Categories
мэдээ соёл-урлаг

Х.Уртнасан: Тайзнаасаа би гэнэт яваад өгсөн дөө DNN.mn

ӨДРИЙН СОНИНЫ ЕСӨН ЖИЛИЙН ӨМНӨХ/2013.05.04/ АРДЫН ЖҮЖИГЧИН, ТӨРИЙН ШАГНАЛТ, ЗУУНЫ МАНЛАЙ ДУУРИЙН ДУУЧИН ХОРЛООГИЙН УРТНАСАНТАЙ ХИЙСЭН ЯРИЛЦЛАГЫГ ХҮРГЭЖ БАЙНА.


Ар­дын жүжигчин, төрийн шагналт, Зуу­ны манлай дуурийн дуу­чин Хор­лоо­гийн Урт­насан­гийн ярилцлагыг хүр­гэе. Тэр­бээр уржиг­дар бол­сон ХБКийн тай­лан тог­лолтод зо­риулж Анг­­лийн хөгж­мийн зо­хиолч Г.Пёр­селийнДи­до­на Эней хоёрбэсрэг дуурийг найруулан тавь­сан юм.


Оюутнуудынхаа бүрэлдэхүүнээр эртний сонгодог дуурь тайзнаа тавьж үзэгчдэд хүргэ­сэн танд талархлаа илэр­хийлье. Шинэ бү­тээ­лийнхээ талаар ма­най уншигчидтай бод­лоо хуваалцана уу?

-Энэ жил манай сур­гуулийн тайлан их өвөр­мөц боллоо. Өмнө нь бид янз бүрийн мэргэжлийн чиглэлээрээ түүвэрлээд нэгдсэн тоглолт, сонгодог үндэсний гээд хоёр гур­ван тоглолтоор тайлан­гаа хийж ирсэн. Ер нь манай сургууль нэг талаа­раа боловсролын бай­гуул­лага боловч нөгөө­тэй­гүүр дандаа уран бүтээл­чид байдаг. Тийм учраас бид энэ жил тай­лан­гаа нэг шат ахисан түвшинд хийлээ. Зөвхөн оюутнуудынхаа хүчээр нэг дуурь, нэг балет тави­лаа. Симфони найрал хөгжмийн маань бүрэл­дэхүүнд дунд сургуулийн сурагчид ч байна,
дээд боловсролын бакалав­рын оюутнууд ч байна.
Манайх арван жил, кол­леж, бакалавр гэсэн гур­ван шатлалтай сургууль шүү дээ. Зургаан наснаас хорин таван нас хүртэл урлагийн мэргэжилтнүүд бэлтгэж байна. Сураг­чаа­саа авахуулаад оюутнаа хүртэл ийм хэмжээнд бид дуурь, балетаа хийлээ л дээ.
Симфони оркестр, най­рал дуучид, гол дүрийн дуу­чид яг л театрын жүжигчид шиг тэр л хэмжээнд тоглоно. Сонгодог гэдэг бол ерөөсөө чи бага байна, чи хөгшин байна, энийг хөгшин хүнд зориулсан гэж хуваарил­даг­гүй. Аль л сайн мэргэжлийн уран бүтээлчид л гүйцэтгэх ёстой гэж ойлгодог. Тэр ойл­голтоороо энэ жил манай хүүхдүүдийн сургалтын ча­нар, багш нарын сурган хү­мүүжүүлж байгаа арга бари­лын орчин үетэй холбож өг­сөн сургалтын чанар, сургах арга барил дээшилсэн энэ бүх чанараараа бид сая нэг дор шалгалт өглөө гэж бодож байна. Бидний бэлтгэсэн уран бүтээлчдийг хүлээж ав­даг урлагийн байгуулла­гуу­дын менежэрүүд, удирдла­гууд энэ хоёр жүжгийг үзсэн гэж бодож байна. Зарим уран бүтээлчид нь ч явж байхыг би харсан. Дуурийн, бүжгийн төгсгөлд хүмүүс үнэхээр сэт­гэл ханамжийн баталгаагаа үзүүлж байна лээ. Тийм бо­лохоор манай хүүхдүүд энэ хоёр бүтээлийг амжилттай бүтээсэн юм байна гэж би бодож байгаа юм. Харин энэ жүжгийг яагаад сонгосон гэ­дэг нь энэ ярианаас ойлгомж­той гэж бодож байна. Хүүх­дүүдийнхээ болон багш на­рынхаа чанар чансааг шал­гуулахын тул энийг авсан. Энэ ч утгаараа манай сур­гууль үндэсний хөгжмийн дээд сургууль болох болзлыг хангажээ гэдгээ харьяалсан яам болон хамгийн гол нь мэргэжлийн нөхдөдөө үнэ­лүүллээ гэж бид үзэж байгаа. Энэ бол бидний зорилго бай­лаа. Зорилгоо сайн биелүүл­лээ.

-“Дидона Эней хоёр“-ыг дэлхий даяар голдуу мэр­гэжлийн сургуулиудын оюу­тан залуучууд тоглох юм байна лээ. Хоолойд нь тохирсон байдаг юм уу, өөр учир бий юу?

-Ерөөсөө сонгодог хөг­жимд боловсорч байгаа оюутнууд заавал эртний ч гэж ярьдаг, сонгодгийн өмнөх ч гэж ярьдаг, бароккийн үеийн дуурь ч гэдэг тэр үеийн бүтээ­лүүдээр онолынхоо сургал­тыг суурилж явах ёстой бай­даг. Дэлхийн том том дуу­лаачийн тэмцээнүүдэд сон­год­гийн өмнөх арван зургаа, арван долдугаар зууны бү­тээлүүдийг заавал дуулах ёстой байдаг. Тийм учраас бид анх авч байгаа дууриа сонгодгийн өмнөх бүтээл дээр тулгуурлаж, зохиол нь болохоор арванзургадугаар зууны гэхээр голдуу сүмийн үйл явдал дээр сүмийн дуул­лын хэмжээнд зохиол бичигд­сэн байдаг. Үүгээрээ ч манай хоорыг сонсоход тэр сүмийн найрал дуунд их ойрхон, маш сайхан дуурьсалтай найрал дуу байсан. Сэдэв бол яахав, мөнхийн сэдэв. Хайр сэтгэ­лийн сэдэвтэй дуурь. Болж байгаа үйл явдал нь Англид болж байгаа. Тэр үеийн Кар­фаген гэж улс байсан байна. Түүний хажуугаар Троян гэж улс байсан байна. Тэгээд Карфагений хатан хаан Ди­до­на Троян улсын дайны том баатар Энейтэй хайр сэт­гэлтэй. Ингэж байтал Троян нутгаас бурхны элч ирж энэ хайр дурлалаа орхи, Кахр­фаген хотыг орхи гэсэн бурхны тааллаар баатар эр Эней хайртай хүнээ орхиж байгаа. Үүнээс болоод хоёу­лаа сүйрч байгаа. Баатар нь далайгаар явж байгаад сүйрч байгаа, хатан хаан хайр сэт­гэлдээ үнэнчээр сүйрч байгаа ийм эмгэнэлт бэсрэг дуурь юм л даа. Бэсрэгдээ энэ чинь гурван үзэгдэлтэй, долоон бүлэгтэй юм. Энийг манай оркестр гайхалтай тоглолоо, Чинбат багш ч сайн удирд­лаа. “Шопениана” балет ч их сайхан болсон. Үнэхээр сай­хан байсаан.

Дидонад оролцсон хүүх­дүүд хэдээс хэдэн нас­­ныхан бэ. Их гоё сопра­но хоолой хоёр гурав байх шиг байсан?

-Найрал дуучид ч, гоцлоо­чид ч бүгдээрээ нэгээс дөрөв­дүгээр курсийнхэн. Гол дү­рийн Дидонад Мягмарсү­рэн­гийн Бямба-Эрдэнэ гэж хоёр­дугаар курсийн оюутан дуул­лаа. Миний шавь л даа. Ер нь хүчтэй сопрано болж магад­гүй гэж бодож байгаа юм. Гэхдээ жаахан байна л даа. Дөнгөж хоёрдугаар курс, эх­лэл гэхэд харин би ч өөрөө бас тоогоод байгаа юм. Мэр­гэжлийн бусад улсууд ч гэсэн цаашид аятайхан дуулчи­хаар хүүхэд байна гэж байгаа юм. Түүн дотор бас ордны нэг­дүгээр шадар эмэгтэй гэ­дэг дүрд бас миний мэргэж­лийн шавь дууллаа. Би энд мэргэж­лээрээ багшилдаг бо­ловч саяын дуурийг найруул­лаа. Өмнө нь Дуурийн театрт зарим нэг дуурь найруулж бай­сан. Хообийтой гэх юм уу даа.

Дуурийн театрын урын санд таныШидэт ваар“, “Чио чио санзэрэг дуурь бий шүү дээ. Та найруул­гаас тэгсгээд холдчихсон шиг. Энэ рүү нэг их хүч тавьсангүйн шалтгаан юу байсан бэ?

-Би нэлээн сүүл рүүгээ найруулга руу орсон шүү дээ. “Чио чио сан”-ыг найруулж тавихдаа би өөрийнхөө 50 насны босгон дээр “зодог тайлахдаа” зориулж шинэ­чилж найруулсан юм.

ОдоогийнЧио чио сантаны шинэчилсэн тавил­таар явж байгаа юу?

-Тийм. Дээр нь Лувсан­шарав гуайн “Хар хорум” дуурийг тавьсан. Ардын ху­вьс­галын 84 жилийн ойн бая­рын концертыг найруулж бай­лаа. Ер нь хэд хэдэн хүний концертыг найруулсан. “Ши­дэт ваар” гэж хүүхдийн дуу­рийг би анхлан найруулж тавьсан юм. Тэр их хөөрхөн дуурь.

Тэр дуурийг ойрын үед сэргээнэ гэж театрынхан ярьж байх шиг байсан. Мэдээж та оролцоно биз дээ?

-Театрын дарга дээр би санал хэлж орсон л доо. Яагаад гэвэл хүүхдүүд их дуртай үздэг, их сайхан хөг­жимтэй. Буриадын хөгжмийн зохиолч Ямпиловын зохиол байгаа юм. Тэгээд би ч бас амьд байгаа дээрээ сэргээ­гээд тавих юм сан гэж Тухайн үедээ хот хөдөөгийн бүх хүүх­дүүдийг ер нь хориод жил тэр дууриар хүмүүжүүлсэн дээ. Тэгээд амьд байгаа дээрээ сэргээгээд тавьчих юм сан гэж бодсон. Их сайхан жүжигчид дуулж байсаан, тэгэхэд.

Сэргээхэд та өөрөө хэрхэн оролцох вэ?

-Яахав, эхлээд би тавьсан болохоор зохиогчийн эрхийн дагуу миний жүжиг л гэж би хэлнэ л дээ. Тийм болохоор би найруулагчийн хэмжээнд л дахин шинэчлэн найруулах саналтай. Тайзыг нь Тэнгис­болд гэж зураач хийсэн юм. Одоо бол Ганбаатар зураач­тай би яриад л байгаа. Ган­баатар Хятадад зураачаар төгссөн болохоор үлгэрийн сэдэвт ойрхон, их уран сэт­гэмжтэй хүүхэд байгаа юм. Тэгээд Ганбаатарт санал тавьсан, одоохондоо сана­лын хэмжээнд ярилцаад л байгаа. Ажил хэрэг болгоход эдийн засаг хэрэгтэй л дээ.

Та чухам яагаад тавин настайдаа тайзаа орхисон бэ. Арай эртэдсэн санагдах юм?

-Урлагт нэг бичигдээгүй хууль байдаг юм. Ерөөсөө ид гялалзаж байгаа, сайн бай­гаа, сайхан байгаа бүтээлч­дийг л тайзан дээрээ тогтоож байдаг. За тэгээд жаахан гундаад ирвэл бичигдээгүй хуулиар бага багаар алсар­саар холддог. Тэгвэл миний хувьд тэгж бага багаар алсрах тэвчээр надад хүрээгүй юм. Миний багш ардын жүжигчин, зууны манлай эмэгтэй Цог­зол­маа гуай намайг бүр арван хэдтэй байхад хэлж байсан. “За, жүжигчин байна гэдэг сайхан. Жүжигчин хүн цагаа олж тайзнаас буух явдал бол өөрийнхөө хийсэн бүтээлийг мөнхлөх агуу их ухаан байдаг юм шүү. Тэрэнд сайн суралцдаг юм шүү. Ээ дээ, тайзнаас бууна гэдэг хэцүү шүү” гэж. Тэгж байхад би хүүхэд байсан болохоор юу ч бодохгүй байсан.

Насны эрхээр ин­гээд яваад ирэхэд миний алтан портнёрууд яваад яваад өглөө. Хавлааш маань гэж ардын жүжигчин байлаа, ардчилал эхлээд тэр маань Казахстан явчихлаа. Тэгж байтал Пүрэвдорж гуай маань багш болоод явчихлаа. Хайдав багш маань, Банди маань бас багш болоод яв­чих­лаа. Ингээд ер нь миний портнёрууд цөөрөөд байнаа. Нэг харсан чинь, өө би гэдэг хүн гавьяат жүжигчин Ганхуяг эд нартай дуулж байна аа. Тэгээд бодсон чинь нэг л биш юмаа. Ганхуяг гэдэг чинь на­даас бараг хорь дүү хүн биз дээ. Гэтэл нэг тийм хайр сэтгэлийн сэдэвтэй юманд, охин энэ тэрд дуулаад л. Нэгдүгээрт зүгээр моральный бодоход л тэгж бодогдож байгаа юм. Зүгээр өөрийнхөө дотроос бодоход, за би ч энэ үеийн хүн биш юм. Ер нь ч үе үеэрээ байх хэрэгтэй юм байна шүү. Сайхан удирдаач нар маань бурхан болоод өглөө. Чулуун багш маань бурхан боллоо, Жасранжав маань бурхан боллоо. За за, ер нь биш юм байна. Ер нь л больё гэж бодоод. Яг тавин настай байхдаа тайзаа орхи­сон. Харин би Чулуун багший­гаа амьд сэрүүн дээр багш­тайгаа Чио Чио сан-аа нэг дуулаад л буусан. “…Одоо би арван тавтай..” гэж зохиол дээрээ дуулдаг хэсэг дээр ” ..Одоо би яг тавьтай” гээд дуулсан чинь үзэгчид нир­хийгээд явчихгүй юу. Тэгснээ чимээгүй болцгоочихсон. Тэгсэн дараа нь Чулуун багш “үгүй чи юу гэж хэлээд үзэгчид хөхрөлдөөд унав аа” гэж би­лээ. Түүнээс хойш Чио чио сан-д гараагүй. Тэгэхийгээ ч мэдэж би хоёр гурван сайхан Чио чио сан бэлдсэн.

Ардын жүжигчин Жавзан­дулам бай­на. Гайхалтай сай­хан дуучин. Дараа үеийнхэн дотроосоо мэргэжлийн дуу­лаачийн ху­вьд миний хачин их хүндэтгэж хүлээж авдаг хүн бол Жав­зандулам байгаа юм. Бас Дорноговьд Нарантуяа гэж жүжигчин бий. Ёстой л нутаг­таа үнэнч нэг тийм сай­хан сэтгэлтэй дуучин байдаг юм. Дуучны хувьд бол мундаг. Жавзандуламын л хавьд очиж тусах дуучин. Ингээд Нарантуяаг урьж авчраад Чио чио сан-д гаргалаа. Ин­гээд нэг шинэ үеийг гаргасан. Тэр үед Билигжаргал надад хэлж байсан юм, “Та ер нь тэнэг хүн үү, цэцэн хүн үү? Өөрийнхөө коронный дүрийг хүнд даатгаад, заагаад өг­чихдөг” гээд их инээж билээ. Тийм үед би хүлээлгэж өгч байсан юм даа. Тэр маань зөв болж гэж боддог юм. Жав­зандулам маань олон жил авч явсан, араас нь Мөнгөн­цэцэг гэхчилэн олон залуу хүүхдүүд гарлаа даа. Тэд ч сайхан дуулж байна.

Сэтгэл дотроо байсан байж болох чамгүй зөрч­лөөс үүдэж гаргасан ший­дэл байж уу дээ?

-Хувьсгалыг хийхэд тохи­роо бүрдсэн байх ёстой гэдэг шүү дээ. Түүнтэй адил миний тэр үе бол тохироо бүрдсэн л үе байхгүй юу. Хамт ажиллаж байсан сайхан сайхан улсууд өөр ажилд, өөр улс руу шил­жээд явчихсан, зарим нь бурх­ны оронд явчихсан. Тэ­гээд л харсан чинь яг нэг үеийнхэн дотроос би үлдчих­сэн байсан. Тиймээс дотоод шийдэл юм даа.

Театраасаа явсны да­раахан байх аа, Жавзан­дулам гуайг дуулж байхад нэг удаа таныг нүдэндээ нулимстай сонсч, дуу ал­даж байсан гэдэг. Тэр сэт­гэгдлээ хуваалцахгүй юу?

-Тийм тийм. Тэр үед чинь би ерөөсөө юм сонсч чаддаг­гүй байлаа.

Сэтгэл зүйн хувьд хэ­цүү л байсан байх?

-Сэтгэл зүйн их бэлтгэлтэй байх ёстой л доо. Би аминдаа их бэлдсэн юм, уг нь. Яг тэр үедээ “Тру­бадур” дуурьт бэл­дэж байсан үе. Ерөөсөө хүнд хэлэлгүй дуурьтаа бэлдээд яваад байсан. Гэхдээ би явна гэдгээ мэдэж л байсан. Хув­цасны­хаа хэмжээг өмсөж үзчихээд, тэр өдрийн сургуу­лилтдаа орчихоод, өдөр нэг цагт зав­сарладгаараа зав­сарлалаа. Нэг цагт би гэр рүүгээ утас­даад өвгөнийгөө юмаа аваад вокзал дээр хүрээд ир гэж хэлсэн. Гэртээ ч оролгүй тэндээсээ шууд Герман руу яваад өгсөн дөө. Тэгж би театраасаа явсан юм.

Германд очоод ямар­хуу байв?

-Эмэгтэй хүнийхээ хувь заяагаар үр ачаа харсан. Тийм газар очсон юм чинь нэг хэсэг сатаараад. Би чинь гурван жил шахуу Германд байж байгаад ирсэн шүү дээ. Зээгээ өсгөлөө. Уран бүтээл гэдэг их сонин шүү. Тэнд байхдаа нэг хүнтэй таардаг юм. Сүмд нь нэг их гоё най­рал дуу дуулна. Тэрийг нь сонсох гэж очлоо. Хэдийгээр би шашин шүтлэгтэй биш ч гэсэн найрал дуу нь гоё са­наг­даад очдог байлаа. Тэгсэн сүмийн органист эмэгтэй над­тай танилцаад урьдаг юм байна. Нэг флейт, виолен­чель, надтай нийлээд гурвуул ойр хавийн хотуу­даар явж сүмд сонгодог юм тоглодог баг байдаг юм. Та бидэнтэй нэгдээч. Монгол хөгжим сонс­моор байна гэ­лээ. Миний үеийн эмэгтэй юм аа, филар­монийн концерт­мейстр бай­сан гэнэ. Гурван жилийнхээ сүүлийн хоёр жилд нь тэ­дэн­тэй хамт шен­гений орнуу­даар явж сүмүү­дэд нь дуул­лаа. Жанцанно­ровын хэдэн дуу, сонгодог хэдэн дуунууд дууллаа. Сү­мийн заал дотор нь дуулахад их сайхан шүү дээ. Цуурай­таад л. Гадаа­дын­хан ч янзын сайхан хүлээж авна. Тэгж хоёр жил тэнд өөрийгөө саатуулж явсан шүү. Нөгөө л хийж байсан ажлаа санаад яваад байсных шүү дээ.

Ирээд яав?

-Тэндээс эд нарыгаа их саначихсан ирсээн. Ирээд Жавзаагаа сонсоод л уйлаад л байв шүү дээ.

Та хэдүүлээ вэ?

-Бид нар эхээсээ олуулаа шүү дээ. Наймуулаа байхаас долуулаа үлдсэн. Ээж аав маань намайг ийм олон тү­шиж тулах сайхан дүү нартай үлдээгээд явсан даа.

Хүүхдүүд тань хэр олуул болоод байгаа вэ?

-Манайх хоёр хүү нэг охинтой. Түрүүч нь тавь хүрч байна шүү дээ. Ач зээ олоон олон.

Хүүхдүүдээс тань хүч­тэй хоолойг тань өвлөсөн хүн алга уу?

-Байхгүй шүү. Их сонин.

Нэг хувь зүйл давтаг­дахгүй байх л даа?

-Миний ижий бол сааль­чин хүн чинь мэргэжлийн дуу­чин энэ тэр гэх биш. Зүгээр хөөрхөн дуулчихдаг хүн байсан шүү. За, аав маань бол дуулахгүй ээ.

Одоо таны залуу шавь нар дотор Жавзандулам шиг ч юм уу хүчтэй хүн хэр олон байна?

-Ер нь тийм хүн олон төрдөггүй шүү дээ. Ганцхан миний шавь байтугай улсад цөөхөн төрдөг юм шүү дээ. Би дуулж байх үеэсээ далан долоон оноос багшилж эхэл­сэн. Тиймээс сайхан шавь нар бий. Одоогийн шавь нараас яах вэ, ирээдүй харагдаж байгаа хүүхдүүд бий. Гэхдэ дуурийн дууччин гэдэг бол сургууль төгсөөд л мундаг дуучин гардаггүй болчихдог­гүй юм. Наад зах нь театр таван жил ажиллана, тэгж байж танигдана. Багш хүн их голомтгой байдаг юм байна шүү дээ. Тэр дундаа би их голомтой хүн. Заримдаа ч хүүхдүүдийнхээ урмыг хуга­лаад ч байх шиг байдаг юм. Гэхдээ зүгээр.

Хатуугийн цаа­на сайн юм үлддэг. Тийм болохоор би шаардлага өн­дөр тавьдаг. Барагтай бол болж байна гэдэггүй, болох гэж байна л гэдэг. Болох гэж байна гэсэн үнэлгээтэй л миний гар дээр төгсдөг юм.

Та сонсогчдоо хэрхэн мэдэрдэг вэ?

-Би бол сонсогчдод асар хүндэтгэлтэй байдаг. Чио чио сан дээр гэхэд уйлна дуулна, уулга алдаж ингэж сонсдог юм. Ер нь сонгодог урлагийг сонсоно гэдэг чинь тэр ур­лагаасаа толгой өндөр хүн байж байж тэрийг мэдрээд сонсоод ойлгоод мэдрээд суудаг юм байна лээ. Толгой өндөр гэдэг маань бо­ловс­ролтой гэсэн үг шүү дээ.

Н.ПАГМА

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *