Categories
гадаад мэдээ

Казахстан даяар онц байдлыг цуцалжээ

БНКУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Жалгас Адилбаев өчигдөр сэтгүүлчидтэй уулзаж Казахстан дахь нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ. Тэрбээр, “Хийн түлшний үнийг хоёр дахин нэмэгдүүлсэн шийдвэрийг иргэд эсэргүүцэж энэ сарын 2-ноос эхлэн Жанаөзен хотод жагсаал цуглаан өрнүүлж эхэлсэн. Ерөнхийлөгч болон ерөнхий сайдын зүгээс энэ асуудлыг анхааралдаа авч Улсын комисс байгуулсан. Улсын комиссын шийдвэрээр нэгдүгээр сарын 2-4-ний өдрүүдэд иргэдийн тавьсан шаардлагыг бүгдийг нь хүлээн авч, үйл ажиллагаагаа хэрэгжүүлж эхэлсэн. Нэгдүгээр сарын 5-6-ний өдрүүдэд жагсаал хурцдаж Алматан болон Казахстаны томоохон хотуудад үймээн самуун дэгдэж жагсаал хүндэрсэн. Анх хууль хүчний байгууллагууд ямар нэгэн зэвсэг ашиглаагүй, жагсаалыг эсэргүүцээгүй. Казахстанд болсон үйл явдал нь урт хугацаанд бэлтгэгдсэн ямар нэгэн гэмт бүлэглэлүүд тайван жагсаалыг ашиглаж стратегийн объектуудыг сүйтгэх, дэлгүүрүүдийг тонох зэрэг үймээн самуун дэгдээсэн. Жагсагчдын анх тавьсан Засгийн газрыг огцруулах шаардлагыг биелүүлчихээд байхад зэвсэгт этгээдүүд үүнийг хүлээж авалгүй байдлыг улам хурцдуулсан. Бослого үймээний улмаас 4578 хүн хохирсны дотор 4353 нь гэмтэж бэртсэн.

Үүний 78 хувь нь буюу 3393 нь хууль сахиулах байгууллагын ажилчид байсан. Энэ сарын 1-17-ны хооронд нийт 225 хүн амиа алдсаны 19 нь цагдаа, цэргийн алба хаагч байсан гэдгийг Казахстан улсын Прокурорын байгууллага мэдээлсэн. Одоогийн байдлаар Казахстан улсад шинэ Засгийн газар байгуулагдан үйл ажиллагаа явуулж байна. Шинэ Засгийн газар эдийн засгийн хэвийн байдлыг хангах, үнийн өсөлтөд хориг тавих арга хэмжээг хэрэгжүүлж байна. Казахстан улсад хөрөнгө оруулагчид болон дипломат төлөөлөгчийн газруудыг хамгаалах, олон улсад хүлээсэн үүргээ бүрэн хэрэгжүүлсэн. Одоогоор харилцаа холбоо, агаарын тээвэр, төмөр зам зэргийн ажиллагаа хэвийн үргэлжилж байна. Одоо хууль сахиулах байгууллага болон Улсын комисс хамтран гэмт хэрэгтнүүдийг тодорхойлох ажлыг хэрэгжүүлж байна” гэв. Мөн тэрбээр “хүнд хэцүү цаг үед Монголын төр, засгаас холбогдож сайн сайхан цаг ирнэ гэж урам өгч, сэтгэлийн дэмжлэг үзүүлсэн монголчууддаа баярлалаа. Монгол-Казахстан бол найрсаг харилцаатай ойр дотно хөрш орнууд. Ижилхэн нүүдэлчин соёлтой ард түмэн. Монголын нийт ард түмэнд ЭСЯ-ны ажилтнууд болон өөрийн зүгээс талархал илэрхийлье” гэв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *