Categories
мэдээ нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Х.Алтанхуяг: Том хулгай хийдэг намыг дахин сонгох уу, хулгайчдын эсрэг хүчээ нэгтгэж чаддагийг нь гаргаж ирэх үү гэдгийг ард түмэн удахгүй шийднэ DNN.mn

Ардчилсан намы н Үндсэн дүрмийн хорооны гишүүн Х.Алтанхуягтай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-Хичээл эхлэхээс өмнө АН-ын Үндэсний бодлогын хороо ээлжит бус хурлаа хийж, намын даргынхаа баг бүрэлдэхүүнийг сонгосон. Хурлын уур амьсгал их халуун болсон гэлцдэг. Одоо ер нь намын дотоод уур амьсгал ямар байна вэ?

– Халуун болсон гэж та хэллээ. Их дуулиан шуугиантайгаар Үндэсний бодлогын хороо хуралдсан. Тус хурал эхлэх гэж хоёр цаг болсон. Хоёр цаг Үндэсний жигүүр зарчмын боёкот өрнүүлсэн. Учир нь энэхүү хурал эв нэгдлийн Үндэсний бодлогын хорооны хурал гэдэг байдлаар анх зарлагдсан. Тэр утгаараа Үндэсний бодлогын хорооны нийт гишүүн уг хуралд оролцох ёстой байсан. Гэтэл ҮБХ-ны жар, далан гишүүн хурлын гадна үлдчихсэн байлаа. Өөрөөр хэлбэл татвараа цаг тухай бүрд нь төлчихсөн, саналын эрхтэй Ү Б Х – н ы г и ш ү ү д хуралдаа сууж чадалгүй үлдчихсэн байсан. Сууж чадахгүй гэдэг маань хуралд тэр хүмүүсийг оруулалгүй эхлүүлэх гэж байсан гэсэн үг. Тиймээс Үндэсний жигүүр зарчмын боёкот өрнүүлж, эдгээр гишүүдийг хуралд нь оруулснаар ҮБХ-ны ээлжит бус хурал эхэлсэн.

-Улмаар ҮБХ хуралдсан. Хурлын үр дүн юу байв. Тус хурлыг бүрэн дуусгаж чадалгүй, тодорхойгүй хугацаагаар хойшлуулсан гэдэг нь үнэн үү?

-Мэдээж хурал болж байгаа учраас тодорхой үр дүн гарах ёстой. Уг хурлаас үр дүн гарсан гэж би хэлнэ. Юуны түрүүнд намын дарга багаа бүрдүүлж чадсан. Тодорхой хэмжээнд намын бүтцээ бий болгосон. Тодруулбал, намын дэд дарга нарын асуудлыг бүрэн шийдэж чадсан. Мэдээж гарсан үр дүн сайн, муу гэсэн хоёр талтай.

-Муу үр дүн нь юу байна, тэгвэл?

-Урьд өмнө бие дааж нэр дэвшсэн нөхөд намын дэд даргад нэр дэвшиж гарч ирсэн. Өөрөөр хэлбэл намын дүрмийг зөрчиж бие даан нэр дэвшсэн нөхөр намын дэд даргаар “шагнагдчихсан” асуудал яригдаж байна. Тодорхой хэлбэл Б.Галиндэв гэх нөхөр өмнө нь бие даан нэр дэвшиж байсан. Манай нам бие даан нэр дэвшсэн хүнд найман жилийн хугацаанд улс төрийн дэмжлэг үзүүлэхгүй гэсэн дүрэмтэй байдаг. Гэтэл энэхүү хурлаар Б.Галиндэвийг АН-ын дэд дарга болгож байгаа нь олон гишүүний эгдүүцлийг хүргэсэн. Нөгөөтэйгүүр энэ үйлдэл нь манай намын залуучуудад буруу үлгэр дууриалал, жишиг тогтоосон гэж харж байгаа. Өөрөөр хэлбэл 2024 онд намын гишүүд хариуцлагаас цугтаж бие даан нэр дэвшиж болох ю м б а й н а г э с э н б у р у у ойлголтыг өглөө гэсэн үг. Та түрүүн асуулаа, ҮБХ-ны хурал дуусалгүй хойшилсон гэж. Хурлын уур амьсгал ширүүхэн байсан учир хурлаа бид дуусгаж чадаагүй. Харин тодорхойгүй хугацаагаар хойшлуулсан. Тиймээс хурал удахгүй дахин үргэлжилнэ. Тэр үед дэд дарга нартай холбоотой хариуцлагын асуудлыг бид дахин ярих байх гэж найдаж байна.

 

Нийгмийн хувьд АН олон дэд даргатай болсонд их шүүмжлэлтэй хандсан. Нөгөөтэйгүүр ирэх сонгуулиар намын жагсаалтад шууд бичигдэх хүмүүсээ дэд дарга болгочихлоо гэж ярьж байгаа шүү дээ. Үүнд та тодорхой тайлбар хэлэхгүй юу?

-Нэгдүгээрт, Ардчилсан нам бол ямар нэгэн төрийн байгууллага биш. Бид татвар төлөгчдийн мөнгөөр санхүүждэггүй. Нөгөөтэйгүүр эрх баригч нам өнөөдөр үндсэн 22 сайдтай байна. Дэд сайд нараа нэмбэл дөч, тавь руу дөхөх том бүтцээр төр удирдаж байна. Биднийг биш энэ хүмүүсээ энэ өнгө аясаараа шүүмжилбэл нүдээ олох биз. Тиймээс манай намын хувьд хэдэн ч, дэд даргатай байх нь тийм чухал асуудал биш болов уу. Хоёрдугаарт, эдгээр дэд дарга нар намын жагсаалтад орохгүй. Бүгд тойрогт нэр дэвшинэ. Тиймээс намын жагсаалтаар шууд гараад ирэх хүмүүс гэж ойлгож болохгүй. Эрх баригч нам дэндүү данхар бүтцээр төр удирдаж байна. Тэгээд гараас нь гарч байгаа зүйл яг юу байна вэ. Ардчилсан нам гурван жилийн хугацаанд гурван мянга гаруй километр зам тавьж чадсан. Харин эрх баригчид найман жилийн хугацаанд 200 километр зам тавьчихаж чадахгүй байна шүү дээ.

-Дэд дарга нар намын жагсаалтад орохгүй гэж та хэллээ. Яг орохгүй байх асуудлыг дүрмээрээ баталгаажуулсан юм уу?

-Уг асуудлыг саяны ҮБХ-ны хурлын үеэр намын дарга өөрөө албан ёсоор тайлбарлаж хэлсэн. Өөрөөр хэлбэл эдгээр дэд дарга нар бол үүрэг, хариуцлагаа ойлгож тойрогт очиж нэр дэвших төлөөлөл шүү гэдгийг албан ёсоор хэлсэн гэсэн үг. Тиймээс ҮБХ-ны гишүүд уг асуудалд нэгдсэн байр суурьтай болсон.

-Намын тэргүүн дэд даргын хувьд олон нийт янз бүрийн байр суурьтай байх шиг байна. Харин танай намын дотоодод тэргүүн дэд даргаа ямар хандлагатай хүлээж авсан бэ?

-С.Баярцогтын хувьд нийгэм ч тэр, Ардчилсан нам ч тэр яг л адилхан байр суурьтай хүлээж авсан. Өөрөөр хэлбэл түүнийг дэмжих хүн намд ч байна, нийгэмд ч байна. Бас муу хэлэх хүн намд ч байна, нийгэмд ч байна. Гагцхүү аль нь илүү давамгай байгааг ард түмэн харж л байгаа байх. Ард түмэн бүгдийг ялгаж салгаж чаддаг. С.Баярцогтыг юу туулж ирсэн, юу хийж бүтээсэн бэ гэдгийг монголчууд бүгд л мэдэж байгаа. Тиймээс энэ хүний хувьд бусдын яриад байгаа шиг хэрэг, төвөгтөн, ял зэмтэй хүн биш л гэж ойлгодог. Хуулиараа ч тэр. Шүүхээс С.Баярцогтыг цагаатгасан. Тиймээс уг хүн маань ямар нэгэн ялтан, гэмт хэрэгтэн биш гэж үзнэ. Ардчилсан нам хүний эрх, эрх чөлөөг тунхагласан нам. Тиймээс нийгмийн үзэмжээр, эсвэл хэсэг хүмүүсийн ятгалгаар хувь хүнийг дүгнэдэг, ялладаг нам биш. Тэр утгаараа үүрэгт ажлаа хийгээд явахад тухайн хүний хувьд асуудал байхгүй гэж ойлгож байгаа. Намын гишүүдийн ихэнх нь ч ийм бодолтой яваа гэдэгт эргэлзэхгүй байна.

-ҮБХ-ны хурлаар намын генсекийг тодруулах асуудал яригдах ёстой байсан. Яагаад уг асуудал хойшлов…?

-Тухайн өдрийн хурлаар намын генсект Эрдэнэболдыг нэр дэвшүүлэх асуудал яригдаж байсан. Гэвч түүний өмнө намын дэд дарга нарын асуудал нэлээд их шуугиантай үргэлжилсэн. Тиймээс хурлын уур амьсгал тийм ч таатай бус байсан учраас уг асуудлыг дараа дахин үргэлжлүүлэн хуралдахаар болсон байгаа.

-Намын жагсаалтын талаар та түрүү нь ярилаа. Ямартай ч энэ олон дэд дарга намын жагсаалтад бичигдэхгүй юм байна гэж ойлголоо. Тэгвэл намын дэргэдэх байгууллагуудын удирдлагууд намын жагсаалтад шууд орж ирнэ. Тиймээс эдгээр байгууллагуудыг авах сонирхолтой хүмүүс танай намд цөөнгүй байгаа болов уу. Асуудлыг та яаж харж байна вэ?

-Яг өнөөгийн цаг үед ид яригдаж байгаа асуудал бол энэ. Намын дэргэдэх гурван байгууллагын удирдлага бүтцийг гаргаж ирэх асуудал ээлж дараатай яригдаж байна. Хамгийн эхэнд эмэгтэйчүүдийн байгууллагын удирдлага, бүтцийг хэлэлцэж байгаа. Тус байгууллага энэ удаагийн хурлаараа ерөнхийлөгчөө сонгох гэж байна. Одоогийн байдлаар тус байгууллагын ерөнхийлөгчид манай намын арав гаруй гишүүн нэрээ дэвшүүлэн өрсөлдөж байна. Мэдээж нам доторх клуб, бүлэглэл, фракцууд төлөөллөө энэхүү сонгуульд нэр дэвшүүлэн өрсөлдөж байгаа.

-АН-ын үндсэн дүрмийн хорооны гишүүний хувьд Эмэгтэйчүүдийн холбооны ерөнхийлөгчид ямар хүн очоосой гэж бодож байна вэ?

-Миний хувьд улс төрийн жиргээ хэмээх контентийг хөтөлж явуулдаг. Уг контентоороо АН-ын дотоодох асуудлыг түлхүү хөндөж ярьдаг. Тэр утгаараа уг контентдоо тус эмэгтэйчүүдийн байгууллагын тэргүүнд сонгогдох гэж буй хүмүүсийн талаар товч тодорхой ярьсан. Хувь хүнийхээ үүднээс тус холбоог нэр цэвэр, намаа мэддэг, намынхаа төлөө сэтгэлтэй хүн болоосой гэж бодож байна. Нөгөөтэйгүүр Ардчилсан нам өөрөө бизнес эрхлэгчдийг дэмждэг, тэдний боломжийг илүү бүрдүүлж өгөхийн тулд бодлого боловсруулан ажилладаг нам. Үзэл бодол нь ч хувийн хэвшлээ дэмждэг нам шүү дээ. Бизнес эрхлэгчдийн эрх ашгийг яаж хамгаалах вэ, тэр дундаа өрх толгойлсон эмэгтэйчүүдийн эрх ашгийг яаж хамгаалах вэ гэдэг утгаараа АН-ын эмэгтэйчүүдийн холбооны ерөнхийлөгчөөр бизнес эрхэлдэг, аж ахуйн зовлон жаргалыг ойлгодог хүн очоосой гэсэн байр суурьтай байна. Өөрөөр хэлбэл өөрөө бизнес хийгээд үзчихсэн, жаргал зовлонг нь ойлгодог эмэгтэй хүн байх хэрэгтэй гэсэн үг.

-Сөрөг намын гишүүний хувьд эрх баригчдын үйл ажиллагаа, бодлого шийдвэрийн талаар ямар байр суурьтай явдаг вэ. Нэг нэгнийхээ хулгайг дуудсан хүмүүс л байх шиг байна гэж олон нийт шүүмжлээд байна шүү дээ?

-Дээрээ хулгай үүрлэчихсэн ийм цаг үед улс орны хөгжил гэж яриад ямар ч хэрэггүй. Хулгайтай тэмцэх асуудал ярих гэж байгаа бол сүүлийн арав орчим жил хэн дангаараа засаглаж байна вэ гэдгээ бодох хэрэгтэй. Тэр утгаараа МАН хулгайтай тэмцэнэ гэдэг бол өөртэйгөө тэмцэнэ гэсэн үг. Өөртэйгөө тэмцэж чаддаг нам мөн үү. Тийм эр зориг МАН-аас гарах уу. Ард түмний хувьд энэ бугшсан хулгайгаас салах асар их хүсэлтэй, хүлээлттэй байна. Энэхүү хүлээлтийг нь эцэс болгож чадах нам нь МАН мөн үү. Гэтэл сүүлийн үед үнэхээр хулгайчдаасаа салах гээд байна уу, үгүй юу гэдэгт ард түмэн эргэлзэж эхлээд байна шүү дээ. Нөгөөтэйгүүр манай нам ч гэсэн хулгайчдаасаа салах шаардлагатай. Мэдээж хулгайч, идэж, уусан хэмжээгээрээ МАН-ын хаана ч хүрэхгүй л байх. Гэхдээ хулгайд их бага гэсэн зүйл байхгүй. Хулгай бол хулгай. Тиймээс бид хулгайчдаасаа салах цаг хэдийнэ тулж ирчихээд байна. Ард түмэн нэг зүйлийг маш сайн ойлгосон байх.

-Юуг ойлгосон гэж…?

-МАН-ынхан хоорондоо эвтэй, үзэл бодлоороо нийлж чаддаг. Үүнд нь ард түмэн итгэж, улс орныг нэгэн сэтгэлээр хөгжүүлээд аваад явчих юм байна гэж бодсон. Үнэндээ МАН-ынхны нэгдэж чаддаг, хоорондоо уралцдаггүйн гол шалтгаан нь хулгай байж. Чимээгүй нэгдмэл бүлэг хамгийн том хулгайг хийдэг гэдэг үгтэй. Харин эсрэгээрээ Ардчилсан нам тал тал тийш харсан эвэрнүүд шиг нийгэмд үзэгддэг. Нэгэнтэйгээ эв түнжингүй, зарчмын асар их зөрүүтэй атлаа Ардчилал гэдгийн дор нэгдэж чаддаг нам. Ардчилсан намынхан хэдэн их наядын хулгай хийх битгий хэл, хэдхэн сая төгрөгийн хулгайгаа ил ярьчихдаг хүмүүс. Тиймээс хүчээ нэгтгэж том хулгай хийсэн намаа дахин сонгох уу, хулгайчдынхаа өөдөөс хүчээ нэгтгэж чаддаг ардчилалтай намыг сонгох уу гэдэг нь ард түмний л мэдэх асуудал.

э.МӨНХТҮВШИН

 

One reply on “Х.Алтанхуяг: Том хулгай хийдэг намыг дахин сонгох уу, хулгайчдын эсрэг хүчээ нэгтгэж чаддагийг нь гаргаж ирэх үү гэдгийг ард түмэн удахгүй шийднэ DNN.mn”

Х.Алтанхуяг гэх энэ залууг чинь овоо зөв юм хэллээ гэсэн чинь бууны нохой байсан бна. Баярцогтыг өмөөрөөд Галиндэвийг шүүмжлээд байгаа энэ новш ер нь өөрөө хэн вэ? Бялдуучилж байгаад бялууны хэлтэрхий долоох санаатай нөхөр гэдэг нь тодорхой бна. Ийм залуучууд Ардчилсан намд гай болно шүү. Баярцогтыг хулгай луйварыг монгол төдийгүй олон улс даяар мэднэ шүү дээ.Манай шүүхийн нөхдүүд аргалж өгсөн болохоос Баярцогт энхийн цагаан тагтаа огт биш. Үүн дээр маргах хүн байдаг юм уу? Оюутолгойн олхиогүй гэрээнээс болоод Монголчууд ядуу амьдарч байгаа шүү дээ. Ардын намын Санжын Баяр гэдэг хулгайчтай хамтарч хийсэн шүү дээ. Бүх асуудал нотлох баримт гэдэг дээр очоод гацсан. Түүнээс биш Баяр ч хулгайч, Баярцогт ч хулгайч. Баталгаагүй үнэн бол энэ шүү. Даанч шүүхийн зарчим баталгаа нотолгоо нэхээд байгаад учир нь байгаа. Гэхдээ энэ нөхрийн хэлсэн хулгайч Ардын намыг уу? Энхийн цагаан тагтаа биш ч гэсэн Ардчилсан намыг сонгох уу? гэдгийг ард түмэн мэднэ гэдэгтэй санал нэг бна. Монгол түмний минь заяа буян их учраас ганц зөв сонгол Ардчилсан тал руугаа сонголтоо хийнэ гэдэгт найдаж сууна даа.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *