Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Х.Билгүүн: Монголынхоо бүх залуусыг эр цэргийн албаа хаагаарай хэмээн уриалмаар байна

“Оюутан цэрэг” хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг хоёр жилийн өмнөөс орон даяар эхлүүлсэн билээ. Улаанбаатар хотын их, дээд сургуулиудын 418 оюутан болон Говьсүмбэр аймгийн “Политехник” коллежийн 986 оюутан бүрэн хамрагдаж өнөөдөр буюу наймдугаар сарын 12-нд “Чингисийн” талбайд цэргийн тангарагаа өргөлөө.

“Оюутан цэрэг” хөтөлбөрийн тангараг өргөх ёслолын ажиллагаанд Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Ц.Элбэгдорж оролцож үг хэллээ.

Тэрбээр “Ээж аавууд хүүгээ сайн хүн болгоё гэвэл цэрэгт явуулах хэрэгтэй. Монгол Улс сайн иргэдээ дэмжихийн тулд бүх нийтээр цэргийн албанд хамруулах бодлогыг тууштай хэрэгжүүлэх ёстой. Ингэж л Монгол Улс бие даасан байдал, тусгаар тогтнол, хөгжил дэвшлээ улам баталгаажуулах болно. Энэхүү бодлогын үндсийн үндэс нь цаашид “Оюутан цэрэг” хөтөлбөр байх болно.

Оюутан цэргээс цэргийн шилдэг дарга, цэргийн сайн боловсон хүчин, байнгын гэрээт албан хаагчид төрөн гардаг болно. Энэ чиглэлээр уг хөтөлбөрийг улам төгөлдөржүүлэн хэрэгжүүлэхэд манай Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний Жанжин штаб, цэрэгжсэн байгууллагууд, цэрэг иргэний хэлтэсүүд онцгой анхаарч идэвхтэй ажиллах хэрэгтэй. Цэргийн анги байгууллага бүр энэ хөтөлбөрийг хэрэгжүүлэх суурь бааз байх учиртай. Энэ талаар бид цэргийн удирдах албан тушаалтнуудын зөвлөлгөөний үеэр сайн ярилцсан. Тодорхой төлөвлөгөө, ажлууд хийгдэж байгаа.

“Оюутан цэрэг” хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлэхэд манай оюутны байгууллагууд, ээж аавууд, нийт иргэдийн дэмжлэг, хамтын ажиллагаа маш чухал. Дээрээс нь их дээд болон мэргэжлийн сургуулиудын харилцан ойлголцол, сургалтын хөтөлбөр дадлагын ажлууд чухал үүрэгтэй. Ингэж л “Оюутан цэрэг” хөтөлбөр нь улс үндэсээ гэх нэгэн зорилго, нийтлэг эрх ашигт үйлчлэх эх оронч иргэдээ бэлдэх Монгол төрийн амин чухал бодлого болон улам өргөжиж үргэлжлэх болно. Энэ бодлогод хамаарахгүй манай улсын нэг ч салбар, айл өрх, иргэн байх учиргүй юм” гэв.

Тангараг өргөх ёслолын ажиллагаанд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж болон УИХ, Засгийн газрын гишүүд, Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ, ЗХЖШ-ын дарга Д.Даваа, Монголын оюутны холбоо, их дээд сургуулийн захирлууд, оюутан залуусын ар гэрийн төлөөлөл оролцлоо.Тангараг өргөх ёслол нэг цагт өндөрлөжцэргүүд гэрийхэнтэйгээ уулзах үеэр сэтгэгдлийг нь сонслоо.

ШУТИС-ийн оюутан З. Ганзориг “Эхний хэд хоног хүндрэлтэй байсан. Наранд удаан зогсож их бэлтгэл сургуулилалт хийдэг байсан. Эхэндээ хэцүү санагдсан ч яваандаа дасаад цэргийн албаны сайхныг мэдэрсэн шүү. Олон найз нөхөдттэй болсон.ШУТИС-аас 155 оюутан хамрагдсан миний хувьд их бахархууштай байлаа. Хоол нь амттай хэрнээ цадахгүй юм билээ. Энэ сарын гурванд 30 км-н “марш” болсон. Тэр үед үүрийн дөрвөн цагаас гадаа гараад 24цаг тацралтгүй алхсан нь надад хамгийн хэцүү үеүүдийг нэг байлаа. Өнөөдөр эр цэргийн албаа хаагаад ар гэрийнхэнтэйгээ энгээд уулзаж байгаадаа баяртай байна. Өөрийгөө нэлээдгүй хатуужилтай, хүний үг даах чадвартай, хамт олон ч болсон хэмээн бодож байна шүү” гэлээ. Мөн СУИС хоёрдугаар курсын оюутан У.Гантогтох “Өглөө 5:30-д босно 9:30-д амрана. Өдөр их хурдан өнгөрдөг байсан. Бэлтгэлээ хийгээд ирэхдээ усны үнэ цэнэ ямар их гэдгийг ойлгосон.Эхний үед их турсан. Дараа нь хоолондоо дасаад хэвийн жиндээ орсон. 20кг хассан оюутан ч бий гэж хэлж байсан. Өөрийгөө бол одоо нэлээд чийрэг болсон гэж бодож байгаа шүү.Энэ хоёр сарын хугцаанд эрх чөлөө гэж юу байдгийг мэдэрсэн дээ” гэлээ.

Харин СЭЗИС гуравдугаар курсын оюутан Х.Билгүүн “Майханд байрласан. Гэхдээ огтхон ч зутраагүй хангамж сайтай юм гэж бодогдож байлаа.Надад хэцүү санагдсан зүйл бол цаг агаар их халуун байлаа. Их олон зүйл сурсан даа. Наад зах нь буу зэвсэгтэй хэрхэн зөв харилцах талаар сурлаа.Миний хувьд цэрэгт байх хоёр сар хурдан өнгөрлөө.Цэрэг байх үеийн хамгийн гоё мөч нь халагдах өдөр байдаг юм байна. Монголынхоо бүх залуусыг эр цэргийн алба хаагаарай хэмээн уриалмаар байна. Энэ бол эрчүүд бидний үүрэг шүү дээ” гэлээ.

Б.МӨНГӨНСОР

Б.УЯНГА

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *