Categories
мэдээ нийгэм

Хохирол нөхөн төлүүлэх эрхийг хангах зорилгоор төлөөлөн нэхэмжлэл гаргах үндэслэл, нөхцөл, шийдвэрлэлтийн талаар мэдээлэл өглөө DNN.mn

Хохирол нөхөн төлүүлэх эрхийг хангах зорилгоор төлөөлөн нэхэмжлэл гаргах үндэслэл, нөхцөл, шийдвэрлэлтийн талаар Комиссын Гомдол, хяналт шалгалтын хэлтсийн дарга Г.Ууганбаатар өнөөдөр /2024.05.16/ мэдээлэл өглөө.

Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14-т “Монгол Улсын хууль, олон улсын гэрээнд заасан эрх, эрх чөлөө нь зөрчигдсөн гэж үзвэл, уул эрхээ хамгаалуулахаар шүүхэд гомдол гаргах, бусдын хууль бусаар учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх эрхтэй”, 19 дүгээр зүйлийн 1-д “Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц эдийн засаг, нийгэм, хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх, хүний эрх, эрх чөлөөг зөрчихтэй тэмцэх, хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцна” гэж иргэний үндсэн эрхийг баталгаажуулсан. Мөн Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.2 дахь заалтад “иргэн, байгууллага, албан тушаалтан, хуулийн этгээд хүний эрх, эрх чөлөөг зөрчсөн тухай асуудлаар шүүхэд нэхэмжлэл гаргах” гэж иргэдийн зөрчигдсөн эрхийг сэргээх, зөрчлийг арилгуулах Комиссын чиг үүргийг хуульчилсан.

Энэ чиг үүргийн хүрээнд Комисс байгуулагдсан цагаасаа эхлэн төрийн байгууллага, албан тушаалтны буруутай үйл ажиллагааны улмаас хохирсон иргэнийг төлөөлж төрөөс хохирлыг нэхэмжилж ирсэн. Энэ хугацаанд нийт 43 удаагийн нэхэмжлэлийг харьяалах шүүхэд гаргасан байна. Үүний 33 нэхэмжлэлд иргэдэд учирсан сэтгэл санааны хохирлыг тооцож нэхэмжилсэн.

  • Нийт 4.877.811.048 төгрөг буруутай этгээдээс нэхэмжилсэн байна.
  • Үүний 3.304.192.914 төгрөгийг сэтгэл санааны хохиролд шаардсан байна.
  • Шүүхээс хангасан нийт үнийн дүн 557.481.821 төгрөг байна.
  • 19 нэхэмжлэлд сэтгэл санааны хохирол 247.245.600 төгрөг олгохоор шүүхээс шийдвэрлэсэн.

Өнгөрсөн хугацаанд нэхэмжлэл гаргахад сэтгэл санааны хохирлыг үнэлэх аргачлал байхгүйгээс хохирогчдын өөрсдийн тогтоосон үнийн дүнгээр нэхэмжлэл гаргаж байсан

  • Хамгийн их 500 сая төгрөг
  • Хамгийн бага 800 мянган төгрөг

Монгол Улсын Их Хурал 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Шүүхийн тухай шинжилгээний хуулийг шинэчлэн баталсан бөгөөд тус хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3 дахь хэсэгт заасныг баримтлан Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн А/268, А/275 дугаар тушаалаар “Гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож, дүгнэлт гаргах журам”-ыг баталсан. Өнгөрсөн хугацаанд албан тушаалтны буруутай үйл ажиллагааны улмаас хохирогчид учирсан эрүүл мэндийн болон эдийн засгийн хохирлыг тооцож ирсэн бол сэтгэл санааны хохирлыг тооцох эрх зүйн боломжтой болсон. Энэ нь Комиссоос олон жилийн турш сэтгэл санааны хохирлыг тооцох аргачлалыг бий болгох нь зүйтэй талаар гаргаж байсан санал, зөвлөмж үр дүн гэж үзэж байна.

Шийдвэрлүүлж байсан кэйс:

  1. Комисс 2006 онд Хан-Уул дүүргийн шүүхэд “Фүүд лэнд” гэх тодотголтой хэрэгт холбогдож амь нас, эрүүл мэнд, сэтгэл санаа, эд хөрөнгө, нэр төрөөрөө хохирсон /1 хүн нас барж, 1 хүн хөдөлмөрийн чадвараа 70 хувь алдсан/ 5 иргэний хохиролд нийт 258.276.000 төгрөг нэхэмжилж, тус шүүхийн 2006 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 07 дугаартай шийдвэрээр сэтгэл санааны хохиролд 48.6 сая төгрөг, нийт 74.876.000 төгрөгийг хангаж шийдвэрлэсэн нь хамгийн өндөр дүнтэй хангагдсан нэхэмжлэл байна.
  2. 2004 онд хилсээр хүн амины хэрэгт холбогдон 3 удаа цаазаар авах, 1 удаа 24 жилийн хорих ял сонсож, 2 жил 6 сар 16 хоног урьдчилан хорих байранд, 4 жил, 2 сар, 7 хоног гянданд ганцаарчлан, нийт 6 жил, 8 сар, 23 хоног хоригдсон иргэн Ч.Э-г төлөөлөн түүний нэр төр, эрүүл мэнд, сэтгэл санаа, эд хөрөнгийн хохиролд нэхэмжлэл гаргаж, Нэхэмжлэлээс сэтгэл санааны хохиролд 16 сая, гэм хорын хохиролд 2.010.625 төгрөг, нийт 18.010.625 төгрөгийг хангаж шийдвэрлэсэн.

Өнөөдрийн байдлаар Комисс нэг төлөөлөн нэхэмжлэлийг шүүхэд гаргаж, 2 төлөөлөн нэхэмжлэл гаргахаар ажиллаж байна. Эцэст нь хэлэхэд Комисс иргэний зөрчигдсөн эрхийг сэргээн эдлүүлэх, учирсан хохирлыг нөхөн төлүүлэх чиглэлээр тасралтгүй ажиллаж ирсэн бөгөөд цаашид хохирсон иргэдийн эрхийг сэргээн эдлүүлэхэд ямагт бэлэн байгаагаа илэрхийлж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *