Categories
мэдээ цаг-үе

Хамаатнаас дутуугүй нөхөрлөсөн нэг ангийнхан

Энэ удаагийн “Нэг ангийнхан” буландаа онцгойрох олны танил алдартангүй, өндөр төрийн шагналт гавьяатангүй ч ангийн нөхдийн нөхөрлөл, өмөг түшиг чухам ямар байх ёстойг жинхэнэ утгаар нь харуулж яваа, одоо болон хойч үеийн залууст үлгэр дуурайлал болох нэг ангийнхныг онцоллоо. Ховд аймгийн I арван жилийн 1987 оны төгсөлтийн 10А ангийнхантай ХУД-ийн Үйлдвэр комбинатад байрлах ангийн дарга Б.Ганбатын ажлын байран дээр уулзахаар цаг товлосон юм.

“Өнгөрсөн хагас сайнд заал авахад хэн хэн ирсэн бэ, өчигдөр Насааг докторын зэрэг хамгаалахад очсон хүн байна уу. Цаадах чинь харсан байх даа” гэсээр Эвлэлийн үүрийн дарга Ю.Нарантуяа ангийнхантайгаа уулзалдлаа. Эл байдлыг харахад дөнгөж өчигдөрхөн ч юм уу, саяхан төгсөцгөөсөн хүүхдүүд үү гэмээр.

Эдний ангийнхан төгсөөд 28 жилийг ардаа үдэж байгаа ч өдгөө хүртэл байнга уулзалдаж, нэгнийхээ сайн мууг мэдэлцэж явдаг болохоор хэн хаана, юу хийж яваагаа бүгд мэддэг аж.

Ховдын I арван жилийн дунд сургууль тухайн үед аймагтаа тооны гүнзгий ангийг жил бүр бүрдүүлдэг байж. Ховд аймгийн төвийн болон бүх сумын сургуулиудаас тоондоо авьяастай шилдэг хүүхдүүдийг сонгон шалгаруулж 1985 онд математикийн гүнзгийрүүлсэн сургалттай, Х.Харашаш багштай 10А ангийг бүрдүүлж байжээ. Гэрэвшүүхэн уулзалдацгаасан хүүхдүүд бага насны хөгжүүн, дэврүүн сэтгэлээр гуравхан жилийн дотор ижилдэн дасаж, насан туршийн найзууд болцгоожээ. Тухайн үедээ 10А ангийнхан аливаа уралдаан тэмцээнд бүгдээрээ өрсөлдөөнтэй, идэвхтэй оролцдог, урлаг, спортын арга хэмжээнд тэргүүлдэг хүүхдүүд байсан аж. Тэр үед аймагтаа хамгийн томд тооцогддог “Дөл”, “Шонхор” спортын наадмууд, урлагийн үзлэг, субботник, нийтийн ажил, тоо, физик, химийн олимпиад гээд тэмцээн, наадамд тэргүүн байр эзэлцгээдэг байжээ.

Математикийн аварга сурагч П.Мурат, Н.Насанбаяр, Ч.Цэвэгжав, Б.Энхбаатар, Т.Мөнхцэцэг, Б.Дуламханд тэргүүтэй шилдэг сурагчид олон. Ийм ч учраас аравдугаар ангиа төгсөхөд ангийн 35 хүүхдээс 33 нь гадаад дотоодын их дээд сургуулиудад урилгаар болон оноогоороо элсэн суралцжээ. Үүнээс ихэнх хувь нь буюу 20 гаруй нь ОХУ, Герман, Чех зэрэг улсууд руу явж суралсан байна. Тооны гүнзгийрүүлсэн сургалттай анги болоод ч тэр үү санхүү, инженер тооны багшийн мэргэжлийг эзэмшсэн хүүхэд олон. Багш мэргэжилтэй 13, санхүүч тав, инженер 11, био анагаахын мэргэжилтэн нэг, мөн нэг сэтгүүлч, хоёр цэргийн албан хаагч 10А ангиас төрсөн.

Тэд 1991-1993 оны үеэр буюу ардчиллын эхэн, эдийн засгийн хямралтай хүнд хэцүү үед их дээд сургуулиа төгсөцгөөн ажил амьдралын гараагаа эхлүүлсэн ч бүгдээрээ ажил амьдрал нь тэгширсэн, өөр өөрсдийн салбартаа тэргүүлсэн нэгэн үеийнхэн болсон байна.

Эдний ангийнхныг хамгийн нийтэч анги гэж хэлж болохоор. Учир нь 10А ангийнхан төгсөлтөөсөө хойш 28 жилийг үдэж байгаа ч өдгөө хүртэл байнга уулзалдаж, баяр жаргалтай, зовлонтой аль ч үед хамт байдаг.

Ховд аймгийн I арван жилийн 1987 оны төгсөлтийн 10А ангиас нийтдээ дөрвөн хос төрж, өнөр өтгөн айл болжээ. Тэдний хамгийн ууган хос нь Ц.Болорчулуун, Г.Түвшинбаяр нар аж. Тэд наймдугаар анги нийлэхээс л эхлэн үерхэж эхэлсэн байна. Үүний дараагаар Б.Ганбат, П.Эрдэнэчимэг, Б.Бат-Очир, Х.Цэцэгханд, А.Үсэмхаан, Б.Алимаа гээд хосууд төржээ. Ангиас олон хос төрсөн нь нэг талдаа ангийнхныг нэгтгэх, мөн ангийнхан эв нэгдэлтэй олон сайхан дурсамжтай мөчүүдийг хамтдаа өнгөрүүлж байсны үр дүн юм шүү хэмээн ангийн дарга хүүрнэж байлаа. Хамгийн удаан гуйлгаж үерхсэн нь Б.Алимаа гэнэ. Түүнийг ангийнх нь хөвгүүн А.Үсэмхаан долоон жилийн турш гуйж байж ханиа болгожээ. Ерөөсөө тоодоггүй байсан Б.Алимааг Орос руу сурахаар явахад А.Үсэмхаан үнэнч хайртайгаа батлан араас нь очсон байна. Хүний нутагт оюутан болж очсон Б.Алимаад хань нөхөр дутагдаж байсан уу тэгсхийгээд зөвшөөрсөн дөө хэмээн дурсан ярих аж.

Нэгнийхээ зовлон, жаргалтай үед хамт байж, хийж бүтээж яваа нэгнийгээ тусалж дэмжсэн жишээ эдний ангийнханд тоймгүй олон. Тухайлбал, өнгөрсөн зун ангийн ууган хос Ц.Болорчулуун, Г.Түвшинбаяр нарын ууган хүүгийн хурим болоход ангийн хосын хүүхдийн, бидний хойч үеийнхний анхны хурим боллоо хэмээн бэлгэшээж бүгдээрээ очсон байна. Мөн амьдралын эрхээр алдаж эндэх, хагацал зовлон үзэхэд заавал хандив цуглуулан очно. Ангийн дарга Б.Ганбат л гэхэд ангийнхаа хүүхдүүдийн нэлээд хэдэн хүүхдийг сургууль соёлын дөрөөнд мөрд оруулсан, нийслэл хотдоо шилдэг англи хэлний сургалтын төвөөр тодорч байсан “Best” сургалтын төвийн захирал Энхбаатар гэхэд хэд хэдэн ангийнхаа хүүхдийн хүүхдүүдийг сургалтын төвдөө үнэгүй сургаж байх жишээний.

Тэр бүр уулзах завгүй үедээ 10А ангийнхан “Бараа бараандаа” фэйсбүүкийнхээ группээр мэнд мэдэж, зургаа оруулж байнгын мэдээлэлтэй байдаг аж.

Мөн ангиараа бус дан охидын шивнээ хийх үе ч гарна. Эрчүүдтэйгээ хуваалцаж болохгүй хүнд хэцүү зүйл тохиолдвол мөн л эвлэлийн үүрийн дарга Ю.Нарантуяа ангийн охид руугаа “Охидын зөвлөлийн хуралтай шүү” гээд ярихад л бүгд ирцгээдэг гэнэ. Ерөнхийдөө эдний ангийнхныг базаж зангиддаг гол хүмүүс бол Ю.Нарантуяа, ангийн дарга Б.Ганбат, ангийн хүндэт гишүүн Г.Түвшинбаяр ажээ. Харин бусад нь тэднийгээ одоо хүртэл ангийн дарга, эвлэлийн үүрийн дарга хэмээн хүндэтгэж бүхий л насаараа “дарга аа” хэмээн дуудаж, ширээнд суусан ч хоймор руу залах нь тэр л үеийн хүүхдүүдийн ёс жудаг гэлтэй. Өдгөө цагт ангийн дарга, салаан даргаа битгий хэл багш нарыгаа хүндэтгэхээ больсон энэ үед үнэхээр бахархам сайхан үлгэр дуурайл санагдаж байв. Энэ талаар Ю.Нарантуяа “Хэдийгээр нэг хүн зангидаж өгдөг ч биднийхээ сэтгэлийг гээд ирдэг, ард минь бат зогсч байдаг нэгнийгээ чин сэтгэлээсээ хүндэтгэж хайрлах сэтгэлтэй ийм сайхан нөхөд байдагт баярлаж явдаг юм” хэмээн даруухнаар ярьсан юм.

10А ангийнхан 2007 оноос эхлэн ангийн төгсөлтийн ойгоо тав таван жилээр хийх болжээ. 2007 онд 20 жилийн ойн баяраа Улаанбаатар хотод хийхэд хөдөө орон нутаг, Казахстанд амьдарч байгаа А.Үсэмхаан, Б.Алимаа гээд бүгдээрээ цугларч, ангийн багш нараа урилгаар авчран ойн баяраа өргөн дэлгэр тэмдэглэсэн аж. Тэд зөвхөн өөрсдөө баярлаад зогсохгүй төрөлх сургуульдаа техник, тоног төхөөрөмжийн хандив өргөсөн байна. Мөн 2012 онд 25 жилийн ойгоороо ангийнхныхаа дурсамж номыг гаргаж, дуучин С.Жавхлан, Э.Бат-Эрдэнэ нарын дуулсан “Анд нөхдийн дуу”-г ангийнхаа сүлд дуу болгон ангиараа клипжүүлж дуулан, СD гаргажээ. Тэр үеэс хэн нэгэнд баяр ёслол тохиох, анги хамт олноороо цуглах, амралт зугаалгаар явах, уулзах болгондоо сүлд дуугаа дуулдаг болжээ.

“Бараа бараандаа хөгжиж

Бадаг шүлэг шиг эвлэрсэн

Үг үгэндээ дулаацаж

Үгүйлэхийн хайраар ижилдсэн…

…Дүүрэн үерхлээр цалгиж

Дууны тахилт шиг давтагддаг

Жаргал зовлон хоёроо

Хамтдаа хуваалцдаг найзууд минь…” гээд л дуулцгаах аж.

Ангиас хэн алдар гавьяа хүртэнэ, эмээ өвөө болно, алдарт эхийн одон авна, хэнд нь үхэл хагацал тохионо, ядарч доройтно, нэг юм хийхээр оролдоно тэр бүхэнд очиж тусалж дэмжихэд бэлэн байдаг аж. Нэг онцлог үйл явдал дурдахад “Атарын IV аян өрнөж эхлэхэд газар тариалан эрхлэлтийн сан гэж өрнөж байв. Энэхүү сангийн захирлаар эдний ангийн Ц.Болорчулуун ажиллаж, техникийн мэргэжилтнээр ангийн доктор Ч.Цэвэгжав очин энэхүү аянг амжилттай өрнүүлж эхэлсэн гавьяатай аж. Одоо Болорчулуун нь ХААЯ-ны газар тариалан эрхлэлт хариуцсан даргаар ажиллаж байна.

Монгол Улсын гавьяат, математикийн багш Г.Дашдондог эдний ангийнханд тооны ухааныг зааж, амьдралд хөлөө олоход ихээхэн хувь нэмэр оруулжээ. Тэд багшийнхаа талаар “Тооны ухаан гэдэг амьдралын ухаан. Багш минь бидэнд тоо заахаасаа илүү биднийг амьдралд сургаж, шударга байх, бие биенээ тусалж дэмнэж явдаг байхад их нөлөөлсөн” хэмээн дурсан ярьж байв. Сургуулийн шилдэг сурагчид хэмээн тухайн үед сургуулийнхаа эрхлэгчээр ажиллаж байсан Г.Дашдондог багш бусад багш нараас ихэд өмөөрдөг байсан учраас бусад багш нар нь “Дашдондог багшийн хэдэн эрх юмнууд” гэдэг байжээ. Математикийн хичээл заахаас гадна ангийн багштай адил бүхий л талаар нь тусалж дэмжсэн гавьяатай багш аж. Иймдээ ч тус ангийнхан багшийнхаа нэрэмжит олимпиадыг 2000 оноос эхлэн санаачлан, 15 дахь жилээ зохион байгуулах гэж байна. Ингэхдээ жил бүр ангийн нэг хүүхэд ээлжлэн орох зардал, шагнал мөнгийг гаргадаг аж. Энэ жил Бат-Очир, Цэцэгханд зохион байгуулахаар болсон байна.

Мөн 10А ангийнхан өдгөө ч долоо хоног бүр спортын арга хэмжээ зохион байгуулж заал авч, биеийн чилээгээ гаргадаг спортлог анги аж. Энэ ч үүднээс аймаг, сумын нэрэмжит тэмцээн уралдаанд амжилттай оролцож, өөрсдөө ч үе үе тэмцээн зохион байгуулдаг ажээ.

Гуравхан жилийн хугацаанд тохой нийлүүлэн суусан ч 30 гаруй жил нэг анги хэмээн, нэгнийгээ тусалж дэмнэн, үр хүүхэд, ирээдүй хойч үедээ үлгэр жишээ болж яваа ийм эгэлхэн мөртлөө өнөр өтгөн нэг ангийнхантай уулзсан юм.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *