Онцгой байдлын байгууллагын хэрэгцээ шаардлагад нийцсэн хүний нөөцийг бэлтгэх, Хууль сахиулах их сургуулийн Ахисан шатны боловсролын сургууль, Удирдлагын академи, Онцгой байдлын болон Ахлагчийн сургуулийн алба хаагч, сонсогчдын мэдлэг, чадвар, хандлагыг дээшлүүлж мэргэшүүлэх сургалтад хамруулах, тэдний ажиллах, суралцах таатай орчин нөхцлийг бүрдүүлэх, цаашдын хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилгоор ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал, ХСИС-ийн захирал, хурандаа Ө.Энхтөр нар өнөөдөр хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа.
ОБЕГ, ХСИС-ийн хооронд 2015 онд байгуулсан хамтын ажиллагааны санамж бичгийг шинэчлэн шинжилгээ, судалгааны ажлын үр нөлөөг дээшлүүлэх, сургалтын үйл ажиллагааг олон улсын жишигт хүргэх, багш-алба хаагчийн мэргэжлийн мэдлэг ур чадварыг сайжруулахад чиглэсэн заалтуудыг тусгалаа.
Мөн Онцгой байдлын ерөнхий газрын алба хаагч, ХСИС-ийн багш, ажилтнуудад хоёр байгууллагын үйл ажиллагааг таниулан сурталчлах, хамтарсан дадлага, сургалт зохион байгуулах, төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх хүрээнд хамтран ажиллахаар тохиролцов.
Энэ хугацаанд Онцгой байдлын байгууллагын 1300 орчим алба хаагч Хууль сахиулах их сургуулийн Ахисан шатны боловсролын сургууль, Удирдлагын академи, Онцгой байдлын болон Ахлагчийн сургуулийг төгссөн бол энэ онд 400 орчим сонсогч, алба хаагч дээрхи сургуулиудад мэргэшүүлэх сургалтад хамрагдаж байгаа юм.
Уулзалтын үеэр ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Ц.Ганзориг “Онцгой байдлын байгууллагын үйл ажиллагааны талаархи танилцуулга”, Захиргааны удирдлагын газрын дарга, хурандаа Л.Болдбаатар “Онцгой байдлын байгууллагын хүний нөөцийн бодлого, сургалтын талаархи танилцуулга”, ХСИС-ийн Онцгой байдлын сургулийн захирал, хурандаа У.Ганхөлөг “Команд-штабын дадлагын танхим”-ын талаар танилцуулга хийлээ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.