товчлох зэргээр мөсөн дээгүүр явахгүй байхыг Ус, цаг уур, орчны хүрээлэнгээс онцгойлон анхааруулж, зориулалтын гүүр гармаар гарахыг сануулсан байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *