Categories
мэдээ цаг-үе

“Халхын тэргүүн Юндэн” Б.Баттөрийн гэрт зочиллоо

Дуучин Б.Баттөр гэргий Т.Мөнгөнбөгж бага охин Урангоогийн хамт. 2017.09.03

Монголын дуурийн урлагийн алтан үеийнхний ар дээр шил даран гарч ирсэн цөөн уран бүтээлчдийн нэг нь Сэлэнгийн “том” Төрөөг гэдэгтэй маргах хүн гардаггүй билээ. Цагтаа дуурийн театрын шилдэг баритон хэмээн нэрлэгдэж, алдарт Чайковскийн нэрэмжит дуурийн дуулаачдын олон улсын уралдаанд эх орныхоо нэрийг өндөрт өргөн шилдэг 10 дуучны нэгээр шалгарч байсан түүх түүнд бий.

Түүнийг хоолойны цараараа гайхуулж явах үед буюу 1990 оны сүүл үед урлагийг дэмжих нь байтугай айл өрхүүд хоолтой, хоолгүй хонохын зааг дээр, төр улс нь төрийн албан хаагчдынхаа цалинг тавьж чадахгүй ажил хаялт болж, сургууль, цэцэрлэгүүд халаалтаа өгч чадахгүй завсардаж байсныг мэдэх юм. “Сэлэнгийн” хэмээх тодотголтой Балжиннямын Баттөр өдгөө 24 жил дуурийн урлагт үнэнчээр зүтгэж буй “цэрэг”. Халхын тэргүүн Юндэнгээр шалгарч явсан СУИС-ийн дуурийн дуулаачийн багш, докторант Балжиннямын Баттөрийнхөөс энэ удаагийн “Танайд өнжье” булангаа бэлтгэлээ. Өчигдөр өглөөний мандах нар Богд уулын оройг үнсэн мандаж байх үед “Сайхан амарсан уу.

Өнөөдөр ч сайхан өдөр болох нь ээ. 10 цагт Баянголын аманд манайд хүрээд ирээрэй” хэмээн гэртээ урив. Хэдхэн хоногийн өмнө Монгол Улсын гавьяат жүжигчин У.Далантайтай яриа дэлгэн сууж байхад “Сайхан хоолойтой, дүрд хувирч чаддаг, сайн жүжиглэдэг дуучин. “Ламбугайн нулимс” дуурийн Лодонгийн ариг Баттөр шиг сайн дуулсан хүн одоогоор алга” хэмээн ярьж байсан нь одоо ч нэн тодхон.

Бид явсаар Баянголын аман дахь тэдний зусланд ирлээ. Тэр хавийнхан нь ч андахгүй юм. Төв замаас салаад “Дуучин Баттөрийнх хаана байдаг бол” хэмээн асуухад хашааны бетон суурь цутгаж байсан хоёр залуу “Зүүн гар талаа бариад яваарай, дээшээ нэлээд өгсөнө хө. Дүнзэн байшин байгаа. Хашааны суурь нь хээтэй, андашгүй” хэмээн зааж өглөө. Шороон замаар явсаар хашааных нь үүдэнд иртэл “Сайн явцгааж байна уу, орцгоогоорой” хэмээн чамин хээтэй хашааныхаа хаалгаар дагуулан орлоо. Цэлийсэн хашаан дотор том дүнзэн байшин байхын зэрэгцээ хашааны хаалганы хоёр талдаа овчарк нохойгоор хамгаалуулжээ.

Гэрлэлтээ батлуулна гэдэг нэг насны хамгийн сайхан агшин

Харин бага охин Урангоо нь “Сайн байна уу, сэтгүүлч ахаа” хэмээсээр мэнд мэдэв. Биднийг ирэхийн өмнө аав, охин хоёр хашааныхаа модыг усалж байсан гэнэ. Хашааных нь урд талд хоёр гэр байх агаад доод талын гэрийг нь дөнгөж өчигдөр барьчихаад байж байна гэсэн юм. Дуучин Б.Баттөрийн хувьд их хөлийн Улаанбаатараас зайдуухан зусландаа “бүгэх” дуртай аж. “Жинхэнэ амар амгалан чинь энд л байна шүү дээ” хэмээн инээмсэглэсээр байшиндаа дагуулан орлоо. Бугуйн дахь цагаа харвал 10:02 болж байв. Ямар ч байсан цагтаа ирлээ хэмээн бодохын зуур гэрийн эзэгтэй цайгаа ууцгаа хэмээн ширээний ард урилаа. Дуучин Баттөр “Өдийд манай нутаг сайхан байгаа. Айл бүр ногоотой шөл “Ургацын далай” хийгээд л…” хэмээн яриагаа үргэлжлүүллээ. Гэргий Т.Мөнгөнбөгж нь сүүтэй цай, бууз, “ургацын далай”, шорлогноос эхлээд усан үзэм, гадил, алим тэргүүт амттанаар ширээ дүүргэжээ. Гэрийн эзэгтэй “Өглөө эрт ирсэн хүмүүс цайгаа ууж амжаагүй байлгүй сайхан тухалж байгаад өглөөний цайгаа хамтдаа ууцгана шүү” хэмээгээд гал тогооныхоо зүг эргэлээ. Охин Урангоо нь хашааныхаа модыг услаад зав алга. Дуучин Баттөрийн хувьд Сэлэнгийн корпуст бага нас нь өнгөрчээ. Эрэгтэй л хүүхэд хойно сахилгагүй байж таараа. Гэхдээ бусдад түвэг учруулсан тийм зан байгаагүй гэдгийг багын найзууд нь ярьдаг.

Урлагийнхны гэрээр ороод гарахад ёс юм шиг төгөлдөр хуур байж л байдаг. Б.Баттөр, Т.Мөнгөнбөгж нар мөн л зуслангийн байшингаа төгөлдөр хуураар гоёсон байх юм. Ажиглаад байхад охин Урангоо нь төгөлдөр хуур тоглохын сацуу сайхан дуулчихдаг аж. Тэд ханьлаад хорин намраа үдэж буй бөгөөд Үүрийнтуяа, Урангоо гэдэг хоёр охинтой юм байна. Том охин Үүрийнтуяа нь МУИС-ийн Солонгос хэлний орчуулагчийн ангид суралцдаг бол бага охин Урангоо нь улсын тэргүүний Нэгдүгээр сургуулийн тавдугаар ангийн сурагч. Дуучин Баттөрийн зуслангийн байшин хоёр давхар. Нэг давхрынхаа хойморт зурагтаа тавьж, дээр нь жаазанд хийсэн мөнгөн зоос өлгөжээ. “Том” Төрөөгийн аав Балжинням гуай зоос цуглуулдаг байсан тул аавынхаа цуглуулганы дээжээс авсан зооснуудаа жаазлан ийнхүү хоймортоо залсан байна. Дуучин маань нутаг амьтайн дээр аав амьтай гэдэг нь түүний яриа бүрээс илтэд мэдрэгдэнэ. Анхны “Би…” хэмээх бие даасан тоглолтоо Улаанбаатар хотод хийж байсан бол 20 жилийн дараа төрсөн нутгийнхаа “Сэлэнгийн долгио” чуулгын тайзнаа “Сэлэнгийг минь яаж гүйцэхэв дээ” хэмээх уран бүтээлийн тайлангаа аавдаа зориулан тоглож байсан юм. Ямартай ч тухайн үедээ Улсын аварга Г.Эрхэмбаяр, Монгол Улсын гавьяат тамирчин Т.Үйтүмэнгээс эхлээд нутгийнхаа олны танил эрхмүүдтэй хамтран тайзан дээр дуулж шуугиан тарьж байлаа. “Тамирчдыг хүртэл тайзан дээр гаргаад дуулуулчихдаг адтай золиг шүү” хэмээн тухайн үед түүнд хүмүүс магтаалын үгийг харамгүй өгч байсан ч аавдаа л гэх чинхүү сэтгэл нь түүнээс ч илүү байсан гэдэг. Тэр үед аав нь хүндээр өвдсөн байсан тул чинээндээ л сэтгэлийн дэм өргөсөн нь тэр байж.

Б.Баттөр, Чинзориг нарын хүүхдүүд. Баруун гар талаас эхнийх нь
Б.Урангоо

Б.Баттөр “Би чинь гурван шар охинтой хүн шүү дээ” хэмээн ярих. “Та чинь хоёр л охинтой гэсэн биш үү” гэхэд “Ханийг хэлж байгаа юм. Хоёр охиноосоо дутахгүй эрх шүү дээ” хэмээн инээхэд “Наад Төрөө ах чинь байнга ингэдэг юм” гээд гэрийн эзэгтэй инээмсэглэв. Гэрийн чимэг болсон морин хуурын сувинер болон хийл хөгжим сонирхож байх зуур гэрийн эзний утас дуугарав. “Найз нь гэртээ байна аа. Эхнэр хүүхдээ аваад ирээрэй” гээд ярьж байх нь сонсогдсон юм. Ямартай ч зочин ирэх нь баараггүй болов. Дуучин маань “Хар багын найз Чинзо маань эхнэр хүүхдүүдтэйгээ өнөөдөр манайд ирэх юм” гээд ширээнийхээ ард суулаа. “Сэлэнгэ түмний шүтээн Ээж мод” гэсэн бичиг бүхий зураг гэрийн хойморт нь мөн залагджээ. “Аав минь нутагтаа ойрхон яваарай” гээд өгсөн болохоор нь хоймроо залчихсан юм. Зүгээр биз дээ” хэмээн инээмсэглэн зураг руу ширтэнгээ ямар нэгэн зүйлийг бодолхийлэв бололтой хэсэг чимээгүй суулаа. “Гадагшаа гарч салхинд жаахан суух уу” хэмээн гэрийн эзэн санал тавьсан тул хамтдаа гадагшаа гарлаа. Байшингийнхаа урд тоосго, төмөр тэргүүтнээр тохилог донжтой саравч барьжээ. Амралтын өдрүүдээр найз нөхөд, хамаатан саднаа уриад тэнд шорлог хийж өдрийг өнгөрүүлдэг байна. Саравчны доор цемент дээр Б+М гээд ард нь зүрх зурчихсан байх юм. Утга нь Баттөр+Мөнгөнбөгж гэсэн юм болов уу гээд сонирхон асуутал үнэхээр тийм байв. “Хэн ингээд биччихдэг юм бэ” гэтэл Баттөр дуучин “Би л ингэж сахилгагүйтэж байхгүй юу” гээд инээмсэглэлээ.

Дуучин Баттөрийг өнөөдрийг хүртэл зарим хүмүүс “гавьяат” хэмээн боддог. Энэ талаар түүнээс асуухад “Би чинь урлагаас авах юм аа авчихсан хүн шүү дээ. Эрүүл яваа минь энэ урлагийн том шагнал байхгүй юу” гэв. Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан цолоо хэзээ ч бага гэж чамлаж яваагүй аж. Тэрбээр Сэлэнгэ аймгийн тавдугаар сургуулийг дүүргэн цэргийн албанд мордсон байдаг. Түүний хувьд дотоодын цэргийн 0805 дугаар ангид алба хаажээ. Цэрэгт байхдаа нутгийнхаа 10 гаруй залуустай хамт ангийнхаа 100 гаруй цэргийн өөдөөс нударга зөрүүлж явсан “ширүүн” толгой. Баттөрийг цэргийн албанаас халагдахад түүнийг цагдаа болгох хүсэлтэй олон хүн байсан ч цэргийн алба хааж байхдаа зодоон хийсэн шалтгаанаар цагдаа болгоогүй аж. “Уг нь миний үндсэн мэргэжил мужаан юм шүү дээ” гэв. Учрыг лавлахад багаасаа л гарын уртай юм бүхнийг хийж явсаар мужаан болсон” гэдгийг хэлсэн юм. Хоёр давхар байшингаа ч мөн адил гурван жил зүтгэж байж таван жилийн өмнө өөрийн гараар босгожээ. Байшин барихад мөнгө их шаарддагддаг тул гурван жил энд тэнд хөтлөгч дуучны “халтуур” хийж байгаад барилаа шүү дээ. Ариун цагаан хөдөлмөрөөрөө босгосон гээд бодохоор цаанаа л нэг өег байдаг юм даа гэсэн юм. Тэрээр “Эр хүн чинь байшингаа барьдаг байх хэрэгтэй байдаг юм” гэлээ. 10 гаруй жилийн өмнө тэднийх зуслангийн хашаагаа хатгаж байхад тэр хавь зэлүүд байсан тул найз нар нь “Чи энд байшин бариад хэрэггүй ээ, хүн амьтан ч байхгүй юм” гэдэг байж. Угийн өөрийнхөөрөө бүх асуудлаа шийдэж ирсэн хүн найзуудынхаа үгийг авалгүй “Та нар 10 жилийн дараагийнхыг хардаг ч болоосой” гэхэд тэд “Ядаж чамайг жорлон барьчих юм бол хоёр сая төгрөг өгье” хэмээн инээлдэж байсан гэнэ. Угийн өөрийнхөөрөө зүтгэдэг тул “Жорлон барьчихаад та нараас хоёр сая төгрөг авчихъя л даа” гээд тэнд амьдардаг хоёр залуугаар дөрвөн метр нүх ухуулаад ажилдаа оржээ. Найз нар нь нэг өдөр тэднийд цуглаад “Бас нэг амбаар барьчихжээ” гээд хөхрөлдөж байгаад нэг найз нь “Төрөө хаана бие засах уу” гэхээр нь “Тэр амбаарт ороод бие засчих” гэж. Нэг найз нь “Ямар сайхан ариун цэврийн өрөөтэй болчихсон юм бэ” гээд уулгалахад нөгөө найзууд нь бүгд очиж үзэхэд нь “Та нар хоёр сая төгрөгөө өгөөрэй” гэж. Найзууд нь оройдоо хот орцгоож ам алдвал барьж болдоггүйн үлгэрээр тэр мөнгөө өгцгөөсөн байна. Ийнхүү хашаа хороо, байшин ярьсаар гэрт орцгоолоо. “Том” Төрөө “Манай урд талд УИХ-ын дарга байсан Д.Дэмбэрэл гуайнх байдаг юм. Бид хоёр мод тарих хоббитой юм шиг байгаа юм. Хааяа тэднийхээр орж буу халнаа” гээд гэрийг нь заалаа. Төрөө дуучин хашаандаа 70 мод ургуулж байгаа гэдгийг гэргий Мөнгөнбөгж нь хэллээ. Нарс, хуш, гацуур, монос, буйлс зэргийг тарьжээ. Энэ моднууд нь бүгд эзэнтэй гэж байгаа. Найз нөхөд, хамаатан садан, шавь нар нь ирж мод суулгахдаа бүгд өмчлөөд авсан байна. Ирэх бүртээ миний мод сайхан ургаж байна шүү гээд усалж байгаад явдаг гэнэ. Аав нь волейбол тоглож байхдаа 12 дугаарын өмсгөлтэй байсан бол дуучин

Баттөрийн сагсны өмсгөл мөн л 12 дугаартай байж. Тиймээс үүнийг бэлгэдэн 12 мод суулгасан бол, аавыгаа өнгөрөхөд нь есөн мод суулгасан, хоёр охиндоо хоёр хоёр гацуур тарьсан гээд бүгд учир утгатай гэсэн юм.

Түүнийг 1993 онд цэргээс халагдаж ирээд байхад“Өргөн Сэлэнгэ-1993” дууны уралдаан Сэлэнгэд болж байж. Тэрээр уралдаанд оролцож байсан дуучдын дуулахыг сонсоод “Ямар сайхан юм бэ” гэж бишрэн үзэж суужээ. Миний аав, ээж хоёр их сайхан дуулна. Тэр нь ч намайг дуучин болоход нөлөөлсөн байх гэсэн юм. Аав үнэхээр сайхан баритон хоолойтой хүн байлаа. Нутгийнхан маань мэднэ дээ гээд инээмсэглэв. Түүнийг олонд таниулсан уран бүтээл бол

“Сэлэнгээ, Сэлэнгээ би

Сэлүүхэн дэнжийн чинь яргуй

Сэлэнгээ, Сэлэнгээ би

Сэрүүхэн усны чинь дусал аа” буюу “Сэрүүн дэнжийн яргуй” дуу билээ. Ийн яриа өрнөж байх зуур түүний найз Чинзориг, эхнэр Цэвэлмаа болон хүүхдүүдийн хамт тэднийд зочлов. Чинзоригийг хувьд Монгол Улсын консерваторын дуулаачийн факультетийн эрхлэгч буюу бидний мэдэхээр Хөгжим бүжгийн коллежийн дуулаачийн тэнхимийн эрхлэгчээр ажилладаг юм байна. Чинзоригийн хувьд өнгөрөгч хавар Болгар улсад урлаг судлалын чиглэлээр докторын зэрэг хамгаалсан анхны дуурийн дуучин болжээ. Ардын жүжигчин Д.Жаргалсайхан агсан нагац ах нь байсан гэнэ. Ийнхүү яриа өрнөхийн зуур төгөлдөр хуур дээрх зэрлэг гахайн сүрэг болон зурагтны өмнөх нүүдэлчдийн модон сийлбэр харц булаана. Энэ талаар Төрөө дуучнаас тодруулахад “Гэртээ сийлбэрийн бүтээлтэй болъё” гээд явж байтал манай сургуулийн төгсөгчид багш нартайгаа хамтран хийсэн энэ бүтээлийг авахгүй юу гэхээр нь хэн хэндээ хөрөнгө оруулъя гээд авчихсан. Цаашид та нар ч гэсэн урд хийсэн хачин юм авч байхаар өөрсдийн авьяастай хүмүүсийн хийсэн зүйлсийг авч байгаарай гэдгийг захив. Монгол Улсын гавьяат жүжигчин У.Далантай, Х.Болормаа, Жинжиймаа буюу жижиг Ц.Баттөр, “Би Монгол эр хүн” дууг дуулсан Б.Батболд, Чинзориг, “Том” Б.Баттөр нар нэг ангид сурч байж. Чинзориг “Намайг анх энэ ангид ороход Далантай, Болормаа, хоёр Төрөөгөөс эхлээд бүгд од болчихсон байсан. Анх ч өөртөө эргэлзэж байлаа” гээд инээмсэглэн ярихад Баттөр дуучин “Далантай, Батхуяг, Батболд, Жинжиймаа Төрөө бид тав их дотно нөхөрлөдөг юм” гэлээ. У.Далантай гавьяат “Том” Төрөөтэйгээ хамт урлагийнхны үнэлэмжийг нэмэгдүүлэх ёстой, урлаг дахь шударга бус зүйлсийг зогсоох хэрэгтэй гээд Дуурийн театрт байхдаа тэмцэж байсныг урлагийнхан мэднэ” гэж байсан билээ. “Том” Төрөөгөөс “Тэр үед танай хэд нийтийн дуугаар баллаж байсан даа. Та нийтийн дуугаар явахгүй яасан юм” гэхэд Пүрэвдорж багш маань надад “Нийтийн дуу руу хэт ороод яах вэ. Дуурь гэж сайхан урлаг байна. Мэргэжлийн урлаг руу түлхүү орно шүү, нөхөөр. Найрын дуу дуулаад битгий яваад бай” гэж хэлсэн юм. Тэгж л би дуурьт эргэлт буцалтгүй орсон” гэж байв. Ийнхүү яриа хөгжиж байх зуур гэрийн эзэгтэй ширээн дээрх хоол ундаа сэлгэн Чинзоригийн гэргий Цэвэлмаатай яриа өрнүүлж байлаа. Харин Урангоо Чинзоригийн хүүхдүүдтэй гадаа тоглоод гэрийн бараа харахаа болив. Хааяа орж ирж хөргөгчнөөс зайрмаг аваад нөгөө хэддээ өгнө. Дуучин Баттөр “Миний хайр” хэмээн охиноо өхөөрдөх аж. Гэргий Т.Мөнгөнбөгж “Миний охин чинь том болоод тусад орсон гэж жигтэйхэн. Намайг ажил ихтэй үед аавдаа хань болно гэж сүрхий шүү” гээд инээмсэглэв. Гэрийн эзэгтэйн хувьд өмнө нь “Монос”, “Монгол Эм импекс” концернд ажиллаж байгаад саяхан ажлаасаа гарчээ. “Хувиараа юм хийж үзэх хэрэгтэй юм байна” гэдгийг ойлгосон гэлээ.

У.Далантай гавьяат “Байгалиасаа төрмөл дуучид гэж байдаг юм. Тэднийг жаахан зөв чиглүүлчихэд чигээрээ явчихдаг. Манай үед байгалиасаа төрмөл дуучин “Том” Төрөө маань байлаа. Одоо ч гэсэн түүнтэй эн зэрэгцэх баритон ховор шүү. Одоо Амартүвшин, Ариунбаатар гээд сайхан авьяастай байгалийн өгөгдөлтэй залуус гарч ирж байна” хэмээн түүнийг үнэлсэн байдаг. Нэлээд олон жилийн өмнө зарим хэвлэл дээр дуучин Б.Баттөрийг “Цагаа олоогүй дуучин буюу цөвүүн цагийн богд” гэж бичиж байлаа. Учир нь урлагийг үнэлдэггүй буруу цаг үедээ төрсөн мундаг дуучин ингээд дуусах нь гээд халаглан бичдэг байв. “Өөрөөс чинь илүү хүн байгааг цаг ямагт санаж яв” гэдэг үгийг аав нь захидалдаа бичиж үлдээснийг уншаад одоо л ойлгож байна даа хэмээн үгээ залгив. Надаас илүү хүнгүй мэт, Баттөргүй тоглолт болохгүй мэт даанч дэврүүн явсан нас бий. Үүнийг арай эрт ойлгосон бол залуу насыг гамтай л үрэх байсан даа хэмээн санаа алдав.

Чинзориг доктор “Дорнодын Дашбалбараас тэс буриад хэлтэй нөхөр хотод ирэхэд хот гэдгийг үзүүлж, эхнэртэй маань холбож өгсөн хүн дээ” хэмээн ярихад “Яах аргагүй тийм зүйл болсон” хэмээн Төрөө дуучин ярианд эрч нэмэв. Дуучин Б.Баттөр волейболын спортын мастер “солгой” хэмээх Балжиннямын дөрвөн хүүхдийн нэг. Дээрээ нэг ах, нэг эгч, доороо нэг дүүтэй гэнэ. Түүнийг үеийнх нь найзууд нямбай, дэндүү сэргэлэн хэмээн тодорхойлдог. Тэрээр багаасаа өдрийн тэмдэглэл бичдэг байсан бөгөөд анхны тоглолтоо өдрийн тэмдэглэлээрээ найруулж утгачилсан тоглолт хийж байсан юм байна. Төрөөгийн хамгийн эрхэм зүйл гэр бүл. Үүний дараа СУИС-т хамт ажиллаж буй урлагийн бурхад болсон түшигтэй сайхан багш нар маань хэмээн тодорхойлов. Б.Баттөр дуучин гурван багшаараа бахархаж явдаг нь ярианаас нь тодрох аж. Түүнийг урлагт хөтөлсөн хүн нь Ардын жүжигчин Д.Баадайжав гуай. Харин магистрын багш нь Ардын жүжигчин А.Дашпэлжээ бол мэргэжлийн багш нь Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин, Зууны манлай эрэгтэй дуурийн дуучин Цэвэгжавын Пүрэвдорж агсан юм. “Би чинь гурван Ардын жүжигчний гараар орсон хүн шүү дээ. Энэ хүмүүсээс сурсан бүхнээ СУИС-ийн дуурийн дуулаачаар суралцаж буй шавь нартаа сургаж байна даа” хэмээн бахархана. Зуслангийн байшингийнхаа хоёр давхрыг хоёр охиндоо зориулан тохижуулжээ. Хойморт нь Ц.Пүрэвдорж агсны томоо хөрөг зургийг байрлуулсан нь нүдэнд шууд тусав. 21 настайгаасаа урлагт зүтгээд 24 жил болсон байна. Бага хугацаа биш шүү хэмээн багшийнхаа зургийг харангаа хэлсэн юм. “Би чинь аавынхаа зургийг хоймортоо залаагүй байж багшийнхаа зургийг залчихсан хүн дээ. Ингэж болдог ч юм болов уу, бүү мэд” гээд инээмсэглэв. Харин аавынхаа үлдээсэн хамгийн үнэт өв болох баяан хөгжим, монгол гутал, шатар зэргийг нь нандигнадаг байна. Гэргий Т.Мөнгөнбөгжтэйгээ анх танилцаад айлын хажуу өрөө хөлслөн амьдарч байгаад “Арай ч ингээд яваад байж болохгүй” гээд зориг шулуудан 40 мянгатад байранд орж, Баянголын аманд зуслангийн байшин барьжээ. Одоо харин 10 дугаар хороололд аж төрдөг гэнэ. “Хүн өөрийн бүтээн босгосон амьдралаасаа кайф авч байх ёстой. Би Бөгжөөтэйгээ ханилаагүй бол энэ амьдралд нэлээд далийх байсан байх шүү. Хүний хань хамгийн чухал байдаг юм. Амьдрал надад ийм сайхан хань бэлэглэсэн” гээд ханиараа бахархав. Түүний хувьд өнгөрсөн амьдралдаа харамсдаггүй гэдгээ хэллээ. Учир нь Дуурийн театрт 2002-2007 онд ажиллаж байхдаа гоцлооч байж, Монгол Улсын нэрийг тахалж дэлхийд хүртэл дуулж байлаа шүү дээ. Мэргэжлийн дуучин хаа хүрч болдог юм тэр бүхэнд нь хүрэхээр явж байлаа гэв. Би СУИС-д багшилж байгаагаараа бахархдаг. Бүхэл бүтэн Монгол Улсын урлагийг бий болгочихсон. Амартүвшин, Ариунбаатар, Энхтайван, Гомбодорж, Бямбажав гээд мундагууд олон улсад гараад ирлээ хэмээн бахтай нь аргагүй ярьсан юм. Ингээд ярьж байтал эхнэрийнх ажлын дүү нар нь ирж тэднийд хөл нэмлээ.

Гэргий Т.Мөнгөнбөгж зочдод идээ бэлдэж буй нь

Төрөө дуучин эхнэртэйгээ танилцсан түүх нь бас л сонин юм билээ. Монгол Улсын гавьяат жүжигчин Ж.Алтанцэцэг нарын дуучидтай хамт хөдөө тоглолтоор явахын өмнө нэг хүний хурим дээр дуулаад өгөөч гэхээр нь яваад очтол гэргий Т.Мөнгөнбөгжийнх нь ахын хурим болж байж. Төрөө дуучин хуримын арга хэмжээг нь хөтөлж ая дуугаа өргөөд авч. Хуримын дундуур одоогийн хадам ээжтэйгээ хундага тулгах зуураа тоглоом шоглоомоор “Хадам ээжтэйгээ нэг тулгачих уу” гээд ярьж байсан гэнэ. Хөдөөнөөс ирээд ах маань бид хоёрыг нийлүүлэх гүүр болсон доо хэмээн хөхиүн инээд дүүрэн чин сэтгэлийн баяртайгаар ярьсан юм. Энэ мэтчилэн гэр бүл, уран бүтээл, амжилтын тухай хүүрнээд байвал даанч их цаг шаардагдана. Түүнтэй яриа хөөрөө дэлгэн сууж байхад “Монгол Улсын урлагийн төлөө зүтгэе” гэсэн чинхүү сэтгэл байдаг нь улам л мэдрэгдэх аж. Цагтаа “Халхын тэргүүн Юндэн”-гээр шалгарч явсан авьяасын булаг, сэтгэлийн цэнэг “Сэлэнгийн Том Төрөө”-гийн амьдралын зах зухаас хүргэхэд ийм байна.

Найз Чинзоригийн хамт

Гэрэл зургуудыг Ц.МЯГМАРСҮРЭН

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *