Categories
булангууд мэдээ цаг-үе шинжлэх-ухаан-технологи

Ханзат хотын туурь

Хэнтий аймгийн Баян-Овоо сумын нутагт “Ханзат” хэмээх нэгэн хотын туурь бий.
Нэрт археологич Х.Пэрлээ абугайн “Монгол ард улсын эрт, дунд үеийн хот суурины товчоон” зохиолын он цаг нь тодорхойгүй дурсгалын хэсэгт “Ханзат. Хэрлэн голд Батхаан уулнаас баруунтай Улаанбаатар, Чойбалсангийн замын урд талд бий. Тойрсон шороон хэрэм байсан ором байна. Хэрэмний голд том том засмал боржин баганын ивүүр олон байна. Өнгийн паалантай чимэглэл бүхий барилга байжээ” (Пэрлээ, 2012: 242) хэмээн анх тэмдэглэсэн байна. Харин малтлага судалгааны ажил хийгээгүй ба холбогдох он цагийг дурдаагүй ажээ.
“Ханзат хот”-ын туурьд Монгол-Японы хамтарсан “Шинэ зуун” төслийн баг 2017, 2018, 2019 онуудад малтлага судалгааг явуулсан байдаг.
Уг дурсгал нь 220 х 160 м шороон хэрэмний дотор жижиг хэмжээтэй давхар хэрэмтэй, түүний дотор талд том жижиг дөрвөн барилгын нуранги шороон овгор бүхий дурсгал юм. Эдгээрээс хэрэмний хойд, гол хэсэгт байрлах хэд хэдэн баганын суурь чулуу ил гарсан, томоохон барилгын тууриар “Ханзат хот” хэмээн нэрлэж ирсэн байна. Гадна хэрэм нь зүүн болон баруун, хойд талдаа гарах хаалгатай байсан ор мэдэгдэх ба харин урд талын хэсэг голын усанд автаж эвдэрчээ.
Ханзат хотын туурь нь хойд болон урд талдаа гарах хаалга бүхий ором мэдэгдсэн бөгөөд модон баганатай байжээ. Бид 2018 онд хойд талдаа 10 ш, баруун талд 7 ш баганын суурь чулуу илрүүлсэн бол энэ 2019оны малтлага судалгаагаар шинээр 20 ш баганын суурь чулуу илрүүлсэн билээ. Ингэснээр нийт 36 ш суурь чулуу ил болж, хотын туурь нь нийт 42-46 ш баганатай байсан болов уу хэмээн таамаглаж байна.
Судалгааны үр дүнд тус барилгыг барихдаа 1 чи нь 31.6 см хэмжээсээр тооцон барьсан гэж үзэж буй бөгөөд энэ нь Алтан улсын үед ашиглаж байсан хэмжээс юм. Монголын эзэнт гүрний үеийн дурсгалаас Өгэдэй хааны үеийн барилгын туурь ийм хэмжээсээр хэмжиж барьдаг байсныг тогтоосон билээ.
Энэ хэмжээсээр үзэхэд “Ханзат”-ын барилгын гадна талын хэмжээ зүүн болон баруун тал нь 700 чи, хойд болон урд тал нь 500 чи хэмжээтэй баригдсан байна
Бид 2018 онд 7 ш дээжинд он цаг тогтоох шинжилгээ хийсэн бөгөөд эхний гурван дээж XI зууны эхэн үеэс XII зууны дунд хагаст хамаарахаар гарсан хэдий ч зөвхөн модны нүүрсэнд хийсэн шинжилгээ учраас дахин нягтлах шаардлагатай байв. Иймээс 2019 оны малтлагаар барилгын шалны хэсгээс илэрсэн малын ясны дээжинд он цаг тогтоох судалгаа хийлгэхэд 1260 -1280-аад онд хамаарахаар гарсан нь илүү бодитой хэмээн үзэж байна.
1237 онд баригдсан хэмээн үздэг Өгэдэй хааны “Гэгээ цагаан орд” буюу Дойтын балгасын барилгын хэмжээ нь 130 чи байдаг. Энэ нь “Ханзат”-ын туурьтай хэмжээний хувьд ойролцоо байгаа юм. “Ханзат” нь хаан эсвэл хан хүүгийн зиндааны дээд язгууртны ордон байсан хэмээн урьдчилсан байдлаар үзэж болохоор байна. Малтлагын явцад зөвхөн хаад язгууртны орд өргөөний хийц чимэглэлд хэрэглэгддэг байсан өнгөлгөөтэй, дээврийн нөмрөг, тосгуур болон луун хээтэй нүүр ваарын томоохон хэсгүүд олноор гарсан юм. Малтлага судалгааг үргэлжлүүлж, бүтэц, зохион байгуулалт, он цагийн хамаарлыг улам бататган, орд өргөөний “эзэн”-ийг Монголын дундад зууны үеийн түүхэн үйл хэргийн учир холбоонд үндэслэн, сурвалжийн мэдээ баримтаар тогтоох нь ойрын зорилт болж байна.

May be an image of text that says 'A 50m contour 10cm'

May be an image of text that says 'B 8 10m contour 10cm'

May be an image of sculpture

No photo description available.No photo description available.

No photo description available.

Эх сурвалж: ШУА-ын Археологийн хүрээлэн

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *