Categories
гадаад мэдээ

Ханхүү Уиллиам, Харри нар ээждээ зориулан хөшөө босгожээ

Ханхүү Уиллиам, Харри нар өөрсдийн ээж, Уэльсийн гүнж Дианагийн 60 жилийн ойд зориулан босгосон хөшөөний нээлтэд оролцжээ. Энэ хөшөө тэдний хооронд боссон ханыг нураахад тусална гэж үзэж буй. 2018 онд ханхүү Харригаас ахтайгаа ямар харилцаатай байдаг талаар асуухад “Амьдралынхаа сүүлийн мөч хүртэл бид бие биетэйгээ холбогдсон” хэмээн хариулж байжээ.

Гэвч түүнээс хойш олон зүйл өөрчлөгдсөн байна. Тэдний салаа зам улам холдсон гэж хэвлэлээр бичих болсон юм. Уиллиам, Харри нар нэгдмэл байгаагаа харуулдаг ч тэдний хооронд байсан дотно харилцаанд ан цав үүсчээ.

Хөшөөний нээлтэд Уиллиам, Харри болон Диана гүнжийн хоёр эгч, дүү болон хөшөөг босгосон хүмүүс оролцсон байна. Харри, Уиллиам хоёрын хэн нь ч хөшөөний нээлтэд үг хэлээгүй бөгөөд бие биетэйгээ нөхөрсөг харилцаатай, инээлдэж байгаа нь харагджээ. Тэд ээждээ зориулсан энэ өдрийг таагүй харилцаанаасаа болж баллахыг хүсээгүй болов уу хэмээн хэвлэлээр бичсэн байна.

Ханхүү Уиллиам, Харри нар ээждээ зориулсан хөшөөний талаар “Бид түүний хайр, тэсвэр хатуужил, хүчтэй зан чанарыг санан дурсаж байна. Эдгээр чанарууд нь түүнд дэлхийн өнцөг булан бүрд сайн үйлс хийж, тоо томшгүй олон хүний амьдралыг өөрчлөхөд тусалсан. /Энэ хөшөө/ үүрд түүний бэлэг тэмдэг болно гэдэгт найдаж байна” гэжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *