Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Хошууч генерал Б.Эрдэнэбат: “НҮБ-ын хүчний командлагчид монгол генерал тэнцэх үү” гэж Аюулгүйн зөвлөлийн таван гишүүн орноос эхлээд бүх алба, газруудаас санал авч зөвшөөрүүлдэг юм билээ DNN.mn

Зэвсэгт хүчний Агаарын цэргийн штабын дарга, хошууч генерал Б.Эрдэнэбаттай ярилцлаа. Генерал Б.Эрдэнэбат НҮБ-ын энхийг сахиулах хүчний командлагчаар томилогдсон анхны монгол генерал болоод буй. Тэрбээр Бүгд найрамдах Кипр улс дахь НҮБ-ын энхийг сахиулах хүчний командлагчаар томилогдон, багийнхаа хамт маргааш эх орноосоо мордож байгаа билээ.


-НҮБ-ын энхийг сахиулах хүчний командлагчаар томилогдсон анхны монгол генерал болсон танд баяр хүргэе?

-Баярлалаа. Монголын өдөр тутмын, хамгийн олон уншигчтай Өдрийн сонины хамт олон та бүхэн намайг урьж ярилцлага хийж байгаад баярлалаа.

-Монгол цэргүүд энхийг сахиулах ажиллагаанд нэр төртэй оролцож ирсэн түүх үргэлжилсээр хүчний командлагч болтлоо өсч дэвжинэ гэдэг Монгол Улсын хувьд нэр төрийн хэрэг юм?

-Генерал Б.Эрдэнэбат ажиллагаанд оролцсон өөрийнхөө туршлагаар явж байна гэхээс илүү Монгол Улсын төр засгийн оролцоо үүнд маш өндөр байсан. Та мэдэж байгаа байх, 2022 онд Монгол Улс НҮБ-ын зэвсэгт хүчний энхийг сахиулах ажиллагаанд оролцож эхэлсний 20 жилийн ой болсон. Энэ хүрээнд Монгол Улсын ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагч У.Хүрэлсүх энхийг сахиулагч эмэгтэйчүүдийн чуулга уулзалтыг Монгол Улсад зохион байгуулсан. Энэ үеэр НҮБ-ын Энхийг дэмжих ажиллагааны газрын дарга айлчилж байлаа. Дараа нь НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Антониу Гутерреш Ерөнхийлөгчийн урилгаар манай улсад айлчилсан. Энэ нь Монгол Улс энхийг эрхэмлэсэн, олон улсын энхийг сахиулах ажиллагаанд идэвхтэй оролцдог үндэстэн гэдгийг хангалттай илэрхийлж чадсан хүчин чармайлт. Түүнээс гадна өнгөрсөн 20 жил 20 мянга гаруй цэргийн албан хаагч энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэсэн. Энэ олон хүчин зүйлийн үр дүнд анх удаа хүчний командлагчаар монгол генерал сонгогдсонд баяртай байна.

-Хүчний командлагчаар сонгогдох зам ямар байв. Ямар шалгуур шаардлага тавьдаг юм бэ?

-Урт удаан хугацаанд үргэлжилдэг, нарийн шалгуур шаардлагатай шалгаруулалт юм билээ. Эхлээд НҮБ цэрэг илгээгч орнууд руу урилга явуулдаг.

“Энэ ажиллагаанд танайх хүчний командлагч явуулах уу” гэнэ. Урилга хүлээж авсан улс орон тухайн шаардлагад нийцсэн хүнээ санал болгож материалыг нь илгээдэг. Миний материал өнгөрсөн оны есдүгээр сард НҮБ руу илгээгдсэн. Надтай хамт 12 орны генералын нэрс очсон байсан.

Эхний шалгаруулалтаар таван улсын генерал үлдээд цахим ярилцлагад оролцсон. Удирдах манлайлах, мэргэжлийн ур чадвар, шийдвэр гаргах чадвар, аливаа ажлыг төлөвлөх, зохион байгуулах зэрэг асуудлаар цахимаар ярилцсан. 11 дүгээр сарын сарын 1-нд өгсөн ярилцлагын хариу 23-нд гарч, тэнцсэн тухай мэдээ сонссон. Ингээд монгол генерал тэнцлээ гэдэг мэдээ материалыг НҮБ-ын холбогдох алба, газруудад танилцуулж санал авдаг юм байна. НҮБ-ын Аюулгүй зөвлөлийн таван гишүүн орноос ч санал хэлдэг. Энэ санал хураалт 12 дугаар сарын дунд хүртэл үргэлжилсэн.

Хамгийн сүүлийн баталгаажуулах шийдвэрийг НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга гаргаж, НҮБ-ын цахим хуудаст “Монгол генерал Кипр дэх ажиллагаанд хүчний командлагчаар томилогдлоо” гэдэг мэдээллийг өнгөрсөн сарын 2-нд тавигдсан.

-Энх тайван улс үндэстний хувьд энхийг сахиулах тухай тийм ч наалдацтай сонсогддоггүй. Нэг ёсондоо нарийн сайн мэдээлэлгүй гэсэн үг. Харин та бол маш олон ажиллагаанд оролцсон түүхтэй хүн. Энэ талаар товч ойлголт эхлээд өгөөч?

-Дэлхийн II дайны үеэр маш олон хүн амь үрэгдсэн. Үүнээс улбаалж “Хүн төрөлхтөнд дайн хэрэггүй. Энхийг эрхэмлэх ёстой” гэдэг зорилгоор НҮБ байгуулагдсан. Ингээд 1948 оноос хойш дэлхий даяар 70 гаруй энхийг сахиулах ажиллагааг явуулсан байдаг. Өнөөдрийн байдлаар дэлхий нийтээр НҮБ-ын 12 ажиллагаа явагдаж байна. Ихэнх нь Африк тивд байна. Монгол Улсын хамгийн анхны хоёр ажиглагч Бүгд найрамдах Конго улс руу 2002 онд явж байсан түүхтэй. Монгол Улсын анхны энхийг сахиулах цэргийн баг 2005 онд Сьерра-Леон улсад 250 хүний бүрэлдэхүүнтэйгээр зорьж байсан. Үүний дараа Төв Африкийн бүгд найрамдах Чад улсад хоёр ээлж үүрэг гүйцэтгэсэн. Дараа нь Суданы Дарфурт эмнэлгийн II шатны баг явсан. Хамгийн олон цэргийн хүчин буюу мото буудлагын батальон бол 850 хүнтэй баг Бүгд найрамдах Өмнөд Судан улсад 2012 онд үүрэг гүйцэтгэж эхэлснээр одоогоор 13 дахь ээлж үүрэг гүйцэтгэж байна. Энхийг сахиулах ажиллагаа бол цэргийн ажиглагч, штабын офицер, цэргийн баг гэсэн гурван ангилалд үүрэг гүйцэтгэдэг.

-Энэ удаагийн томилолт таны ес дэх ажиллагаа гэв үү?

-Миний хувьд анх 2004 онд Иракийн эрх чөлөө ажиллагааны II ээлжид үүрэг гүйцэтгэж байлаа. АНУ Ирак руу терроризмын эсрэг ажиллагаа явуулж байсан. Та бүхэн санадаг бол, манай ээлж халдлагад өртөж, Г.Аззаяа, Ш.Самбуу-Ёндон нарын залуучууд тухайн халдлагыг зогсоож байсан түүхтэй. Дараа нь 2005 онд Сьерра-Леоны I ээлжид явсан. Мөн НАТО-гийн тэргүүлсэн Косово дахь ажиллагаанд үүрэг гүйцэтгэж байлаа. Өмнөд Судан тусгаар улс болоогүй, нэг Судан байх үед цэргийн ажиглагчаар үүрэг гүйцэтгэж явсан. 2013 онд Бүгд найрамдах Өмнөд Судан улсад III ээлжийн батальоны захирагчаар, дараа нь мөн тус улсад секторын штабын даргаар ажилласан. Хамгийн сүүлд 2021 онд Өмнөд Судан дахь энхийг сахиулах ажиллагааны секторын командлагчийн үүрэг гүйцэтгэсэн. Энэ удаагийн ажиллагаа бол миний ес дэх ажиллагаа. Энэ 20 жилийн хугацаанд олон сайхан мөрдэс нэгт офицер, ахлагч нартай НҮБ-ын энхийг сахиулах ажиллагааны түүхийг бичилцээд явж байна.

-Мөргөлдөөнтэй, үймээн самуунтай бүс нутаг руу энхийг сахиулна гэдэг хүнд алба. Нэг ёсондоо эрүүл мэнд, амь нас баталгаагүй томилолт. Олон удаагийн ажиллагаанд оролцоод ирэхээр сэтгэл зүйн хувьд бэлтгэлтэй, хэвийн зүйл болчихдог уу. Эсвэл сандарч байна уу?

-Миний анхны ажиллагаа Иракийн II ээлж гэсэн дээ. Бид I ээлжээсээ үүрэг хүлээж авахад баазад нэг л тайван амгалан юм шиг байсан. Хоёр долоо хоногийн дараа халдлага болсон. Өглөө үүрээр биднийг унтаж байхад эхний дэлбэрэлт болсон. Хувцсаа өмсөөд гүйсэн. Хоёр дахь дэлбэрэлт болсон. Түүнээс хойш дугуй хагарах, хаалга хүчтэй савах гэх мэт тохиолдолд цочих рефлекс тогтчихсон. Дэлбэрэлтийн чимээ гарахад байнга дэвхийсэн байдалтай болчихдог юм байна. Энэ байдал манай багийнхнаас арилаагүй гэж боддог. Надад одоо ч бий.

Өмнөд Суданд 850 хүнтэй батальон удирдаж байхад иргэний дайн эхэлсэн. 2013 оны 12 дугаар сар байх. Тухайн үед хамгийн хүнд үүрэг энгийн иргэдийг хамгаалах явдал байсан. Анх баазад хамгаалалт зохион байгуулж байхад эхний өдөр 1000 хүн, дараагийн өдөр 2000 гэж нэмэгдсээр биднийг буцахад 47 мянган хүн баазын дэргэд байрласан байсан. Одоо бол тэр тоо 100 мянга гарсан. Тэр олон мянган иргэний аюулгүй байдлыг хамгаалахаас гадна өөрийн 850 хүнийг ажиллагааны газар орноос эсэн мэнд авчрах гэдэг багийн захирагчийн хувьд маш том толгойны өвчин. Айлын хүүхдийг эрүүл саруул авчрах ёстой. Багийн захирагчаар явсан хүн бүрийн л үүрэг. Ажиллагааны газар орноос хөдлөөд хамгийн сүүлийн цэрэгтэй онгоц Буянт-Ухаад газардахад бүрэн амьсгаа авдаг. “За залуусаа эсэн мэнд авчирлаа даа” гэж уужирдаг юм. Ер нь аливаа ажиллагааны үндэс бол сахилга бат байдаг. Дээр нь сэтгэл зүйн бэлтгэлтэй цэрэг ямар ч үед үүрэг гүйцэтгэнэ.

-Сүүлийн томилолт секторын командлагч байсан гэлээ. Олон орны цэрэг удирдана. Хүндрэл бэрхшээл байв уу?

-Тухайн үед миний удирдлагад 15 орны 4000 цэрэг үүрэг гүйцэтгэсэн. Цэргийн томхон багууд гэвэл Хятад, Энэтхэг гээд том батальонууд байлаа. Тэр олон үндэстний цэргийг удирдлагаар хангана гэдэг төвөгтэй л дөө. Мэдээж НҮБ-ын тогтсон дүрэм журам байна. Цэргийн ажиллагаа гэдэг хамтын, харилцан ажиллагаа байдаг. Бие биеэ ойлгож сайхан баг болж хамтрах ёстой. Сектор командлагчаар үүрэг гүйцэтгэхэд надад нэлээд том туршлага болсон.

-НҮБ-ын тогтсон дүрэм журамд та ч удирдагдана, цэргүүд ч тэр. Гэхдээ тэр дунд хүн ёсны харилцаа үүснэ, тийм үү. Та ямар арга барил барьж байв?

-Сектор командлагчаар ажиллах үед хүчний командлагч Энэтхэгийн генерал байлаа. Энэ хоёр албан тушаалтан маш ойрхон ажилладаг. Аливаа тулгамдсан асуудлыг шууд харилцаад шийднэ. Би ч мөн адил өөрийнхөө удирдлагад байгаа бусад орны удирдлага дарга нартай харилцана. Мэдээж НҮБ-ын дүрэм журам тодорхой. Гэхдээ таны асуусанчлан хүн ёсны харилцаа үүсэлгүй яах вэ. Цэргийн багууд нэгнийгээ хоолонд урина. Жишээ нь, Хятадын батальон дээр очно. Яг л нөгөө хятад заншлаараа ширээгээ засаад л угтана. Сайхан цагаар дайлна. Тэр үед л хүн хоорондын харилцаа, нөхөрлөл үүсч байдаг. Энэтхэгийн батальон дээр очлоо гэхэд карригаа хийгээд л угтана. Непал гэхэд үндсэн хоол ирэхээс өмнө амны зугаа гээд бөөн юм ирнэ. Удалгүй үндсэн хоол гээд нүсэр хоол ирэх жишээтэй. Тэр улсынх нь ёс заншил, уламжлалыг хүндэтгэж харилцах ёстой. Ингэж л нөхөрлөл, харилцаа үүсдэг. НҮБ-ын нэг чухал үнэт зүйл бий. Тэр бол олон үндэстнийг хүндлэх явдал.

-Манайх бас монгол хоолоороо дайлна биз?

-Манай 850-тай батальон дээр гадны хэн ч ирсэн монгол хуушуур, буузаараа дайлна. Гаднын цэргүүд Монголын цэргийн баг дээр ирж хоол идэх дуртай. Баазад медаль парад болоход орон орны цэргүүд бие биеэ урина. Хүлээн авалт болно. Тэр үеэр цэргийн захирагчид сууж байгаад “юм”-аа ярина даа.

-Хүнд хэцүү дурсамжтай томилолт ч бий байх?

-Монгол Улсын зэвсэгт хүчин Ирак, Афганистан, Сьерра-Леон гээд нэлээд олон оронд үүрэг гүйцэтгэсэн. Өнгөрсөн 20 жилийн хугацаанд амар байгаагүй. Эрүүл мэндийн шалтгаанаар хэд хэдэн цэргийн албан хаагч амь насаа алдсан. Багийн захирагч хүртэл амьсгал хурааж байсан тохиолдол бий. Сүүлд сектор командлагчаар ажиллаж байх үед манай секторын цэрэг шууд зүрх нь хаагдаад нас барсан тохиолдол гарсан. Мэдээж ийм тохиолдолд НҮБ маш хүндэтгэлтэй ханддаг. Мөн тэр ажиллагааны үеэр монгол эмэгтэй ажиглагч манай байршлаас урагшаа холын эргүүлд явах болсон юм. Тухайн үед өөр ажлын шаардлага гарч цэргийн баг руу татаад оронд нь Бангладешийн офицерыг эргүүлд явуулсан юм. Гэтэл тухайн цэргийг эргүүлд гарах үеэр буудуулж амь үрэгдсэн. Дараа нь сонсоход хоёр хүүхэдтэй, ажиллагаанд ирээд удаагүй байсан цэрэг байдаг. Харамсалтай санагдсан. Ер нь монгол цэргүүдийн хувьд НҮБ-ын ажиллагаанд явахдаа ар гэрийн баталгаа гаргаж, эрсдэлээ өөрөө хариуцна гэж л явж байгаа шүү дээ. Цэргийн алба тийм л байдаг. Амар ажил биш.

-Монгол цэргүүдийн алдар суу, гавьяат үйлс үе үе хилийн чанадаас дуулддаг. Таны томилолтын үеэр ч бишгүй олон гарч байв уу?

-Өмнөд Суданд манай батальон үүрэг гүйцэтгэж байх үед 2014 оны дөрөвдүгээр сарын нэг өдөр хүчний командлагч Ганын генерал над руу утас цохисон. Манай баазаас хойш 20 км-т байдаг Оросын нефтийн үйлдвэрийн 10 орчим ажилчин халдлагад өртлөө. Тэднийг татан гаргаж ирж чадах уу гэж байна. “Та үүрэг өгвөл цэргүүдээ явуулахад бэлэн” гэлээ. Ингээд манай цэргүүд явсан. Тухайн үед Засгийн газрын эсрэг хүчин нефтийн үйлдвэрийн орчим хориглолтод суучихсан байсан. Цэргүүд маань тэр хүнд нөхцөл байдал дундуур халдлагад өртсөн энгийн ажилчдыг гаргаж ирж байлаа. Тэр мэдээг сонссон хүчний командлагч, НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн даргын тусгай төлөөлөгчид маш их баярлаж байсан. Уганда Улсад байдаг ОХУ-ын Элчин сайдын яамнаас манай багийнханд талархал илэрхийлж байсан удаатай.

Энхбаатар хурандаагийн ээлж байдаг юм. Долдугаар ээлж байх. Бааз дотор орой харанхуйд зэвсэгтэй нөхөд энгийн хүмүүс рүү халдсан. Манай монгол цэргүүд тэр нөхдийг аюулгүй болгож байсан удаатай. Тэр бол НҮБ-аас асар том өндөр үнэлгээ авсан ажиллагаа. Ер нь монгол цэргүүд өгсөн үүрэг даалгаврыг биелүүлэх бүрэн чадвартай. Хүндрэл юу байдаг вэ гэлээ. Хэлний л асуудал байдаг даа. Гэхдээ бусад улсын цэргүүдэд ч бий.

-Монгол Улс бол амгалан, энх тайван орон. Бид дайны тухай мэдэхгүй. Харин та, таны цэргүүд энх тайван, дайн хоёрын ялгааг нүдээрээ харсан, биеэрээ мэдэрсэн хүмүүс. Энх тайван, амар амгалан байхын учир шалтгааныг та юу гэж хардаг вэ?

-Монголоос энхийг сахиулах ажиллагаанд явсан бүх цэрэг эх орны үнэ цэнэ, тусгаар тогтнол, Монгол Улсын бүрэн бүтэн байдлын тухай мэдрэмжийг тухайн улсад онгоцны буудал дээр буухад л авдаг. Хэдий өнөөдөр бид утаатай ч гэсэн Буянт-Ухаа дээр буухад сэрүүн сайхан агаар амьсгалах агуу сайхан.

Ажиллагаа явагдаж байгаа газар нүд халтирам зүйл их байдаг. Жишээ нь, Өмнөд Суданы захын нэг тосгонд очвол тэнд дүүрэн овоохой л байна. Гэр орон, тог цахилгаан гэж байхгүй. Хоол ундаа гадаа чулуун дээр гал асаагаад хийж иднэ. Хүүхдүүд хувцасгүй нүцгэн гүйлдэнэ. Том хүмүүс ч тэр. Хувцас байхгүй. Түүнтэй бид харьцуулшгүй. Эх орны үнэ цэнэ, тусгаар тогтнол гэдгийг энхийг сахиулах ажиллагаанд явсан хүн бүр сэтгэл зүрхнээсээ мэдрээд ирдэг дээ.

-Одоо таны зорих Бүгд найрамдах Кипр улсын нөхцөл байдал ямар байгаа вэ. Тэнд та бүхэн ямар ажиллагаа гүйцэтгэх вэ?

-Аливаа ажиллагаа бол НҮБ-ын мандатаар заагдсан үүрэгтэй. Өмнөд Суданд гэхэд энгийн иргэдийг хамгаалах, хүмүүнлэгийн байгууллагад дэмжлэг үзүүлэх, хүний эрх зөрчигдсөн тохиолдолд мэдээлэл цуглуулах үүрэгтэй бол Бүгд найрамдах Кипр улсад бид өмнө хийж байгаагүй онцгой ажиллагааг гүйцэтгэнэ.

Киприйн арал дээр хойд хэсэг нь Туркийн Кипр, өмнөд нь Грекийн Кипр гэж явдаг. Энэ хоёрын голоор тусгаарлах бүс буюу Buffer zone татчихсан. Заагдсан мандатаар энэ хоёр газрын хооронд зөрчилдөөн үүсгэхгүй байх, хэвийн байдалд нь оруулах үүрэгтэй. Цэргийн зөрчилдөөн байхгүй ч гэсэн улс төрийнх нь хувьд зөрчилдөөнтэй бүс нутаг. Үүнийг л мэдэрч ажиллах үүрэгтэй. Бидний хувьд тусгаарлах зааг дээр үүрэг гүйцэтгэж байсан туршлага байхгүй. Тиймээс бас нэг туршлага, сургамж болох ажиллагаа гэж харж байна.

Тэнд Англи, Словак, Аргентины цэргүүд, НҮБ-ын цагдаа, 25 орны ажиглагч гээд 850 гаруй хүн бий. 180 км үргэлжилсэн зааг дээр гурван сектор болж аюулгүй байдлыг хангаж ажиллах юм.

-Хүчний командлагч баг бүрэлдэхүүнтэйгээ очих эрхтэй гэв үү?

-НҮБ-ын шаардлагын дагуу цэргийн зөвлөх хэмээн нэг дэд хурандаа, туслах гэж нэг хошуучийн хамт явна. Залуучууд маань өмнө нь олон ажиллагаанд явсан туршлагатай. Нэг нь АНУ-ын команд штабын коллеж, нөгөө нь АНУ-д магистр хийгээд ирсэн залуус бий. Жолооч цуг явна. Дөрвүүлээ Монголоос баг болоод очно доо.

-Та цэргийн албанд хэзээнээс зүтгэв?

-Би 1992 онд хуучин Найрамдал төв буюу Сансарын 48 дугаар сургуулийг төгссөн. 1992-1996 онд Цэргийн их сургуулийн ерөнхий цэргийн ангийг төгсөж, Зүүнбаянд хоёр жил алба хаасан. Офицерын амьдралын гараа Зүүнбаянгаас эхэлсэн гэх үү дээ. Дараа нь Зэвсэгт хүчний 032, 150, 026 330, 350 дугаар ангиудад штабын дарга хүртэл албан тушаал хашиж байлаа. Үргэлжлээд Зэвсэгт хүчний жанжин штабт Энхийг дэмжих ажиллагааны хэлтсийн даргаар хоёр удаа ажилласан. 2020 оноос Зэвсэгт хүчний агаарын цэргийн штабын даргаар саяхныг хүртэл ажиллаад томилолтоор явах болсон тул албаа хүлээлгэж өгөөд байна.

Монгол Улсын тусгаар тогтнол аюулгүй байдлыг улс төр дипломатын аргаар хангана гэдэг том гадаад бодлого бий. Үүнийг хэрэгжүүлдэг нэг хэсэг нь энхийг сахиулах ажиллагаа. Монгол Улс 1961 онд НҮБ-ын гишүүн болсон. Гишүүн орныхоо хувьд дэлхий нийтийн хамтын нийгэмлэгийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлж улс орнуудад энхийг сахиулаад явж байгаа нь Монгол Улсын тусгаар тогтнолыг баталгаажуулж байгаа үйл явдал гэж хардаг. Үе үеийн энхийг сахиулах ажиллагаанд өөрсдийнхөө зам мөрийг гаргасан энхийг сахиулагчдадаа талархаж явдаг аа.

-Таны багийн энхийг сахиулах ажиллагаанд амжилт хүсье.

Б.ЭНХЗАЯА

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *