ОХУ-ын тэргүүн Путин энэ сарын 16-17-ны өдрүүдэд Хятад улсад төрийн айлчлал хийнэ гэж Хятадын Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Хуа Чуньин мэдэгдэв. Хятадын Гадаад хэргийн яамны өөр нэгэн төлөөлөгч Ван Вэньбинь уг хэвлэлийн бага хурлын үеэр “В.Путин ОХУ-ын ерөнхийлөгчийн тангараг өргөсний дараа хийж буй анхны айлчлал нь энэ болох юм” гэж онцолжээ.
Энэ онд Хятад, Оросын хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ой тохиож байгаатай холбогдуулан Си Жиньпин, В.Путин нар айлчлалын үеэр хоёр орны харилцаа, олон салбарын хамтын ажиллагаа, харилцан сонирхож буй олон улсын болон бүс нутгийн асуудлуудаар санал бодлоо солилцоно гэдгийг Ван Вэньбинь дурджээ.
Мөн Хятад улс энэхүү айлчлалын талаарх мэдээллийг тухайн үед нь танилцуулна гэдгийг тэрбээр нэмж хэлжээ.