Categories
мэдээ нийгэм

Х.Бадамсүрэн: ОХУ-ын 270 гэрээт ажилтан л ам.доллараар цалинждаг

Монгол Улсад уул уурхайн салбар үүсч хөгжсөний 95 жилийн ойг тохиолдуулан ирэх сарын 04-нд Орхон аймагт “Уул уурхайн салбарын төвийн бүсийн чуулган” зохион байгуулах талаар өнөөдөр “Эрдэнэт” үйлдвэрийн Ерөнхий захирал Х.Бадамсүрэн, УУХҮЯ-ын Төрийн нарийн бичгийн дарга Г.Нандинжаргал болон холбогдох албаныхан мэдээлэл хийв.

“Өчигдөр-Өнөөдөр-Маргааш” уриан дор болох энэхүү чуулганыг УУХҮЯ, Ашигт малтмал, газрын тосны газар, “Эрдэнэт үйлдвэр” хамтран зохион байгуулах юм. Чуулганд Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, УУХҮ-ийн сайд, УИХ-ын гишүүд болон салбарын эрдэмтэн судлаачид оролцож, өнгөрсөн хугацаанд уул уурхайн салбарт гарсан дэвшил, алдаа дутагдал, ирээдүйн чиг хандлагын талаар хэлэлцэх юм. Мөн Дархан-Уул, Орхон, Сэлэнгэ, Хөвсгөл, Булган, Төв, Архангай, Өвөрхангай аймгийн удирдлагууд оролцох аж. Чуулганаар яригдсан гол асуудлуудыг шинээр боловсруулж буй Уул уурхайн тухай хуульд тусгах аж.

Уул уурхайн салбарын Зүүн бүсийн чуулганыг Хэнтий аймагт 9 дүгээр сард, Баруун бүсийн чуулганыг Ховд аймагт 10 дугаар сард, Говийн бүсийн чуулганыг Өмнөговь аймагт 11 дүгээр сард зохион байгуулахаар төлөвлөсөн байна.

Мөн 95 жилийн ойн хүрээнд “China Mining”олон улсын үзэсгэлэнд оролцох, “Дисковер Монголиа-95” хөрөнгө оруулагчдын чуулган болон уурхайчдын ажил, мэргэжлийн тэмцээн зохион байгуулах, түүхэн баримтат кино, гэрэл зургийн цомог бүтээх зэрэг ажлыг хийх юм.

“Эрдэнэт үйлвэр”-ийн өнөөгийн үйл ажиллагаа болон ирээдүйн нөөц, татвар төлөлтийн байдал зэрэг сэдвээр Ерөнхий захирал Х.Бадамсүрэнгээс зарим зүйлийг тодруулав.

-“Эрдэнэт үйлдвэр”-ийн өнөөгийн нөхцөл байдал ямар байгаа вэ?

-Би өнгөрсөн оны 11 дүгээр сарын 30-нд ажлаа хүлээж авсан. Одоогоор үйлдвэрийн үйл ажиллагаа хэвийн явагдаж байна. Манай үйлдвэр хоногт 1.5 сая ам.долларын бүтээгдэхүүн үйлдвэрлэж экспортод гаргаж байна. Өнгөрсөн хугацаанд үйлдвэрийн ирээдүйн төлөвлөгөөг 10 жилээр гаргадаг байсныг 15 болгохоор ажиллаж байгаа. 40 жил тогтвортой, тууштай ажиллаж байгаа үйлдвэрийн төлөвлөгөө 10 жилээр гарах нь хэт богино гэж үзсэн.

-Одоо хэдэн жилийн нөөцтэй байна вэ?

-Намайг ажилд авахад 39 жил ажиллах нөөц үлдсэн байсан. Нөөцийг нэмэгдүүлэх эхний шатны судалгаагаар 60 жил олборлолт явуулах боломжтой гэсэн дүгнэлт гарсан. Үргэлжлүүлэн судалж байна.

-Засгийн газар хэмнэлтийн горимд ажиллана гэсэн. “Эрдэнэт үйлдвэр” хэрхэн хэмнэлт хийж байна вэ?

-“Эрдэнэт үйлдвэр” хэмнэлтийн бодлогоо барьж байгаа. Зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр намайг хувийн орон сууцаа тохижуулсан, албаны автомашинаа шинээр сольсон зэрэг мэдээлэл гарсан байна. “Эрдэнэт үйлдвэр”-ийн үе үеийн захирал LX-570 маркийн автомашин унадаг байсан. Өмнөх захирлын унаж байсан машиныг өөр газарт шилжүүлэх шийдвэр өнгөрсөн оны 11 сарын 20-нд Төрийн өмчийн бодлолго зохицуулалтын газар /ТӨБЗГ/-аас гаргасан юм билээ. Үүнтэй холбоотойгоор намайг ажил авсны дараа өмнөх захирлын машиныг аваад, шинийг өгсөн юм. Би сард гурван сая төгрөгийн цалин авдаг. Үйлдвэрийн мөнгөөр тансагласан асуудал байхгүй.

-ТӨБЗГ-ын дарга Ц.Ням-Осор таны цалинг 24.5 сая төгрөг гэсэн мэдээлэл өгсөн?

-Тэр хүн ямар үндэслэлээр тийм мэдээлэл хийснийг би мэдэхгүй.

-Үйлдвэрийн бүтэц, бүрэлдэхүүнд өөрчлөлт орсон уу?

-“Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийг “Монгол зэс” корпораци худалдаж авсны дараа байгуулагдсан ТУЗ Ерөнхий захирал болон нэгдүгээр орлогч тус тусдаа ажлын албатай байх зохицуулалт хийсэн. Үйлдвэр нэгдсэн бодлоготой ажиллах ёстой тул нэгдүгээр орлогчтойгоо ярьж байгаад ажлын албаа нэгтгэсэн. Ажлын албанд долоон зөвлөх ажиллаж байгаа. Энэ хүмүүс надад зөвлөхөөс илүү цех, хэлтэс, албадын ажлын уялдаа холбоог хангах, санал, хүсэлтийг нь хүлээн авч шийдвэрлэх үүрэгтэй. Зөвлөх 10 сая ам.долларын цалин авдаг тухай мэдээлэл гарсан байна. Тийм биш. Зөвлөх дунджаар 2.5 сая төгрөгийн цалин авч байгаа. Хуулийн дагуу дотоодын иргэдэд ам.доллараар цалин олгох хориотой. Дээр дурьдсан ОХУ-ын 270 гэрээт ажилтан л ам.доллараар цалинждаг.

-Он гарсаар Эрдэнэт үйлдвэр хэдэн төгрөгийн татвар төлсөн бэ. Ашигтай ажиллаж байгаа юу?

-Энэ оны нэгдүгээр улирлын байдлаар улсын төсөвт 188 тэрбум төгрөг төвлөрүүлж, 84 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажилласан. Татвараа хуулийн дагуу хагацаандаа төлж байгаа.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *