Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Хорьдол сарьдгийн нурууны ар бэл Зүүн тайга дахь Цаатнуудын хотноос сурвалжиллаа DNN.mn

Энэ жилийн мал тооллого улс даяар арванхоёрдугаар сарын 07-ны өдөр эхлэв. Энэ үеэр Монгол орны хойд хязгаар Хорьдол Сарьдагийн нурууны ар бэлд орших буйдхан суурин Хөвсгөл аймгийн Цагааннуур суманд ажиллалаа. Монгол орны 365 сумаас Цагааннуур сумыг сонгох болсон шалтгаан нь Цаатан иргэдийн аж амьдралыг зураглах байв. Цаатнууд зөвхөн Цагааннуур суманд л аж төрдөг. Эл сум нийслэлээс 1000 гаруй километрын зайд оршино. Улаанбаатараас Мөрөнд хөл тавиад цааш Далай ээжийн босго Ханх орж тэндээсээ далайн хойд захаар эмжиж давхина. Ингэж явсаар хойш эргээд Ренчинлхүмбэ сум ордог. Ренчинлхүмбээсээ цааш хэсэг давхихад сая нэг Цагааннуур сумын зах нь харагдана. Аймгийн төвөөсөө 300 орчим км алслагдсан энэ сум Цагаан нуурынхаа хойд хөвөөнд байрладаг бөгөөд 2000 гаруй иргэнтэй. Дархад болон Цаатнуудаас бүрддэг. Хүн амын 30 орчим хувь нь Цаатан хүмүүс.

Цагааннуур сумын хүн ам цөөн, сумын төв нь саруулхан, тийм ч жижиг биш юм. Унаа маань төрөл бүрийн өнгөөр будаж гоёсон дүнзэн байшингуудын голоор сүлжиж давхисаар хоёр давхар байрны үүдэнд ирж зогссон нь сумын захиргаа гэнэ. Захиргааны хашааны зүүн үзүүрт түлээ хагалж овоолсон нь өвсний нуруутай ижил хэмжээтэй болжээ. Хажууханд нь шинэвтэр 31 машин зогсож харагдав. Төд удалгүй 30 гаран насны намхан улаан залуу инээд алдсаар гарч ирэн уриалгахан тосч авсан нь Сумын Тамгын газрын дарга Э.Амарсанаа байв.

Хамт мал тооллогод явах учиртай Сумын засаг дарга Б.Цэрэн-Очир мал тооллогодоо гараад явчихжээ. Биднийг ирэх замд цасаар нүдгүй шуурч хоноглож хугацаа алдсан тул Засаг дарга аль хэдийнээ ажилдаа гараад явчихаж. Утас руу нь залгасан ч холбогдсонгүй. Тамгын газрын даргатай орон нутгийнх нь талаар ойр зуурын юм хөөрөлдөж суутал нар ороод явчихлаа. Илч муутай өвлийн наран тэнгэр баганадсан шовх сарьдгийн араар хүүе гэхийн завдалгүй орчихож байна. Орой 17:00 цагийн орчимд л энд харанхуй нөмөрчихөж байлаа.Пийшиндээ дүүртэл мод чихээд сууж байтал Б.Цэрэн-Очир дарга гэнэт ороод ирэх нь тэр. Цаг агаарын үзэгдлийн нөлөөгөөр мал тооллого нь хойшилжээ. Ингээд бид хол ойрын сонин хөөрөлдсөөр маргааш өглөө эрт Зүүн тайгын айлуудаар тооллого хийхээр тохироод салцгаав. Зорьж ирсэн цаатнууд яг тэнд аж төрдөг. Өглөө эрт хоносон буудлын үүдээр шагайвал жавар хайраад хамраа цухуйлгах арга алга. Цаг агаарын мэдээ харахаар утсаа шагайвал -38 хэм зааж байна. Цонхоор шагайвал хүүхдүүд хичээлдээ гүйлдэж байлаа. Тэдний зарим нь энгэрээ задгайлчихаад тоох ч үгүй алхана. Гартаа цас атгаж бөөрөнхийлөн шидэлцэж байгаад хонхны дуутай зэрэгцэн сургуулийнхаа хаалгаар гүйж орцгоов. Энэ бүхнийг ажиглах хооронд Тамгын газрын дарга Э.Амарсанаа өглөөний унд бэлтгээдэхжээ. Өглөөний цайгаа уугаад дуусахад аль хэдийнээ есөн цаг өнгөрчихөж. Гадаа гараад харвал захиргааны үүдэнд зогсох цагаан фургоны доор гал түлчихсэн байв. Энэ унаагаар бид тооллогондоо явах учиртай. Нөхцөл байдлыг анзаарвал мөд асахгүй нь бололтой. Засаг даргын жолооч гэх өндөр бор залуу цагаан фургоны наагуур цаагуур нь тонгозоод л байх. Ингэж ингэж үд өнгөрч байхад сая нэг юм фургон асаж Зүүн тайга руу хөдлөхөд бэлэн боллоо. Зүүн тайгыг дайлаар мордох баг долоон гишүүнтэй. Хамгийн түрүүнд сумын нэгдүгээр багийн засаг дарга Өлзийсайхан зузаан хавтас өвөртлөөд суужээ. Захиргааны нятлан Жаргалмаа, Түвшин нар ч тооллогын ажилд дайчлагдсан байв.

Засаг даргын багын найз Борооноо гэх эр том поржуктор, алд хэрийн урт иштэй хүрз бариад пургонд орж ирэв. Цасанд суухад хүрз шиг хэрэгтэй багаж үгүй гэнэ. Тэрбээр “Хүүхнүүдээс илүү хүрз хэрэгтэй” гэж хөнгөн маазарсан нь хүйтэн машины уур амьсгалыг бүлээцүүлэх шиг болов. Ингээд долоон хүний бүрэлдэхүүнтэй тооллогын баг Зүүн тайгын зүг хүлгийн жолоо залав. Фургоны цонхоор харахад хөрөөний ир шиг шовх сарьдгууд энүүхэнд мяралзах нь ер бусын үзэсгэлэнтэй. Фургоны цонхонд хоёр хуруу завсар гаргахад л гаднаас хүйтэн жавар хайраад цантсан цонхоор тэр бүр үзэсгэлэнг тольдож амжилгүй гэгээ тасрах тийшээ хандлаа. Бага биш бартаатай замаар 50 гаруй км давхихад бид ойролцоогоор гурван цагийн хугацааг зарцуулжээ. Эхний айл нь Сүхээ гэх залуугийнх. Сумын төвд өссөн ч сонирхлоороо малын хөл дагах болсон энэ залуу өнөө жил 27 настай. Эхнэрийн хамт малаа маллан аж төрж байна. Засаг дарга Б.Цэрэн-Очир залуус мал дээр гарч хөдөлмөр эрхэлж буйд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлээд ирэх оноос эхлэн төрөөс малчдын нийгмийн даатгалын тал хувийг даах болсныг танилцуулав.

Ингэснээр тэтгэвэр тогтоолгох боломжтойг онцлоод хойморт заларч аягатай цайгаа оочлов. Хуучин нийгмийн үед мал тооллогын улсыг хүндэлж хоймортоо залж дайлж, цайлдаг уламжлал энд яг хэвээр үлджээ. Тооллогын хүмүүс ирэх сургаар зангидсан нударга шиг бууз бэлтгээд хөлдөөчихөж. Үүнийгээ тэр дор нь чанаад тавгалж байна. Яг энд утасны сүлжээ муу гэнэ. Энэ өвөл бүр ч муу байгаа гэнэ. Үүнийг цаг агаарын цочир хүйтрэлттэй холбох хүн ч байлаа. Мэргэжилтнүүд цас их унасан үед сүлжээний төхөөрөмжөө засварлах боломжгүй байгаа аж. Сүхээгийнх монгол гэрийнхээ зүүн баганын оройгоос утсаа зүүчихэж. Утсаар ярихдаа сандал дээр зогсож өндөр дуугаар харилцаж байна. Зуны цагт бол сүлжээ асуудалгүй байдаг юм байна. Чанасан буузны араас гэрийн эзэн лонх юм задлаад хөл хөөр болов. 100 татахгүй бол малаа тоолуулдаггүй уламжлал ч энд бий гэнэ. Тооллогынхон нэг нэг татаад сууж байтал айлын гэргий гаднаас ангийн мах барьж орж ирээд яах ийхийн зуургүй гал дээрх тогоотой ус руу шидчихлээ. Төд удалгүй тансаг зоог бэлэн болов. Энэ бүхнийг зооглоод сая нэг малын тоогоо тэмдэглэж аваад гартал харанхуй нөмөрчээ. Дараагийн айлдаа замчлуулахаар гэрийн эзэнг дагуулаад цааш хөдлөв. Учир нь хэд хэдэн гол гарна. Гүйцэд хөлдөөгүй тул цөмрөх аюултайг Сүхээ маш сайн мэдэж байлаа. Гэрээс гарч км орчим яваад голын эрэгт тулж ирлээ. Тооллогын комиссын гишүүн Борооноо өнөөх том хүрзээ тэвэрч буугаад л голын мөсийг нүдээд байв. Араас нь малаа тоолуулсан Сүхээ ч сүхээр нүдээр мөсний зузааныг тандаахлаа. Хэсэг зөвлөлдөөд гол захалж яваад шууд ташуу дайрч гарах шийдэлд хүрлээ. Захаар нь зөөлхөн дөхөж байгаад ташуулдуулаад хүчтэйхэн дайрвал хэсэг яваад голоо гатлахын алдад мөс цөмөрчих нь тэр. Үхрийн сүүлэн дээр хутга гэгчээр голоо яг гарч явахад нэг их хүчтэй нажиганаад цөмөрчихөв. Цагаан фургон маань мөсөн дээр элгээрээ тэгнээд хэвтчихлээ. Цаашаа ч үгүй, наашаа ч үгүй таг зогсоодохлоо. Дугуй мөстэй барьцалдаад хөлдөх эрсдэл энүүхэнд тулж иржээ. Гадаа -40 градус давсан хүйтэнд бүтэлгүйтсэн тооллогын комиссынхон сандарч байгаа юм ч алга. Өнөөх урт иштэй хүрз маань энд гол ажил нугалж өглөө. Том хэмжээтэй мөсийг сүхээрээ хага нүдээд хүрзээрээ гаргаж чулуудсаар машиндаа зам гаргаадахлаа. Нутийн залуу Сүхээд тачигнасан жавар асуудал биш бололтой. Жавар тачигнаж байхад хага цохисон мөсийг улаан гараараа бариад л чулуудаад байв.Ийм маягаар хагас цагийн хугацаанд ажиллаад машинаа уснаас гаргалаа.

Бид Цаатан Эрдэнийхийг зорьж яваа нь энэ. Хэдэн мод эвлүүлж овоолоод берзинтээр бүрчихсэн, дах дэхтийгээ өмсөөл сууж байгаа болов уу гэх бодол маань эдний үүдэнд ирээд замхарлаа. Учир нь Эрдэнийх 6х8 метрийн харьцаатай болов уу гэмээр намхан дүнзэн байшинд тухтай өвөлжиж байна. Хагас цагийн хугацаанд цас мөстэй ноцолдсон бид дулаахан пийшин тойрч хэсэг зогсоод гэрийн эзэгтэйн аагтай цайг оочлохоор жижигхэн бор ширээ тойрон суулаа. Энд айл бүрийн цай өөр өөр амттай юм. Засаг дарга Б.Цэрэн-Очирын зүгээс сум орж нийгмийн даатгалын ажилтантай уулзаж, дэвтэр авах шаардлагатайг дуулгаад, таваг дүүрэн чанасан махнаас огтлов. Хариуд Эрдэнэ гуай асуудыг “E Mongolia”-гаар шийдэж болох эсэх талаар тодруулав. Үүнээс анзаарвал цаатнууд урцандаа дахаа нөмрөөд сууж байдаг цаг ард үлджээ. Эрдэнэ гуайн намхан саарал байшинд ухаалаг утас, ддишийн тавган антен, телевиз гээд хэрэгтэй бүхэн байна. Гэрийн утас нь байсхийгээд л дуугарна. Хүүхдүүд нь хотоос залгаж байгаа бололтой. Ойр зуурын зүйлс яриад утас нь тасарна.

Багийн засаг дарга Өлзийсайхан өрхийн гишүүдийн тоог нягтлаад нас, эрүүл мэндийн байдал, цаатны тэтгэмжээ авч байгаа эсэхийг асууж байна. Сүүлд нь малын тоог нь асуугаад өмнөх оны тооллогын дүнтэй харьцуулаад хорогдлыг нь лавлаж асуув. Зүүн тайгад энэ жил шагайгаар татсан цас унажээ. Зарим газраараа өвдгөөр татаж байна. Айлууд нь цөөн малтай юм билээ. Саалийн хэдэн үнээ, уналгын цөөхөн морь л тоолуулж байна. Ийм зузаан цастайд мал тэжээх боломж нөхцөл хомс байдаг аж. Ерөөсөө л цаагаа маллаж энэ тайгад аж төрдөг гэнэ. Эдний гадаа 30 гаруй цаа хэвтэж байв. Бусад цаагаа хүү нь хариулаад уул руугаа гарчихсан гэнэ. Уналга эдэлгээ болоод жуулчдад үзүүлэх цөөхөн цаагаа барьж үлдээд байгаа нь энэ ажээ.

Ч.Эрдэнэ Цагааннуур сумын II багийн малчин Хүрэн азаргатад 1991 оноос хойш 32 жил мал маллан нутаглажээ. Түүний аав ээж нь Тува хүмүүс гэнэ. Таван хошуу мал гэхээс илүү цаан сүрэгтээ түлхүү анхаардаг юм байна. Цас их унадаг ийм нөхцөлд маллахад хамгийн тохиромжтой цаа гэнэ. Цас унах тусам л цаа өнгө орж, таргалдаг аж. Энэ жил цас их унасан тул барьж үлдсэн цаанууд нь илүү өнгө нэмж жавхаажсан байна. Цаатнууд хоорондоо хаана цас их унасан талаар л ярилцана. Манай энэ хавиар шагай татаж байна, тэр голоор өвдөгний нүд давж байна гэхчлэн хоорондоо хөөрөлдөнө. Нутгийнхан энэ их цаснаас айж цочирдож байгаа нь бараг алга. Бэлтгэсэн хадлангаа цөөхөн малдаа өгөөд л цаагаа байгалиар нь тэжээгээд онд оруулчих гэнэ. Цаатнууд годон гутлаараа ижилсдэг юм байна. Эр, эмгүй л годон гутлаа өмсчихнө. Төө зузаан цастай 40 градус давсан хүйтэнд хамгийн тохиромжтой гутал нь годон гутал. Энэ мэтчилэнгээр урцанд амьдардаг цаатнууд даяаршсан нь амьдралын хэв маягаас нь анзаарагдаж байна. Хоорондын яриаг нь анзаарвал хүүхдээ хаана ямар сургуульд оруулах, ямар мэргэжил эзэмшүүлэх тухай л ярилцаж байна. Тэд хүүхдээ аялал жуулчлал, хөдөө аж ахуйн чиглэлээр мэргэжил эзэмшүүлэх илүү сонирхолтой. Цаатан гэр бүлийн нэг оюутны сургалтын төлбөрт төрөөс хөнгөлөлт үзүүлдэг тул бүгд л хүүхдээ их сургуульд оруулах сонирхолтой болж. Хүүхдээ тайгад мал маллуулах сонирхолтой гэр бүл гэж бараг алга. Бүгд л хот хороо бараадах, номын дуу сонсож мэргэжил эзэмших тухай ярилцаж байна.

Ч.Эрдэнийнх зургаан хүүхэдтэй. Эхнээсээ тусдаа гарсан бөгөөд одоогоор цаагаа малладаг гэнэ. Цаатнууд л гэхээр дах дэгтий нөмөрсөн зэрлэгдүү хүмүүс гэх түгээмэл ойлголттой эд санал нийлдэггүй талаараа ярьж байна. Цаатнуудын талаар соёлоос хоцрогдсон, бүдүүлэг, харанхуй улс гэх ойлголтыг нийгэмд төрүүлсэн “Содура” кинонд тэд дургүй. Учир нь бодит байдлыг гуйвуулсан, ташаа ойлголт төрүүлсэн гэдгийг цаатнууд хэлж байна. Энд заавал цаатнууд хоорондоо гэр бүл болох ёстой гэх муйхарлал байдаггүй талаар ч ярьж байв. Тэр бүү хэл ардчилсан нийгэмд хэн хэнтэйгээ суух нь хүний эрх гэж Ч.Эрдэнэ гуай хэлж байна.

Цаатнуудын орлогын эх үүсвэр нь цаа буга мөн цаатнуудын халамж. Цаа маллаж буй нэг иргэн сард төрөөс 280 орчим мянган төгрөгийн халамж авдаг. Харин хүүхэд нь 100 орчим мянгын халамжтай. Энэ хүүхдийн мөнгөн тэтгэмжээс тусдаа олгогддог юм байна. Цаа малладаг таван хүнтэй өрх сардаа 1.5 сая төгрөгийн халамж авна гэсэн үг. Үүнийгээ тэд хүүхдийнхээ боловсролд зориулдаг. Зарим нь халамжийн мөнгөө хуримтлуулаад сумын төвд хашаа байшин худалдаад авчихаж. Халамжийн таван төгрөгөөрөө бор дарс хүртчихдэг ч хүмүүс байдаг аж. Гэхдээ 2013 оноос хойш цаатнуудад тэтгэмж олгож эхэлснээр амьдралын түвшин нь илтэд сайжирсан гэнэ. Хамгийн гол нь хүүхдийнхээ боловсролд онцгой анхаардаг болсон байна. Наанадаж л ддиш-ийн антенгүй айл гэж энд бараг алга. Мэдээг цаг алдалгүй хүлээж авдаг юм байна. Тэдний ярианы халуун сэдэв нь Орос Украины дайн. Дайны талаар тэд өнөө үед танк хөлөглөж, буу үүрээд дайтахаа бараг больсон талаар хэлж байна. Эдийн засгаар нь шахалт үзүүлдэг болсон талаар хоорондоо ярилцаж байлаа. Тэд дайныг өөр өөрсдийн өнцгөөс л тайлбарлах юм. Гэхдээ олон зуун Тува залуус дайнд яваад буцаж ирээгүйд харамсаж байна лээ. Амь эрсэдсэн хүмүүсийн дунд тэдний төрөл садан ч байгаа гэнэ.

Тооллогын баг дараагийн айл руу хөдлөхөөр гарахад цэлмэг тэнгэрт хурц одод түгжээ. Жижигхэн зуухны түр зуурын элчинд нозоорсон бид тэрхэн зуурт өвлийн жаврын талаар ор тас мартчихсан байв. Бид дараагийн айл руугаа хөдлөхөд Эрдэнэ гуай эхнэр, хүүхдийн хамт ерөөл өргөж халуун сэтгэлээр үднэ лээ. Тооллогын комисс гэдэг энд хамгийн хүндтэй улс аж. Байгаа бүхнээ барьж дайлж, цайлж байна. Тэр хэрээрээ мал нь өргөжиж тоолж барахгүй олон болно гэж цаатнууд үздэг гэнэ.

Дараагийн айл мөн л цаатны төлөөлөл Чулуугийнх. Гэрийн эзэн нь цаандаа яваад эзгүй байв. Тооллогынхон ирэх сургаар гэрийн эзэгтэй тогоо дүүрэг мах чанаж, гурил төмсөөр хачирлажээ. Халуун хоолны ширээний ар дахь ярианы уур амьсгал ч дулаахан. Гадаа тачигнах жаврыг цаатнуудын халуун сэтгэл л зөөллөж байна. Цаг орой болсон тул тооллогын баг эндээ хоноглож, маргааш өглөө тооллогоо үргэлжлүүлэхээр болов. Энд орой чөлөөт цагаар таван гар сууж муушиг тоглодог. Халуурвал үүр хаяартал ч сууж мэдэх юм билээ. Зуухаа сайн галлаж, махаа огтлох завсартаа шил юм тойруулаад суухад бүтэн өдрийн ажлын ачааллыг мартчихдаг юм байна.

О.ДАШНЯМ

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *