Categories
арын-нүүр булангууд мэдээ нийгэм

Халхын анхдугаар Богдын наадмыг халхын их аварга эхлүүлсэн нь

Халхын анхдугаар Богд Өндөр гэгээн Занабазарын мэлмий гийсний 380 жилийн ой өнөө жил тохиож байна. Одоогоос 20 жилийн өмнө буюу 1995 онд 360 жилийнх нь ой тохиож Өвөрхангайн Есөнзүйлд даншиг наадам болсон юм. Уг наадмын ерөн­хий найруулагчаар төрийн хошой шагналт Нацагийн Жанцанноров ажиллажээ. Тэрээр Өндөр гэгээний нут­гийн хүн. Нутаг нугаа бодсон чиг уу, билэг авьяасыг нь биширсэн чиг үү, халхын анх­дугаар Богдынхоо ойг ёс төртэй эхлүүлэх өндөр хариуцлагыг өөртөө тохсон нь мэдээж. Тэгээд мань хүн бодож л дээ. Бодсоны эцэст толгойд нь Мөөеө аварга буусан байна.

Мөнхбат аваргад дэл сүүл нь намирсан наран хонгор азарга унуулаад, сүлд хийморийн бэлгэдэл цагаан туг бариулж наадмын талбайг нар зөв тойруулан орж ирэхээр боджээ. Тэр тухайгаа Мөөеө аваргад хэлсэн байна. Өнөөх нь ч зөвшөөрч. Ингээд дэл сүүл сайтай хул хонгор азарга бэлдэж, наадмын урьд орой сургуулилтаа хийгээд авчээ. Анхдугаар Богдынхоо ойг эхлүүлнэ гээд Мөөеө аварга хэнхгэр байсан нь дамжиггүй. Уяа морьдын сувдан хөлс суларчихсан, хүчит бөхчүүдийн торгон ир ханачихсан, Өндөр гэгээнийхээ ойг зорьж ирсэн газар газрын наадамчид нээл­тийн ёслол эхлэхийг хүлээж ядан байх цаг дор Мөөеө аваргыг мордуулчихаж.

Халхын их аварга цагаан туг намируулаад наран хонгор азаргатай наадамчин олноо нар зөв тойрохоор гуядтал хөгжмийн ая дан, хуран чуулсан түмний шуугианд болсон уу, өнөө азарга чинь гэнэт булгиад шидчихсэн байна. Олон түмэн орилолдоод, ерөнхий найруулагч Жанцанноров палхийгээд явчихна биз дээ. Тэгтэл 55 насны босго шүргэж байсан аварга хоёр хөл дээрээ босоо бууж, цулбуураасаа хүчтэй дугтарч татан дахиж мордоод уухайн түрлэгтэй ороод ирсэн гэдэг. “Аварга аваргаараа төрдөг юм билээ” гэж Жанцанноров гуай хуучилж байсан. Харин Мөөеө нь “Хөгшин намайг хөөргөн залуу азарган дээр мордуулаад алах шахсан” гэж Жанцанноровыг наадмын орой нэг сайн загнаад авсан дуулддаг юм.

Н.ГАНТУЛГА

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *