Монгол Улсын Засгийн газар, Канадын “Хан Ресурс” компани хоорондын маргаан даамжирсаар буй. “Хан Ресурс” компани Монгол Улсын Засгийн газраас 350 сая ам.доллар нэхэмжилж, арбитрийн шүүхэд өгсөн. Харин манай талаас нэхэмжлэлийг цуцлуулахаар хариу нэхэмжлэл гаргасан билээ.
Тэгвэл арбитрийн шүүх асуудлыг хянаж үзээд, “Хан Ресурс” компанийн 350 сая ам.долларын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон. Гэхдээ шүүх хурал, өмгөөлөгч, үйл ажиллагааны зардлыг Монголын тал гаргах ёстой гэсэн шийдвэрийг гаргасан. Энэхүү зардал нь 100 орчим сая ам.доллар болж байгаа юм. Монгол Улсын Хууль зүйн яамнаас “Арбитрийн шүүхийн шийдвэрийг хүчингүй болгуулах бүхий л арга хэмжээг авч, давж заалдах болсон” тухайгаа саяхан мэдэгдээд байгаа. Гэвч арбитрийн шүүхийн шийдвэрийг давж заалдах боломжгүй гэж хуульчид тайлбарлаж байгаа юм.
Тэгвэл “Хан Ресурс” компаниас мөн ийм утга бүхий мэдэгдлийг гаргасан байна. Тодруулбал, тус компанийн Гүйцэтгэх захирал Грант Эди “Монголын тал арга ядсан, ойрыг харсан үйлдэл хийж байна. Арбитрийн шийдвэрийг ихэнх тохиолдолд дагадаг. Монгол Улсын Засгийн газар шүүхийн шийдвэрийг дагах уу, эсвэл олон улсын өмнө хүлээсэн үүргээ умартах уу тэдний шийдэх асуудал” хэмээн мэдэгдсэн байна.