Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжинтэй ярилцлаа.
-Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хэлэлцүүлгээр ард нийтийн санал асуулга явуулахаар тогтсон. Үүнтэй зэрэгцэн ээлжит бус сонгууль явагдах тухай ч дуулдаад эхэлсэн. Таны хувьд энэ бүхнийг хэрхэн дүгнэж байна вэ?
-Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг ард нийтээс асууж болно. Засгийн бүх эрх ард түмний мэдэлд гэдэг чинь маргаантай, ердийн арга хэрэгслээр шийдвэрлэх боломжгүй асуудлыг ард түмэн эцэслэн шийдвэрлэх эрхтэй гэх санаа. УИХ-д 64 суудалтай Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг бүрэн хийх чадвартай олонхыг бүрдүүлсэн атлаа өөрсдөө хариуцлагаас зугтаагаад ард нийтийн санал асуулга явуулахын нэрийн дор эцэст нь ард түмэн л ингэж шийдсэн гэж хэлэх гэж байгаа, санаачилсан асуудлынхаа хариуцлагаас зугтаж байгаа нь зохимжгүй, хуурмаг л юм. Эрх баригчдын санаархлуудын хамгийн аюултай нь Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт нэрийн дор ард нийтийн санал асуулга зохион байгуулах гэдэг халхавчаар УИХ-ыг тарааж ээлжит бус сонгууль явуулах гэж оролдсон нь. Энэ бол маш увайгүй, ямар ч аргаар хамаагүй эрх мэдэлтэйгээ үлдэх шунал тачаал байгаагийн шинж. МАН 2016 оны сонгуулиар УИХ-д хэт олонх болсон. Яагаад хэт олонх болчихсон тухайгаа МАН-ын дарга, Ерөнхий сайд, Хууль зүйн сайд нар нь маш тодорхой баримтууд дурдаад, амьд гэрч гэж байгаад ил цагаан ярьж хэлж байсан. УИХ, Засгийн газрын гишүүнээс авахуулаад Монгол Улсын төрийн өндөр алба хашиж байгаа 300 орчим хүн ардын намын бага хурал гэх нэрэн дор хуралдаад нэг шийдвэр гаргачихсан. Тэр нь 2016 оны сонгуулийг 60 тэрбумын схем буюу төрийн тодорхой албан тушаалуудыг их хэмжээний мөнгөөр арилжиж, тэр мөнгөөрөө сонгууль хийж, 65 суудал авч, хүмүүсээ төрд байршуулсан тухай. Өөрөөр хэлбэл, төрийн эрхийг хууль бусаар авсан тухайгаа, өөрсдөө хуралдаад, шийдвэр гаргаад хүлээн зөвшөөрчихсөн. Тэгээд болоогүй 60 тэрбумын Засгийн газраа унагаж дараагийн Засгийн газар байгуулахдаа ЖДҮ-ийг дэмжих сангийн мөнгийг авлига байдлаар тарааж УИХ-ын гишүүдийн тэн хагасыг хахуульдаад тэднийгээ авлига албан тушаалын хэрэгт бөөнөөр нь холбогдуулчихсан. Хэрэгт холбогдоод төмсөгдүүлчихсэн гишүүдээ дарамталж, барьцаалаад улс орныг самрах, Монгол Улсын төрийн байгуулалтыг нураах бүх шийдвэрээ гаргуулаад сууж байна.
УИХ-ын дарга нь “парламентын засаглалыг бэхжүүлэх” юм гээд УИХ-аа тараах гээд санаачилга гаргаад, гэмт хэрэгтэн гишүүдээрээ гарын үсэг зуруулаад сууж байгааг эрүүл ухаанаар ойлгох арга үгүй. Парламентыг тарааж, төр эзгүйчлүүлж парламентат ёсыг хамгаалдаггүй юм л даа. Хоёр үзүүртэй зүү шиг хорлонтой. Тэр дундаа УИХ-ын дарга нь өөрөө ийм санаачилга гаргаад явж байгаа бол тэр нөхөр шууд зайлах ёстой. Занданшатар гэдэг хүн үндсэндээ Монгол Улсыг хоёр дахь удаагаа хорлож байна.
Өмнө нь 2012 онд гадаад хэргийн сайд байхдаа, олон улсын түвшинд Монгол Улсын гуравдагч цонх гэдэг эдийн засаг болон улс төрийн бодлогыг барьж байх ёстой албан тушаалыг хашиж байхдаа стратегийн салбарт хөрөнгө оруулалт хийх тухай хууль өргөн бариад Монгол Улсаас маш олон хөрөнгө оруулагчдыг хөөн гаргаж байсан. Монгол Улс руу орж ирэх үнэ багатай, урт хугацаатай мөнгөний урсгалыг боомилон хааж эдийн засгийнх нь хувьд хоёр хөршийн дунд хоосон хувхай яс шиг Монгол Улсыг хаяж байсан. Гэтэл одоо парламентын засаглалыг дэмжих нэрийдлээр парламент тараах санал гаргаад гүйж байдаг. Магтаад байгаа Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт дотор нь яг өмнөх 2012 онд бий болгосон шиг нь үр дагаврыг хэдэн арав дахин томоор 20-30 жил үргэлжлүүлэх өгүүлбэр орчихсон л явна. Хүмүүсийн халаасанд байгаа мөнгийг хоослоод, улстөрчдийн тэнэглэлийг дэврээгээд Венесуэлийн араас явуулах поп үг үсэг Үндсэн хуулийн хүч чадалтай болох гэж байна шүү дээ. АНСА, Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт гэдэг нь хуурмаг гоёчилсон үг, дэврүүн сэтгэлтэй хүлээлт байгаа болохоос бодит байдал дээр ухралт, том сэдвээр халхавчилсан, буцаад яаж УИХ-д орж ирэх вэ гэдэг улс төрийн жижигхэн амбицууд л байна.
-Ерөнхийлөгчийн зүгээс засаглалын хэлбэр асуух санал ч гарч ирсэн.
-Бид Үндсэн хуулийнхаа дархлааг сайжруулж чадаагүйгээс, нөгөө талаас УИХ-д байгаа 64 нөхөр өөр хоорондоо учир шалтгаанаа олохгүй байгаагаас шалтгаалаад нэг хүний хүч нөлөө хэтэрхий өндөр авчихлаа. Ерөнхийлөгчийг ийм их эрх мэдэлтэй болгосон гол буруутнууд нь энэ 64 гишүүн л дээ. ҮАБЗ дээр шүүгчдийг, хуулийн байгууллагуудын удирдлага, албан тушаалтнуудыг дур зоргоороо өөрчлөх эрх мэдлийг энэ хэдэн гишүүн л өгчихсөн. Тэгээд буцаад хэрэгт холбогдоод хууль шүүхийн байгууллагын дуудлагатай болоод, амиа хоохиолж, хэргээ цайруулахын тулд тал засаж гүйх шалтгаантай болсноос бүгд тэр хүний гарт орчихсон. Нөгөө хүн нь ч хангалттай сайн тоглож байна. Үүний горыг улс орноороо амсах гээд сууж байна.
Үндсэн хууль болон өнөөдөр хүчин төгөлдөр үйлчилж байгаа Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, бусад хууль тогтоомжоор Ерөнхийлөгч өөрийнхөө бүрэн эрхийг нэмэгдүүлэх зорилготойгоор, мөн Үндсэн хуулийн суурь үндсийг үгүйсгэх, өөрчлөх санаачилга гаргах нь хязгаартай. Ийм санаачилга гаргаж байгаа тохиолдолд Цэцэд асуудал нь хөндөгдөж байх учиртай. Өнөөдөр манайд хууль хүчтэй ажиллахаас илүү улс төрийн хор, авлигын хамжигч бүтэц нь хуулиасаа илүү ажилладаг болчихоод байна. УИХ парламентын институциуд хэвийн үйл ажиллагаа явуулаад Үндсэн хууль, Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалдаа үнэнч зогсож байгаа нөхцөлд Монгол Улсад хэзээ ч Ерөнхийлөгчийн засаглал, нэг хүний дарангуйллын хэв маяг тогтохгүй, энэ санаачилга ч гарах учиргүй. Засаглал солих гэж зүтгэсэн хэн ч байсан Үндсэн хууль зөрчсөн асуудлаар хариуцлага нь тооцогдон төрөөс зайлуулагдаж байх ёстой. Шударга ёс хүчгүй байх, шударга бус зүйл хүчтэй байх хоёулаа аюултай гэдэг шиг Үндсэн хуулийн үзэл санаанд хүч өгөх ёстой тэр механизмууд ажиллахгүй байх үнэхээр аюултай. Нөгөө талдаа Үндсэн хуулийг нулимж Үндсэн хуулиас давж тонгочиж байгаа улстөрчид хүчтэй байх бүр аюултай. Энэ хоёр аюул давхцаад Монгол Улсын тусгаар бүрэн эрхт байдал, ардчилал, хууль ёсонд нь эрсдэл үүсгээд байна л даа.
-Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөд “Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар, газрын хэвлий дэх баялаг, ой усны сан, ан амьтан төрийн нийтийн өмч мөн” гэж заасан. Энэ хэр оновчтой заалт вэ?
-Уг нь баялаг гэж хэлэх ёсгүй. Баялаг гэдэг чинь хүний хөдөлмөр шингэж байж тэнд ямар нэгэн байдлаар эдийн засгийн үр ашиг бий болж байж баялаг гэдэг ойлголт үүсдэг. Байгалийн нөөц гэдэг юм уу арай өөр үгээр илэрхийлэгдэнэ л дээ. Бүгдээрээ нийтийн өмч гэх тодорхойлолтод орж явдаг. Манайх “төрийн нийтийн өмч” гэх ойлголт шинээр гаргаад ирчихлээ. Хууль зүйн хувьд маш маргаантай ойлголт. Төрийн нийтийн өмч гэхээр нөгөө талд төрийн хувийн өмч гэх ойлголт гарч ирэх л байх. Хууль асуудлаа шийдэх ёстой болохоос өөрөө бүрхэг ойлгомжгүй ойлголтоосоо болж нэмэлт асуудал үүсгэж болохгүй.
-Түүнчлэн стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орлогыг ашиглахдаа байгалийн баялгийг ард түмний мэдэлд байх зарчимд нийцүүлэн, түүний үр өгөөжийн дийлэнх нь ард түмэнд ногдож байх эрх зүйн үндсийг хуулиар тогтооно гэх ч заалт орж байгаа. Энэ тухайд?
-Дийлэнх гэдэг 66 хувь гэсэн үг. Энэ чинь өөрөө Оюу толгойн 66 хувийг авна гэсэн үг юм уу. Хөрөнгө оруулалтын 66 хувь нь дандаа манайх байна гэсэн үг юм уу. Эдийн засгийн үр дагавар юу вэ гэдэг дээр маш бүрхэг маргаантай. Энэ агуулгуудыг нь харахаар Монгол Улс сүүлийн жилүүдэд гаараад байгаа, ихэнхдээ шантааж, сүйтгэл дагуулаад, зарим талаар гадны гар хөл болж, Монголын дотоод шийдлийг үгүй хийхэд хүргээд байгаа уул уурхайд түшиглэсэн популизмыг Үндсэн хуулийн болгоод биччих шиг боллоо. Үүний үр дагавар ирээдүйн 20,30 жилдээ Монголд гадны хөрөнгө оруулалт орж ирэх боломжгүй болгоно. Яагаад гэхээр хэн ч үйл ажиллагааныхаа дийлэнх буюу 66 хувийг дээрэмдүүлээд сууна гэж байхгүй шүү дээ. Хоёрдугаарт, манай эдийн засаг царцах юм байна. Хүмүүсийн амьдралд нөлөөлж, иргэдийн халаас хоосорч, улстөрчдийн чихэр, боов тараалт нэмэгдэх юм байна.
Монгол Улс Венесуэлийн араас маш хурдацтайгаар явах нөхцлөө бүрдүүлж байгаа юм байна гэж харж байна. Яг энэ заалтын цаана Монголын эдийн засаг ирэх жилүүдэд ямар байдалтай болох, улстөржилт хэрхэн өрнөх, засаглалын хэлбэр яаж өөрчлөгдөх, гадаад бодлого хаашаа эргэх, гуравдагч хөрштэй үлдэх эсэх гээд олон асуудал таг харанхуй байна даа. Мэргэжилтнүүдээс асуух хэрэгтэй. Анх өргөн барьсан төсөл дээр ийм гажууд, хорлонтой заалтууд байгаагүй.Зөвшилцөл нэртэй хуйвалдаан, явцуу жижиг амбицуудыг кнопын тоонд амилуулаад эхэлхээр Үндсэн хуулийн үзэл санаа наймааны хэрэгсэлд өртөж хулгайлагдаж байгаа нь энэ. Үндсэндээ эдийн засгийн алуурчид, чөлөөт нийгмийн дайснууд гэдэг чинь энэ л дээ. Эдийн засгаа тэлж, хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлж, ажлын байр үүсгэн, иргэдээ баялаг бүтээх үйл ажиллагаанд оролцуулах, тэдэнд эдийн засгийн өсөлтийн үр шимийг шударгаар хүртээж, татварын боломжоо нэмэгдүүлэх гээд үнэнд ойр, үр ашигтай ажилаж болох механизмыг хажуунаас нь хий хоосон попорч орж ирээд лоомдоод эвдчих нүх Үндсэн хуулиар үүсгэх гэж байна. Эрүүгийн хуулиар хөөн хэлэлцэх хугацаа гэж нүх үүсгээд гэмт хэргийн хамсаатнуудаа гоожуулдаг шиг.
-Монгол Улсын сонгуулийн эрх бүхий иргэний нэг хувиас доошгүй иргэн эвлэлдэн нэгдэж нам байгуулна гэсэн заалт орсон. Намуудын зүгээс улс төрд орох эрхийг хасч байна, хоёр нам улс төрд үлдэх нь зэргээр шүүмжлэлтэй хандаж байна?
-1992 оны Үндсэн хуульд иргэд эвлэлдэн нэгдэх эрхтэй гэж заасан. Нөгөө талдаа Засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна. Тэд шууд болон сонгож байгуулсан төлөөллийн байгууллагаараа уламжлан энэхүү эрхээ эдэлнэ гэж заасан. Монгол Улсад төр ямар байх, ямар бодлого хэрэгжүүлэх, эс хэрэгжүүлэхийг иргэд мэдэж шийднэ гэх утгатай. Энэ эдлэх боломж нь эвлэлдэн нэгдэх эрх. Эвлэлдэн нэгдэх эрх болон төрийн шийдвэр, үйл ажиллагаанд оролцох эрх нь хоёулаа нэгдсэн үү, 20 мянгуулаа нэгдсэн үү гэдгээр ялгаварлагдаж болохгүй гэдэг санаа. Тэр дундаа иргэндээ хянагдах учиртай төр засаг иргэддээ “тэд хүрч байж та нар эрхээ эдэлнэ” гээд босго тавиад, заагаад сууж байх, ийм гажуудсан утгаа тэдний нэрээр нийгмийн гэрээнд нь оруулах гээд давшилж байх ёс зүйгүй үйлдэл. 2000 оны Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг дордуулсан долоо гэж яриад байдаг. Гэхдээ тэр өөрчлөлт энэ удаагийнх шиг иргэнийхээ үндсэн эрхийг хулгайлаагүй.Энэ бол иргэнийхээ үндсэн эрхээс хулгайлж байгаа хулгай. Хууль хулгайлаад дөжирчихсөн, цайчихсан хүмүүст энэ бас хамаагүй байх л даа…
Ер нь бол нэгдүгээрт, иргэдийнхээ улс төрийн эрх чөлөөг хумих чиглэл рүү алхаж ардчиллаас ухралт хийж байна. Хоёрдугаарт, энэ зүйл заалтын хор хөнөөл юун дээр гарч ирэх вэ гэхээр Монгол Улс социализмын үеийн үлэг гүрвэл шиг нүсэр бүтэцтэй, хатуу гишүүнчлэлтэй тэр гишүүдээ нэг бол айдсаар, нөгөө бол халамжаар тэжээдэг байдлыг Үндсэн хуульжуулна гэсэн үг. Өөрөөр хэлбэл энэ нь албан тушаалын сүрдүүлэг, бүхий хагас цэргийн тогтолцоо, эсвэл бохирч хамаагүй их мөнгөөр оршин тогтнох клиентелист түншлэл дээр суурилсан олигархын халаасанд багтсан нам гэсэн үг. Үр дагавар нь нөгөө талдаа төсвөөс их хэмжээний мөнгө хулгайлдаг хулгайч түшмэлүүдийн сүлжээ үүсгэнэ. Өөрөөр хэлбэл 60 тэрбумын схемийг албан ёсоор Үндсэн хууль руу бичиж байна даа. Ийм нүсэр бүтэцтэй тэдэндээ халамж тараадаг худалдан авалт хийж Клиентелист буюу харилцан тохиролцож байвал юуг ч зарж үрж наймаалцаж болдог гэдэг системээ албан ёсоор Үндсэн хууль руугаа бичиж байна гэж харагдаж байна. Улс төрийн намаас болж төрд авлига гаарч байгаа. Оймс, малгайндаа нуугаад тэр мөнгө нь хэн нэгэн улстөрчийн дараагийн сонгуулийнх нь бэлтгэлийг хангах гээд зүтгэж байгаа. Улстөрчдийн, намуудын тавиулууд мөнгөтэй гэж бодсон төрийн бүх байгууллага, албан тушаалууд дээр очоод сүлжээгээрээ мөнгө хулгайлцгааж байгаа. Энэ гажиг авлигажсан улс төрийн тогтолцоог албажуулж Үндсэн хуульдаа бичиж байгаа нэг хэлбэр нь энэ. Нэг талаас иргэний үндсэн эрхийг хулгайлж байна. Нөгөө талаас авлигажсан улс төрийн намыг Үндсэн хуульдаа бичих гэж оролдож байна.
-Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтүүд ерөнхийдөө шувтарч байна. Анх зорьсон зорилгодоо хүрч чадах болов уу?
-Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг улс орныг урагшаа алхсан өөрчлөлт байх ёстой гэж үзээд дэвшүүлсэн зөв зүйтэй санал олон байсан. Хамгийн гол нь Үндсэн хуулийн өөрчлөлтийг хийх ёстой гэж үзэхийн нэг шалтгаан нь Засгийн газрыг тогтвортой байлгах, гүйцэтгэх эрх мэдлийг эзэнжүүлж Ерөнхий сайдад хариуцлага, эрх мэдэл хоёрыг нэг мөр өгөх зорилготой байсан. Бас гүйцэтгэх эрх мэдлийг гурав дөрвөн төрийн институци хоорондоо булаацалдсан байдалтай, нэг нэгнийхээ өмнүүр орж эрх мэдэл олж авахыг оролдсон мөртлөө хариуцлага үүрэх болохоор нэг нэгнийхээ араар ороод нуугдчихдаг явдлыг зогсоох. Тэгэхийн тулд Ерөнхий сайд Засгийн газрынхаа кабенитыг өөрөө бүрдүүлдэг. Ерөнхий сайд Их хурлын өмнө хуулийн биелэлтийг хариуцна гэсэн бол тэр үүргээ бүрэн дүүрэн хэрэгжүүлэх хэмжээний эрх мэдэлтэй байх гэдэг нь гол зарчим байсан. Энэ үзэл санаагаар Их Хурал гүйцэтгэх эрх мэдэлтэй хутгалдаж санхүүгийн сахилга батыг доголдуулдаг, дураараа төсөв мөнгө зарах гэж оролддог явдлыг зогсоох, Үндсэн хуулиар олгогдоогүй боловч хэт тэлсэн Ерөнхийлөгчийн эрх мэдлийг танах, УИХ-аас гадна УИХ-ын дарга гэж УИХ-аасаа том эрх мэдэлтэй болчихсон, орохгүй зүйлгүй, мэдэхгүй асуудалгүй болчихсон нөхрийг цэгцлэхийг оролдсон. Харамсалтай нь оролдсон л гэж хэлэхээр болж байх шив дээ.
Ерөнхий сайд Засгийн газрын кабенитаа өөрөө бүрдүүлдэг заалт нь уначихлаа. Гол зарчим нь унаад техникийн туслах шинжтэй заалтууд нь дэмжигдээд тодорхойгүй үр дүнтэй л байх шив. Хоёрдугаарт, Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр хөндөхийг хүссэн чухал асуудал нь Шүүхийн хараат бус, бие даасан байдлыг сайжруулах нөгөө талаас хариуцлагыг нэмэгдүүлэх байсан. Мордохын хазгай гэгчээр анх өргөн баригдахдаа зүйл заалтаа онож өргөн барьж чадаагүй, ихэнхдээ Үндсэн хуулийн бус асуудлыг хамаад явчихсан. Ядахад яр гэгчээр зөвшилцөл нэрийн дор Ерөнхийлөгч орж ирж самраад чухал заалтуудыг нь хасчихсан. Дээр нь УИХ-аар хэлэлцэх явцад анх өргөн барьсан үзэл баримтлалыг 180 градус эргүүлчихсэн. Үндсэн хуулийн энэ нэмэлт, өөрчлөлтөөс Шүүхтэй холбоотой шинэчлэлийн үйл явц тод харагдахгүй. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт техникийн шинжтэй дэвшил байгаа болохоос зарчмын болон тулгуур үнэт зүйлийн шинжтэй асуудлууд дээрээ ухралт хийчихэв үү л гэж харж байна.
-Ардчилал гарч ирээд 30 жил болж байна. зарим хүмүүс аливаа зүйлийн бүх бурууг ардчилал руу нялзаадаг. өнгөрсөн хугацааг эргээд харахад ардчилал бидэнд юу өгсөн гэж та дүгнэх вэ?
-30 жилийн өмнөх хүмүүсийн амьдрах хэв маяг, амьдралын чанар,өөрөө өөртөө итгэх итгэл, хүсэл мөрөөдлүүдийг нь 30 жилийн дараахьтай харьцуулаад үзэхэд харагдах байх аа. 30 жилийн өмнө ах дүүгээрээ гутал, өмдөө дамжуулаад өмсдөг, нийгмээрээ нэг мөрөөдөлтэй, өөртөө итгэхээсээ илүү нам засагтаа итгэсэн, ах дүүг нь авч яваад буудчихад би буудуулаагүй үлдсэн нь их юм гэсэн айдас хүйдэстэй л байсан даа. Энэ цаг үе зарим талаараа шүүмжлэлтэй, хүлээлтэд хүрэхгүй байгааг үгүйсгэхгүй. Хоёрдугаарт, ардчилал бол ид шид биш. Иргэд өөрөө өөрсдийнхөө амьдралыг дээшлүүлж болох боломжийг бүрдүүлж өгдөг л зам. Үр дүн бол иргэдийн өөрсдийнх нь идэвх санаачилга хариуцлагаас дийлэнхдээ шалтгаална.
1990 оноос төөрөгдсөн нэг зүйл бий. Бидний амьдарч байгаа нийгэм ардчилсан гэхээсээ илүү чөлөөт нийгэм. Энэ чөлөөт нийгэмд зэрэгцэн оршин байдаг хэд хэдэн суурь инститиуци, зарчмууд байдаг. Тэрний зөвхөн нэг нь ардчилал. Бид бүх нийгмээ ардчилал гэдэг ойлголтоор төлөөлж илэрхийлэх гэж оролдож байгаа нь алдаа. Ардчилал иргэдэд эд хөрөнгө, баялгийг авчирч өгдөггүй. Баялгийг хувь хүмүүст хуваарилж, авчирч өгдөг тогтолцоо чинь зах зээлийн тогтолцоо. Чөлөөт зах зээлийн зарчмуудаа хэрэгжүүлээгүй мөртлөө зах зээлийн бий болгох ёстой зүйлсийг ардчиллаас нэхэж болохгүй. Ардчилал нийтийн шийдвэрийг гаргадаг, тэгэхдээ цөөнхөө сонсож, олонх нь шийдвэр гаргадаг харилцан ярилцдаг, ойлголцлын тогтолцоо. Ардчилал, зах зээлээс гадна чөлөөт нийгэмд хуулийн засаглал нэг зарчим бий. Хууль шүүхийн өмнө эрх тэгш байх, байгаа байдлаараа ялгаварлагдахгүй байх, хууль хоёр өөрөөр үйлчлэхгүй байх чинь ардчиллын тухай ойлголт ердөө биш. Зах зээлийн тухай ойлголт ч биш. Хуулийн засаглалын тухай ойлголт. Хоорондоо уялдсан зарчмуудыг зэрэг хэрэгжүүлэх ёстой.
Ардчилал монголчууд бидэнд асуудлаа дотроо өөр хоорондоо ярилцаж өөрсдийнхөө хувь заяаг өөрсдөө шийдвэрлэх бүрэн эрхийг өгсөн. Гарсан шийдвэрээ амьдралд бүрэн дүүрэн хэрэгжүүлэх гэдэг чинь хуулийн засаглалын тухай яриа. Ардчилал маань гажигтай байгаа. Учир нь авлигажсан улс төрийн намууд,байнга иргэдээ хуурдаг лидерүүд, ярьсан болон хийж байгаа үйлдэл нь зөрдөг шийдвэр гаргагч нартай холбоотой итгэл алдарч байгаа.
Нөгөө талдаа яагаад хууль ялгаатай, алагчилж үйлчлээд байгаа юм бэ, хуулиас давсан эрх мэдэлтэн, хуулийг өөрийнхөөрөө өөрчилж үйлчлүүлээд байгаа мөнгөтөй хүмүүс, хамгийн гол нь худалдагдаж, айн бэргэж хуулиа завхруулаад байгаа хуулийн байгууллага, албан тушаалтнуудын бурууг Ардчилал үүрч болохгүй. Эдийн засгийн зөв тогтолцоо бүрдээгүй учраас хэт ялгаатай байдал үүсчихээд байгаад ардчилал буруутай юу. Асуулт зөв тавигдахгүйгээр шийдэл зөв олдохгүй л дээ.