Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаар болсон. Засгийн газраас хуулийн төсөл боловсруулж УИХ-д өргөн барихаар шуурхайлж байна. Товчхондоо улс төрд нөлөөтэй, өндөр албан тушаалд сууж буй эрхмүүдийн ураг төрөл, амраг садангийн хүмүүс удирдах алба хашихгүй. Бас зээлд хамрагдахгүй. Тэр бүү хэл тендер шалгаруулалтад оролцох боломжуудыг нь ч энэ хуулиар хааж өгөх юм. Хуулийн ийм өөрчлөлт Ерөнхий сайд, УИХ, Засгийн газрын гишүүд, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт шууд үйлчилнэ. Ингэснээр тэд эрх мэдэл, мэдээлэлд ойр давуу байдлаа цаашид ашиглах ямар ч боломжгүй гэсэн үг. Тийм болохоор УИХ-ын гишүүд нүднээс далдуур ёстой нэг ойж буухыг үзүүлж өгч байна. Тэд “Ах, дүү, хамаатан садан минь тендерт оролцохгүй, дарга даамал болохгүй юм бол энэ гишүүнээр чинь яах юм бэ. Гишүүн байхын хэрэг ч алга, больё” гэж цухалдаж байгаа аж. Улмаар “Энэ хууль батлагдах юм бол миний эхнэр, нөхөр, үр хүүхэд, аав, ээж, төрөл төрөгсөд, хамаатан садангуудын минь Үндсэн хуулиар олгосон эрхийг ноцтой зөрчнө. Бид төрийн өндөр албан тушаал хашихад тэд маань ямар буруутай юм бэ” гэж үзэж байгаа юм билээ. Үүгээр зогсохгүй өөр хоорондоо хуулийг батлуулахгүй байх талаар сэм ярилцацгааж, улс төрийн акци өрнүүлэхээр тохироо хийж байгаа сурагтай.
Энэ үйл явдлаас харахад, УИХ-ын гишүүд ард түмнийг төрд төлөөлж байгаа гэдгээ огт ухамсарладаггүй юм байна. Бидний төлөө зүтгэнэ гэж өчүүхэн төдий ч бодож явдаггүй нь илэрхий байна. Тэд энэ үйлдлээрээ өөрсдийнхөө жинхэнэ нүүр царайг харуулчихлаа. Гэтэл гэнэн ард түмэн бид нь өнөө хэдийгээ бодохдоо “Ард түмний төлөө зүтгэж,улс эх орноо хөгжүүлэхээр гарч ирсэн” гэж ойлгож бас итгэдэг. “Хөөрхий минь миний л амьдралыг сайжруулахын тулд нойр хоолгүй зүтгэж, янз бүрээр хараалгаж, зүхүүлж байна даа” гэж дотроо өмөөрдөг байв. Тэгвэл ганц хуулинд оруулах өөрчлөлтөөс тэд эрх ашгийнхаа төлөө яаж оволзож, тэмцэж байгааг харлаа. Ард түмэнд зориулж амласан бүхэн нь худлаа юм байна.
Үүний баталгаа нь “Хэрэв манай ах, дүү нар тендер авч, албан тушаалд очихгүй юм бол би энэ гишүүнээр чинь яах юм бэ” гээд өөрийгөө бариад өгчихлөө шүү дээ. Өндөр албан тушаалтны хүүхэд, ойр дотныхон төрийн албанд хаа сайгүй бий. Бүр худ ургууд нь хүртэл дарга, даамал хийцгээж байна. Тэгвэл төрд бэхэжсэн “ургийн мод”-ыг үндсээр нь булга татах энэ хууль гишүүдийн дунд хаясан тэсрэг бөмбөг шиг л болж байна.