Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

“Халх гол” үндэсний бүтээн байгуулалтын бүс байгуулахаар боллоо

УИХ-ын чуулганы үдээс хойших хуралдаанаар “Хөдөө аж ахуйн “Халх гол” үндэсний бүтээн байгуулалтын бүс байгуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын анхны хэлэлцүүлгийг хийлээ. Тогтоолын төслийг эхний хэлэлцүүлгээр батлах санал дэмжигдэж, батлагдлаа.

Хэлэлцсэн асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Х.Болорчулуун “Засгийн газраас үндэслэл тооцоогүй, судалгаагүй асуудал оруулж ирж баталдаг том жишээ энэ юм шүү. Халх голыг чөлөөт бүс болгох асуудлыг бүгд эсэргүүцсэн. Яагаад гэвэл дэлхийд байхгүй газар нутгийн хэмжээтэй чөлөөт бүс байгуулах асуудал байсан. Газар нутгийн хэмжээ 500 мянган га-аар байх юм уу. Эсвэл багасах юм уу? Зам дэд бүтцийн асуудлыг шийдсэн юм уу? Засгийн газраас ямар хэмжээний хөрөнгө оруулалт зардал гарах вэ?” гэж байв. Үүнд ХХАА-н сайд Р.Бурмаа хариулахдаа “500 мянган га газар гэдэг хэмжээ нь хэвээр байгаа. 2015-2021 он хүртэл эдийн засагт үзүүлэх үнэлгээ хийгдсэн. Баруун таван аймаг харьцангуй эрүүл бүс байдаг. Тиймээс мах экспортлож эхэлсэн. Зүүн бүс нутагт харамсалтай нь шүлхий гардаг учраас энэ бүсэд малын эрүүл бүс бий болгох хэрэгтэй байна. Үүний тулд бүх нөхцөлийг хангах чиглэлээр ажиллах байна” гэсэн юм.

Уг тогтоолын төслийг баталснаар “Халх гол” чөлөөт бүс хөдөө аж ахуйн тогтвортой хөгжлийн загвар, шинжлэх ухаанд суурилсан байгаль орчинд ээлтэй дэвшилтэт технологи бүхий хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг хөгжүүлэх бүс болж, тухайн бүсэд амьтан, ургамлын хорио цээрийн тусгай журмыг хэрэгжүүлэх үндэс бүрдэх юм. “Халх гол” чөлөөт бүсийн хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг боловсруулахдаа доорх 6 зарчмыг баримтлах аж. Тодруулбал:

1. “Халх гол” чөлөөт бүсийн ерөнхий төлөвлөгөө нь Монгол Улсын хууль тогтоомжид нийцсэн байх;

2. “Халх гол” чөлөөт бүс олон улсын худалдааны хорио цээртэй мал, амьтны халдварт өвчнөөс ангид, эрүүл бүс байх;

3. “Халх гол” чөлөөт бүсэд тэг технологийг ашиглан тухайн бүс нутагт туршиж, баталгаажсан сортын үрээр тариалалт хийх;

4. “Халх гол” чөлөөт бүсэд үйлдвэрлэж гаалийн нутаг дэвсгэрт оруулах бүтээгдэхүүн байгальд ээлтэй технологиор үйлдвэрлэсэн, нэмүү өртөг шингэсэн, генийн өөрчлөлтгүй байх;

5. “Халх гол” чөлөөт бүсэд мал аж ахуйн болон газар тариалангийн үйлдвэрлэл, хөдөө аж ахуйн аялал жуулчлал эрхлэх хуулийн этгээд нь 51-ээс дээш Монголын талын оролцоотой байх;

6. “Халх гол” чөлөөт бүсэд ажиллах гадаадын иргэн, харьяалалгүй хүний тоо “Халх гол” чөлөөт бүсэд ажиллах Монгол Улсын иргэдийн 3 хувиас илүүгүй байхаар тусгажээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *